Бусдыг баяжуулсан хувьцаа биднийг яагаад ядууруулдаг вэ
Монголчуудад 27 жилийн өмнөөс хувьцаа гэдэг үг сонсогдож эхэлсэн. Эрдэнэс Таван толгойн 1072 ширхэг хувьцааг иргэдийн нэр дээр бичснээр бүр их танил болсон. Нэгэн хэлний мэргэжилтний тайлбараар бол монгол хэлэнд хувь, хишиг гэдэг үг байдаг. Түүнээс хувьцаа гэдэг үг үүсэлтэй аж. Хувь гэдэг нь авах ёстой хэсэг. Хишиг гэдэг нь сайн дураар хүртээх бэлэг бололтой юм. Намууд сонгуулийн өмнө хувь, хишиг хүртээхээр уралдаж байсан. Хувийг тогтмол хүртэх боломжтой бол хишгийг нэг удаа, тэр бүү хэл хүртэхгүй ч байх магадлалтай.
Эндээс хувьцаа гэдэг үгний утга ойлгогдоно. Та аливаа зүйлд хөрөнгө оруулсан бол түүнийхээ ашиг шимийг хүртэх эрхтэй. Харин хэдий хэмжээгээр ашиг хүртэх баталгаа нь ихэнх тохиолдолд цаасан хэлбэрээр баталгаажсан хувьцаа болно. Жишээлбэл Дорж, Дондог та гурав нийлж машин худалдаж авлаа гэж бодъё. Та машины үнийн 40 хувийг харин Дорж, Дондог нар тус бүр 30 хувийг гаргасан. Тэр машинаараа тээвэр хийж орлого олно. Тодорхой хугацааны дараа тээвэр хийсэн зардлаа хасахад ашиг үлдэнэ. Та ашгийн 40 хувийг хоёр хамтрагч чинь үлдсэн мөнгийг хувааж авна. Ингэж та оруулсан мөнгөний хэмжээгээр ашиг хүртэнэ. Энэ нь оруулсан хувиа авч байгаа хэрэг бөгөөд авах эрхийг баталгаажуулсан алга дарам цаасыг хувьцаа буюу үнэт цаас гэж нэрлэдэг.
ЯГААН, ЦЭНХЭР ТАСАЛБАР
Хувьцааны тухай ойлголт социализмын үеийнхэнд тийм шинэ зүйл биш. Тухайн үед хөрөнгөтөн улсын зохиолч Т.Драйзерын “Санхүүч”, “Мундаг эр”, “Гудиггүй эр”, Э.Золягийн “Мөнгө” зэрэг романууд монгол хэлнээ орчуулагдсан байсан. Мэдээж тэр номыг зах зээлийн эдийн засгийн зүрх болсон бирж, хувьцаа зэргийг ойлгуулах гэж олон нийтэд хүргээгүй. Мөн “Монте Кристо гүн” зохиолд ч хувьцаагаар хүмүүсийн амьдралыг сүйрүүлж байгаа тухай гардаг. Дээрх зохиолууд нь хөрөнгөтний нийгмийг харгис гэдгийг харуулах зорилгоор орчуулагдсан гэдэг. Гэхдээ дээрх зохиолуудыг одоо ч уншсан бирж, хувьцааны учрыг олоход амархан.
Монголчуудын байгуулж байсан социализмын материал техникийн бааз 1990-ээд оны дундуур нуран унав. Энэ нь хэн нэгэн дотоодын хорлон сүйтгэгчээс болоогүй юм. Биднийг тэжээдэг ЗХУ задран унаснаас болсон хэрэг. Тухайн үед Хятадтай нийгмийн харилцаагүй, зөвхөн ОХУ-тай л харьцдаг байсан тул саалийн үнээ биднийг тэжээх нь бүү хэл өөрсдийгөө тэжээхэд хэцүү болсон. Энэ цагт үйлдвэрүүд зогсч, иргэд ажилгүй болж, цахилгаан тасарч, картын бараанд хязгааргүй дараалал үүсчээ. Нийслэлд талхны дараалалд нэг хүн нас барж, хөдөөд картын нэг шил архиа авах гэж агент руу давхиж явсан залуу осолдсон байдаг.
Д.Бямбасүрэн тэргүүтэй Монголын анх удаа олон намаас бүрдсэн Засгийн газар энэ асуудлыг шийдэх үүрэг хүлээв. Тухайн үед инженерийн байгууламжтай хувийн орон сууц, мал, дэлгүүр бүгд улсынх. Монголын хэмжээнд 100 хүрэхгүй хувийн машин, 100 хүрэхгүй мотоцикль байжээ. Байгаа үйлдвэрүүд нь зогссон, иргэд нь өмчгүй. Тэжээгчээ алдсан, гар хоосон Засгийн газарт туслах хэн ч байсангүй. Монголчуудад цахилгаан, түлш дутагдаж үндсэндээ гурил, махнаас өөр бүтээгдэхүүн үлдсэнгүй.
Яг энэ үед барууныхан Монголын Засгийн газрын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байсан гэдэг. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкер айлчлав. Тэрээр хувьдаа машин бүү хэл мал байхгүй монголчуудыг хараад гайхшаа барж байсан гэдэг. Харин Монголын Засгийн газар адил зовлонд унасан бусад социалист орнууд хожим нь хэрэглэсэн, түүхэнд анх удаа төрийн өмчийг хувьчлах арга олжээ.
Тэр нь тэг зогсолт хийсэн үйлдвэрүүд, багахан хэмжээний үйлчилгээний газрууд, малыг иргэддээ үнэгүй хувьчлах арга байв. Түүнийгээ хэрэгжүүлэх гэж ягаан, цэнхэр тасалбар хэвлэв. Иргэн бүр олгосон энэ тасалбарын үнэ нийтдээ арван мянган төгрөг. Цэнхэр тасалбар нь долоон мянга, харин ягаан тасалбар нь гурван мянган төгрөгний үнэтэй. Үйлдвэр, аж ахуйн нэгж, тоног төхөөрөмж, мал бүгд улсаас тогтоосон үнэтэй. Ямар иргэн тэгш эрхтэйгээр энэ үнэнд дүйцүүлж, аль нэгэн үйлдвэрийн хувьцааг авах, мөн мал жижиг үйлчилгээний газрыг авах эрхтэй. Ягаан тасалбараар малчид малаа үнэгүй авсан.
Хот суурин газрынхан харин авах эрхгүй. Цэнхэр тасалбараар хот, хөдөөгийн ялгаагүй ямар ч үйлдвэрийн хувьцаанаас 70 ширхгийг үнэгүй авсан. Мөн ихэнх жолооч нар өөрсдийн эзэмшиж байсан техникээ давуу эрхтэйгээр авсан байдаг. Эндээс харахад малчид ягаан тасалбараар мал авчихаад, том тасалбараараа үйлдвэрүүдийн хувьцааг авч давуу эрх эдэлсэн. Хожим нь нийслэлчүүд орон сууцаа үнэгүй авч бүр том давуу эрх эдэлсэн.
Гэхдээ бүгд тэгш эрхтэйгээр өмчтэй болсон. Тухайн үед хэний ч халаасанд мөнгө байхгүй байсан тул олон иргэд хувьцаагаа зарсан гэдэг. Өнөөгийн том компанийн захирлууд ганзгаар мөнгө хийж тэр хувьцааг мөнгөжүүлсэн байдаг. Энэ нь өнөөгийн том компаниудыг төрүүлжээ. Тухайн үедээ хувьцааны хүчээр 5000 хүрэхгүй аж ахуй нэгжтэй байсан Монгол улс 1994 онд 350 шахам мянган хувийн компани бүртгүүлжээ. Тухайн үед цэнхэр тасалбараар авсан арав шахам тэрбум төгрөгийн хувьцаа, ашигтайгаа эзнээ хүлээгээд хувьцаа ашигтайгаа “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-д хэвтэж л байгаа аж.
ӨНӨӨДРИЙН ХУВЬЦАА
Өнөөдөр Монголын хөрөнгийн биржид 228 хувьцаат компани бүртгэлтэй. Үүнээс төрийн өмчит ба төрийн өмчийн оролцоотой 34, хувийн өмчийн 175 хувьцаат компани байна.
Мөн эдгээр компаниудаа Монголын хөрөнгийн биржийн I, II, III гэж хуваадаг юм байна. Хувьцааны бүртгэлийн I ангилалд бүртгүүлэх үнэт цаас гаргагч дараах нөхцөл, шалгуур хангасан байна.
S Үнэт цаасыг арилжаанд оруулах өдөр тус компанийн зах зээлийн үнэлгээ нь 5.000.000.000 /таван тэрбум/ төгрөгөөс дээш байх.
S Үнэт цаас гаргагчийн гаргах нийт хувьцааны 25-аас доошгүй хувийг олон нийтэд санал болгосон байх, эсвэл тухайн компанийн хувьцааны хагас жилд арилжигдсан үнийн дүн нь биржээр арилжаалагдсан хувьцааны нийт арилжааны үнийн дүнгийн таван хувиас доошгүй байх.
S Үнэт цаас нь биржээр хоёроос доошгүй жил арилжигдсан байх.
Дээрх болзлыг АПУ, Говь, Дархан нэхий, Махимпекс, Мик холдинг, Монгол шуудан, Сүү, Таван толгой, Талх чихэр компаниуд хангажээ.
Хувьцааны бүртгэлийн II ангилалд бүртгүүлэх үнэт цаас нь
S үнэт цаасыг арилжаанд оруулах өдөр тус компанийн зах зээлийн үнэлгээ нь 1 000 000 000 /нэг тэрбум/ төгрөгөөс дээш байх.
S Үнэт цаас гаргагчийн гаргах нийт хувьцааны 15-аас доошгүй хувийг олон нийтэд санал болгосон байх шаардлага хангасан байх ёстой гэнэ. Энэ зэрэглэлд 39 компани бүртгэлтэй.
Хувьцааны бүртгэлийн III ангилалд 170 компани бүртгэлтэй. Монголын хөрөнгийн биржийн нэг өдрийн гүйлгээ хэрхэн явагдсан талаар арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар сонирхлоо.
Энэ өдөр 70 шахам сая төгрөгийн 107 мянган хувьцаа тус биржээр зарагджээ. Бусдаасаа арай дөнгүүр 20 компанийн индексийг Монголын хөрөнгийн биржийн “ТОП 20” индекс гэж нэрлэнэ. Энэ индекс тухайн өдөр 20936.33 төгрөгт хүрч 59 мөнгөөр өссөн байна. Мөн энэ өдөр хамгийн их арилжигдсан үнэт цаас бол АПУ-гийн 36759, Сүү-гийн 24830 ширхэг хувьцаа. Харин АПУ арилжсан хувьцаанаасаа 27 сая төгрөг, Говь 13 сая төгрөг олж орлогоороо тэргүүлжээ.
Бүхэл бүтэн улсын 20 гаруй жил ажилласан хөрөнгийн биржийн гүйлгээ өрийн 30 хүрэхгүй мянган доллар. Жилдээ зургаа орчим сая долларын гүйлгээ. Харин манай эдийн засаг арван тэрбум доллар. Биржийг Монголын эдийн засагтай харьцуулбал сагсан бөмбөгийн дэргэдэх шар будаа л харагдана.
Эндээс яагаад биржийг иргэд тоодоггүй вэ гэсэн асуулт гарна. 2016 оны ногдол ашигт АПУ компани нэг хувьцаанд нэг төгрөгийн ашиг хуваарилсан байна. Харин Ариг гал гэдэг компани нэг хувьцаандаа 17 мянган төгрөг олгожээ.
БУСДЫГ БАЯЖУУЛДАГ ХУВЬЦАА БИДНИЙГ ЯАГААД ЯДУУРУУЛДАГ ВЭ
Өндөр хөгжилтэй орны иргэдийн томоохон орлогын эх үүсвэр хувьцаа байдаг тухай америк эр ярьж байсан. Япончууд хувьцаатай байх нь нэр төрийн хэрэг гэж үзнэ. Учир нь тэд эх орныхоо үйлдвэрүүдийн хувьцааг авснаа эх оронч үзэл гэж бахархана. Сүүлийн үед өмнөд хөршид хөрөнгийн зах зээл маш эрчимтэй хөгжиж байгаа тухай мэдээ бий. Хятадын Засгийн газар “Нэг зам нэг бүс” хөтөлбөрийн хүрээнд их хэмжээний хөрөнгө оруулалтыг дэлхийгээр цацаж эхэлсэн. Зах хязгаар орон нутгууддаа түүнээс дутуугүй хөрөнгө гаргахаа сая болсон их хурлаараа зарлалаа. Хятадууд 2018 онд тээврийн дэд бүтцэд 720 гаруй тэрбум доллар зарцуулна. Энэ бүхнийг харахад хятадууд хуурамч доллар хэвлээд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Үнэн хэрэгтээ хятадууд арван жилийн өмнөөс хөрөнгийн биржийн ашгийг хүчтэй сурталчилж эхэлсэн. Зарим оюутны хэлснээр хэд хэдэн уран сайхны кино хийсэн гэнэ. Гэхдээ үүний зэрэгцээ компанийн захирлуудад хатуу шаардлага тавьсан байна. Өнөөдөр авилгын хэрэгт шалгагдаж байгаа цөөнгүй захирлууд хувьцааны хуурамч гүйлгээ хийсэн. Төрийн компаниудын банкнаас авсан зээлийг шалгахаас гадна алдагдалтай ажилласан компаниудын захирлыг зайлуулахаас гадна компаниудыг хувьчлах шийдвэр гаргаж байна. Харин дэлхий нийтийн анхааралд орж ирсэн Энэтхэгийн удирдагч төрөөс хувийн компаниудад үзүүлэх дарамтыг эрс бууруулж чаджээ. Дээрх том гүрнүүд ийнхүү арга хэмжээ авснаар компаниудын захирлуудад эрх чөлөө олгоно. Хариуд нь тэд санхүүгийн сахилга батаас гадна хөрөнгө оруулагчийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлнэ.
2016 онд Монголд 30 хүрэхгүй хувьцаат компанийн ашиг хуваарилсан тухай мэдээ байна. Ашиг хуваарилахаас гадна олигтой мэдээлэл байхгүй олон компани бий. Гэтэл хуулиараа хувьцаа гаргасан бол мэдээлэл нь олон нийтэд ил байх ёстой. Тайлан байхгүй компанийг юу хийж байгааг хэн ч мэдэхгүй. Сүүлийн үед охин компани байгуулж ашиг орлогоо бууруулах арга дэлгэрсэн байж болзошгүй гэнэ. Санхүүгийн луйвар хийдэг энэ арга олон жилийн өмнөөс баруунд дэлгэрсэн ч өнөөг болтол дарагдаагүй аж. Төрийн баахан компаниуд алдагдалтай гэж эрх баригчид халагладаг. Дээр нь хувьцаагаа зарчихсан компаниудыг том хувьцаа эзэмшигчид нийлж жижгүүдээ дээрэлхдэг гэнэ. Тэд компанийнхаа ашгийг нууж охин компанидаа шилжүүлэх замаар ашгаа тайландаа бууруулна. Цалин, урсгал зардлаа зохиомол компаниасаа зээл болгож авна. Ашгаасаа эргүүлж төлсөн хэлбэрээр тайландаа тусгана. Ийм компаниудтай, ийм биржтэй, ийм төртэй байхад зах зээлийн цохилох зүрх болсон үл хөдлөх хөрөнгийн зах зээл босохгүй, бас үр шимийг хүртэхгүй. Социализмын материал техникийн баазаа яриад ирэх арвантай золгоно.
Х.БАТТӨГС
URL: