Зимбабвегийн улс төрийн зөрчил хямрал буун дуу гаргахад хүргэж байна
Зимбабвегийн улс төрийн зөрчил хямрал буун дуу гаргахад хүргэж байна. Нийслэл Хараре хотод цэргүүд ирж, лхагва гарагт дэлбэрэлт, буун дуу гарсныг хэвлэлүүд мэдээлж байна.
Энэ явдлаас өмнөхөн Зимбабвегийн армийн жанжин генерал Константино Чивенга, Ерөнхийлөгч Роберт Мугабегийн удирддаг эрх баригч намынхныг цэвэрлэж дуусгана гэж мэдэгдсэн байна.
Зимбабвет үүсээд байгаа улс төрийн хямрал нь тус улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе, дэд ерөнхийлөгчөө халсантай холбоотой. Дэд ерөнхийлөгч асан Мнангагва нь 93 нас зооглоод байгаа Зимбабвегийн ерөнхийлөгч Мугабег залгамжилж дараагийн ерөнхийлөгч болох өндөр магадлалтай байсан. Гэвч түүнийг өнгөрөгч 7 хоногт итгэл эвдэж, төрийн эргэлт хийхийг оролдсон гэдэг шалтгаанаар халсан учраас одоогийн ерөнхийлөгчийн эхнэр Грейс Мугабе Зимбабвегийн дараагийн ерөнхийлөгч болох боломж бүрдээд байгаа юм.
Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарын хагарал одоо Мугабегийн тэргүүлдэг эрх баригч намыг талцал хуваагдалд хүргээд байна. Харин Зимбабвегийн армийн жанжин, генерал Константино Чивенга нь ерөнхийлөгч Мугабег дэд ерөнхийлөгчөө халснаас хойш түүний шийдвэрийг эсэргүүцэн тэмцэлдэх болсон.
Улмаар улс төрийн хямрал зөрчил газар авч, цэргийн дарга эрх баригч намынханд цэвэрлэгээ хийж дуусгахад бэлтгэж байгаагаа мэдэгдэж, зэвсэглэсэн танкууд цэрэг хүчнийхэн Хараре хотын гудамжинд гараад байна. Лхагва гарагт ерөнхийлөгч Мугабегийн ордны ойролцоо буун дуун сонсдсон тухай гэрчүүд мэдээллээ.
Гэвч одоогоор цэргүүд ямар зорилготой болох нь тодорхойгүй байна гэж хэвлэлүүд бичиж байна. Эгэл жирийн иргэдийг цэргийнхний үйлдлээс айж болгоомжлох хэрэггүй гэж эх сурвалжууд хэлж байгаагаас гадна цэргүүд зөвхөн хамгаалах зорилготой гэж мэдээлж буй юм байна.
URL: