Дэгддэг Лхамыг дэлхий барахгүй нь

П.Лхамдэгд дахиад аваргаллаа. Олон улсын жудо бөхийн холбооны төлөвлөгөөнд тусгагдсан цувралуудад түүн шиг амжилт үзүүлж буй тамирчин манайхан дунд одоогоор алга. Өрсөлдөгчдөө далаар нь цэвэр тавьж хаячихаад л гараа зангидаж хашгирч босч ирээд үнэхээр сүртэй наадаж байна, дэлхийн дэвжээнд.

Тэрээр өнгөрсөн хавар Германы Дюссельдорфын “Гран при”, Чехийн Прагад болсон “Дэлхийн цом”-д  алтан  медаль хүртэж барууныханд Монголын эмэгтэй жүдочийн эр бярыг нударга зангидаж үзүүлчихээд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тивийнхээ бөхчүүдийг илт давуу буулган авч алтан медаль зүүсэн. Тэгээд эх орондоо зохиогдсон “Чингэс хаан” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртээд сая хэдхэн хоногийн өмнө Голландын Амстердамын “Гран при”-д түрүүллээ. Тамирчин хүний хувьд нэг жилийн дотор олон улсын чанартай тэмцээнүүдэд ийм өндөр амжилт үзүүлнэ гэдэг тэр бүр тохиогоод байдаг зүйл биш шүү.

Жүдод эмэгтэйчүүдийн 78 кг-ын жин бол том жин. Энэ жинд барилддаг бүсгүйчүүд арал чяцаараа бусдаас ялгагдаж, хийж буй мэх нь даацтай харагдаад байдаг юм. П.Лхамдэгдийн хувьд бөх хүнд байх шинжүүдийг агуулсан тамирчин. Түүний аав нь сумын заан, харин ээжийнх нь талд Даншигийн зартай бөх байсан гэдэг. Тэгэхээр орон орны шилдгүүд өрсөлддөг дэлхийн дэвжээнд өрсөлдөгчөө цэвэр ялчихаад бардам босч ирж буй Лхамдэгдийн тэр араншинд эцэг, эхээс нь өвлөгдөн ирсэн Монгол бөхийн удам нөлөөлсөн нь мэдээж. Харин нөгөө талаас Лхамдэгдээс Монгол бүсгүйн дайчин, зоригтой, эрэмгий, нугаршгүй чанар үзэгдэж байна.

Монголын түүхэнд нум сум агсаж, өстөн дайснаа илднийхээ сүүдрээр мохоож явсан зоригт хатдын түүх бий. Төр нь цаас шиг хэврэг, түмэн олон нь уур мэт савсан байхад хатан ухаан гаргаж, бүхнийг нар зөв эргүүлэн залж чадсан эмэгтэйчүүдийн тухай бахархам түүх судар бичигт тэмдэглэгдэн үлдсээн. Хожуу үеийн түүхэнд ч цогтой тэмцэгч бүсгүйчүүд байсан билээ. Ингэж бодохоор угаас л монгол эмэгтэй хүн дайчин гэх ухагдахуун гарч ирээд байгаа юм. Гэтэл үүнийг Германы генетикч, түүхчид зуун хувь баталж, түүх домогт тэмдэглэгдэн үлдсэн Бага Азид оршиж байсан дан эмэгтэйчүүд амьдардаг эртний Амазон улсын дайчин бүсгүйн ген монгол эмэгтэйн цусанд бийг олж тогтоочихоод байна. Амазон нь хатан хаанаар удирдуулсан эмэгтэйчүүдийн цэрэг армитай ялагдал гээчийг мэддэггүй догшин дайчин, омголон бүсгүйчүүдийн улс байснаа таран бутарч Азид уусан шингэсэн хэмээн үздэг.

lhamdegd

Гэтэл Германы эрдэмтэд түүхийн улбааг лагасаар Монголын эмэгтэйчүүд Амазоны зоригт бүсгүйчүүдийн шинжийг агуулсан гэдгийг Өмнөговь аймгийн нэгэн охины цусанд хийсэн ДНК-гийн шинжилгээгээр нотлоод байгаа нь дэлхий даяар шуугиан тариад байна.

Үүнийг батлах гэсэн шиг П.Лхамдэгд Германы “Гран при”-д аваргалсан бол Голландын Амстердамын “Гран при”-д сүүлийн хоёр барилдаанаа Германы бөхчүүдтэй хийж ялалт байгуулсан.

Германчууд энэ бүхнийг нүдээрээ харж, өнөө Амазоны бүсгүйчүүдийн тухай домгийг санаа биз.

П.Лхамдэгд Амстердамын “Гран-при”-д Камеруны тамирчин Ванессаг барилдааны 1:34 минутад, Словений тамирчин Анамариг 2:23 минутад цэвэр ялж, дараагийн, тойрогт Германы жүдочийг юко үнэлгээгээр буулгаж аваад аваргын барилдаандаа Германы тамирчин Воллерт Хейдийг 3:35 дахь минутад цэвэр ялсан юм. Түүнд ялагдсан Хейде нь Европын аварга. ДАШТ-ий хүрэл медальтай хашир туршлагатай тамирчин. П.Лхамдэгд одоогоор олимпийн эрхийн болзол хангачихаад явж байгаа.

Жүдод эмэгтэйчүүдийн жингийн чансаанд эхний 14-т багтсан тамирчинд олимпийн эрх хүртээдэг. Гэтэл П.Лхамдэгд долдугаар байрт явж байна. Энэ эрчээрээ зүтгээд байвал олимпийн эрх зарлахад хоосон үлдэхгүй нь.

Монгол эмэгтэйн хүч зоригийг дэлхийн тавцанд харуулж, Германы эрдэмтдийн таамаглалыг лавшруулж байгаа П.Лхамдэгд ийнхүү дэлхийн дэвжээнээс дэвжээнд дэгдсээр явна. Дэгддэг Лхамыг дэлхийн бусад эмэгтэйчүүд дарна гэвэл дэндүү их хүч орох байх. Яагаад гэвэл тэр монгол эмэгтэй шүү.

Д.ГАНСАРУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих