ХУВИЙН СУРГУУЛИУД АМАНДАА ОРСОН ӨНДӨР ТӨЛБӨР ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭС НЭХЭЖ ДАРАМТАЛСААР БАЙХ УУ?
Монголд хувийн сургуулиуд шиг хэт даварсан, хэмжээгүй эрх дархтай байгууллага боловсролын салбарт лав байхгүй. Төр болон эцэг, эхчүүдээс мөнгө “саадаг” тэднийг тархин дээрээ гаргачихаад, номхруулж чадахгүй яваа гэхэд хилсдэхгүй. Үүний уршгийг улсын ирээдүй болсон хүүхэд багачууд амсаж байгаа нь харамсалтай. Манайд нэр хүндтэйд тооцогддог Үй Цай бүрэн дунд сургууль хичээлийн жилийн сургалтын төлбөртөө хүү бодож байгаа нь эцэг эх, хүүхдүүдэд дарамт учруулах болжээ.
Тус сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр гурван сая 500 мянган төгрөг. Үүнээс алданги тооцож дөрвөн сая 217 мянган төгрөг төлөхийг зарим эцэг эхээс шаардсан байна. Хэрэв төлөөгүй тохиолдолд хүүхдийг нь хичээлээс чөлөөлөхийг сануулсан мэдэгдэх хуудас хүргүүлж байгааг эцэг эхчүүд өөрийн цахим хуудсандаа ч нийтлэхээс айдаг гэнэ.
Хүүхдээ өндөр төлбөртэй сургуулиас гаргаад өөр сургуульд шилжүүлнэ гэхээр заавал сургалтын төлбөрийнхөө талыг нь төлсөн байх ёстой гэж шаарддаг байна. Гэтэл хувийн сургуулиуд сургалтын үйл ажиллагаагаа норм стандартын дагуу хэвийн явуулахад хэдэн төгрөг шаардлагатай байдаг, зардал нь хэр байх вэ, дээр нь ашгаа нэмж тооцоход төчнөөн төгрөгийн төлбөртэй байвал зохих юм байна гэдэг баримжаа, тооцоо судалгаа манай улсад өнөө хэр байхгүй. Тиймээс л хувийн сургуулиуд амандаа орсон төлбөр аав, ээжүүдээс нэхэж байгаад анхаарал хандуулах цаг болжээ.
URL: