Жессика Альба: Тэр бол зүгээр л өсвөр насны алдаа
Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Жессика Альба “The Hollywood Reporter” сэтгүүлд өөрийн амьдралын тухай илэн далангүй ярилцлага өгчээ.
Түүнийг Холливудад анх хөл тавих үед таагүй мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа гарах болсон. Харин тэрбээр өнгөрсөн амьдрал, таагүй мэдээллийн тухай юу гэж ярьсныг доорхи ярилцлагаас уншина уу.
-Юуны түрүүнд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Зул сарын баяраа яаж тэмдэглэх гэж байна?
-Панама явж гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэнэ. Зул сарын баяраар ээж маань бялуу хийж, цацагт хяруулын мах шардаг. Үнэхээр амттай. Энэ баярыг хүүхэд байхдаа хүлээдэг байсан нь ээжийн маань гарын хоолтой холбоотой /инээв/. Аав маань заримдаа ээжид тусалдаг ч олигтой нэмэр болж чаддаггүй юм шиг байна билээ. Тийм болохоор баярын дараа аяга таваг угаах ажил л аавд үлддэг юм.
-Холливудын найзуудтайгаа цуг тэмдэглэнэ биз дээ?
-Үгүй байх. Найзууд маань өөрсдийн гэр бүлтэйгээ тэмдэглэнэ. Өнгөрсөн оны Зул сарын баярыг найзуудтайгаа өнгөрүүлсэн ч миний санасанд хүртэл сайхан байж чадаагүй. Эргээд бодоход надад тэгж бодогдох нь аргагүй байсан юм билээ. Учир нь тэд миний гэр бүл биш шүү дээ.
-Санаанд чинь хүрээгүй ч гэсэн Рэй Таныг баярлуулсан гэж сонссон?
-Тэр сайхан залуу баярлуулж байхад ямар ч хүний сэтгэл хөдөлнө биз дээ.
-Тэгэхээр Та Рэйг бас сонирхдог байх нь ээ?
-Үгүй тийм биш. Сэтгүүлч та нар хүний үгийг мушгихдаа сайн улс шүү /инээв/. Тэр зүгээр л миний сайн найзуудын нэг. Угаасаа надад таалагддаггүй. Харин миний Каш бол өөр хэрэг шүү.
-Уучлаарай энэ асуулт Танд жаахан эвгүй санагдаж магадгүй. Дунд сургуульд байхдаа ижил хүйстнээ сонирхож байсан гэл үү?
-Тэр зүгээр л өсвөр насны алдаа байсан. Өсвөр насны хүүхдийн биед өөрчлөлт явагддаг. Тэгээд л ижил хүйстнээ сонирхох ёстой юм байна гэж боддог болсон. Гэхдээ ухаан суугаад тэр бодол үгүй болж одоо жирийн эмэгтэй болчихсон байгаа биз дээ.
-Өсвөр насны алдаа чинь удаан үргэлжилсэн үү?
-За даа бараг гурван жил орчим. Их хугацаа гэдгийг мэдэж байна. Ижил хүйстнээ сонирхдог зарим хүн ийм хугацаанд энгийн хүн шиг болж чаддаггүй. Харин би бол өөр байсан. Ижил хүйстнээ сонирхох хэрэгтэй гэж боддог байсан минь өөрчлөгдсөн. Хэрэв өөрчлөгдөөгүй бол өдийд хаана, хэнтэй амьдарч байгааг төсөөлөхөд бэрх.
-Найз залуутайгаа хэрхэн танилцаж байв. Энэ их сонин түүх гэж Каш ярьж байсан нь сонирхолтой санагдсан?
-“Гайхалтай дөрөв” кинонд тоглож байхад Каш найруулагч Тим Сторигийн туслахаар ажиллаж байсан юм. Жүжигчид түүнийг техникийн ажилтан гэж боддог байсан. Харин Сан Диегогийн зураг авалт дууссаны дараа гоо сайхны салон уруу явж байсан чинь машин маань эвдэрчихсэн. Би найруулагч уруу ярьж машин явуулахыг шаардсан. Над уруу явуулсан машины жолооч нь Каш байсан юм. Бид авто замын түгжрэлд нэлээд цагийг өнгөрүүлэхдээ бие биеийнхээ тухай олон зүйлийг олж мэдсэн.
-Түүний юу нь таны сэтгэлийг татав. Бүсгүйчүүд түүнийг тачаангуй гэж ярьж байхыг олон удаа сонссон юм байна?
-Тэр үнэхээр гайхалтай залуу. Бас тачаангуй. Бүсгүй хүний сэтгэлийг татахын тулд цонхон доор нь цаг үргэлж дуулж, сарнай шиддэг Испаничуудын зан байдаг даа. Тэр яг л тийм хүн. Намайг үргэлж баярлуулдаг нь гайхалтай, бас дур булаам.
-Каштай нийлэхээс өмнө баячуудтай багагүй нэр холбогдсон. Тэд Танд яаж ханддаг байсан бэ?
-Олны танил болж, сурталчилгаанд тоглодог болсноос хойш хэн хүнгүй л намайг гэх болсон. Баян эрчүүдтэй хэд хэдэн удаа уулзаж байсан. Гэхдээ надад таалагдаагүй. Зарим бүсгүй Холливудад нэр нөлөөтэй болохын тулд баян эртэй уулзаж, учирдаг. Бүр нэг оронд орох ч тохиолдол байдаг. Зөвхөн би үүнийг яриад байгаа юм биш. Миний өмнө Холливудын сайхан хүүхнүүдийн нэг Жулия Робертс нэрд гарахын тулд найруулагчтайгаа учир ургуулж байсан тухай өөрөө ярьсан шүү дээ.
-Таны энэ яриаг сонсоод Жулия шүүхэд өгвөл яах вэ?
-Тэр тийм тэнэг эмэгтэй биш. Тэгээд ч би түүний нууцыг олон нийтэд дэлгээгүй. Өөрийнх нь ярьсныг л ярьж байна.
-Баячуудын тухай яриандаа эргээд орох уу?
-Аа нээрээ тийм /инээв/. Миний анзаарснаар мөнгөний гэрлэлт амьдрал болдоггүй юм шиг билээ. Ийм аргаар гэрлэсэн бүсгүйчүүд олны анхаарлын төвд байж, баян эрчүүдээс их хэмжээний мөнгө салгах гэж л гэрлэдэг. Хүслээ гүйцээсний дараа тэд салаад л явдаг шүү дээ. Харин надад энэ байдал огтхон ч таалагдаагүй.
-Та алдартнууд олноор цугладаг шөнийн цэнгээний газар тайчдаг байсан. Мэдээж энэ нь нэр хүнд олохын төлөө байсан биз дээ?
-”Унтаж буй толь бичиг” кинонд тоглохоос өмнөх явдлыг ярьж байх шиг байна. Тиймээ би нэр хүнд олох гэж л тайчдаг байсан. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй. Миний тайчдаг байсан шөнийн цэнгээний газраар алдартай найруулагчид үйлчлүүлдэг. Холливудад хөл тавьж буй эмэгтэйчүүд иймэрхүү замыг сонгож од болох эхлэлээ тавьсан байдаг.
-Таныг дөнгөж олны танил болж эхлэхэд тайчигч, биеэ үнэлэгч гэж хэвлэлүүд бичдэг байсан?
-Гэнэт л шаргал үстэй нэг бүсгүй Холливудад орж ирэхэд таагүй хүлээж авсан олон хүмүүс байсан. Тэр хүмүүсийн нөлөөгөөр миний өнгөрсөн амьдралын тухай зарим нэг хэвлэлүүд худал мэдээлэл их цацсан шүү дээ. Тэр бүгдийн эсрэг би юу ч яриагүй. Би энэ алхмаа зөв шийдвэр болсон гэж бодож байгаа. Хэрэв би биеэ үнэлдэг байсан бол өдийд энэ зэрэгтэй амьдрахгүй.
-”Син сити” кинонд тоглохоор болсныг Фрэнк Миллертэй янаг амрагийн холбоотой байсантай чинь холбож яриад байх юм?
-Ихэнх хүн Таны хэлснээр намайг боддог. Үнэндээ Та ч гэсэн надтай уулзахаасаа өмнө намайг бусад хүмүүс шиг бодож байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Фрэнк бол чадварлаг найруулагч. Түүнээс би их зүйлийг сурч мэдсэн. Гэхдээ бидний дунд янаг амрагийн холбоо, сүлбээ гэх юм юу ч байгаагүй. Би түүний өвөрт орсон бол амиа хорлоно.
-Яагаад?
-Фрэнк надтай нэг оронд орсон гэж олон удаа ярьсан. Ер нь Холливудын алдартай эмэгтэйчүүд биеэ үнэлэгч байсан гэдэг буруу ойлголт олны дунд тарсан. Энэ яриаг бий болгоход гол нөлөө үзүүлж байгаа хүмүүс нь кино найруулагчид байдаг. Өөртэй нь хувийн харилцаа тогтоогоогүй хэн нэгэн эмэгтэй жүжигчнийг тэд зүгээр л биеэ үнэлэгч болгоод хувиргачихдаг.
-Одоо тоглох киноныхоо тухай яриач?
-Надад энэ кинонд тоглох саналыг найруулагч Роберт Родригез тавьсан. Энэ киног урьд нь цуврал хэлбэрээр уншиж байсан. Дараа нь кинонд тоглож эхлэхэд Роберт надаас янз бүрийн чадварыг шаардсан. Заримдаа “Роберт чи юу хийгээд байна аа” гэж хэлэхэд хүрдэг байлаа. Харин тэр надад “Чи өөрийнхөө олон чадварыг гаргах хэрэгтэй. Тэгвэл энэ кино амжилт олно” гэсэн. Түүний хүссэнээр жүжигчид ажилласан нь кино амжилтад хүрэхэд нөлөөлсөн. Роберт энэ бүгдэд сэтгэл хангалуун үлдсэн.
-Холливудын “хатуу самар”-уудын нэг Брюс Уиллс энэ кинонд тоглосон. Та хоёр яг л эхнэр, нөхөр шиг үнэхээр тачаангуй байсан. Иймэрхүү үзэгдлийн зургийг авахад хэцүү юу?
-Миний хувьд амаргүй байсан. Яах ч учраа олохгүй маш их сандарсан. Гэхдээ Нэнси олон зүйлийг зааж сургасан. Ихэвчлэн Брюс туршлагаасаа хуваалцаж, ийм үед дур тачаалдаа автчихалгүй сэтгэлээ барих тал дээр нөхөрсөг зөвлөгөө өгдөг байсан. Зарим үзэгдлийг түүний тусламжгүйгээр давахад хэцүү байсан шүү.
-Таны тоглосон дүрүүд ихэвчлэн эрх охин эсвэл ахимаг насны эрийн нууц амраг болсон байдаг. Харин танд тоглох хүсэлтэй дүр байдаг уу?
-Ажил хэрэгч эмэгтэйн дүр. Бас рок од. Гитартайгаа өндрөөс өндөрт үсрээд л… Заримдаа дуурийн дуу дуулмаар санагддаг юм. Гэвч хоолой маань өчүүхэн шүү дээ /инээв/. Би хэзээ ч дуучин болох тухай бодож байгаагүй ч цомог гаргахыг хүсдэг. Энэ зүгээр л миний мөрөөдлийн нэг хэсэг л дээ. Хүн болж төрсний хувьд мөн дээрээс нь Холливудын жүжигчний хувьд нэг цомог гаргах нь зүйтэй.
-Илэн далангүй ярилцсан Жессикад баярлалаа. Чамд болон Кашт аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Холливудын киног үздэг бүх хүмүүстээ хайртай шүү. Миний хэлэх дуртай үг байдаг юм. Түүнийгээ та нартаа зориулъя. Амьдралын үнэнийг хүнээс хайхаар амжилтын амтыг өөрөөсөө мэдэр.
“Shanghai daily” цахим сэтгүүлээс орчуулав.
Р.Оюунгоо
URL: