Халаах уу, үгүй юу?
Өвлийн цагт зөвхөн хүйтэн асаалтад санаа зовохоос гадна бас нэг асуулт гарч ирдэг. Хөдөлгүүрээ асаачихаад шууд хөдлөх үү, эсвэл халааж байгаад явах уу? Асуултад Александр Шабанов хариуллаа.
Хөдөлгүүрийн тос хүйтэнд зууралдамтгай болж эхэлдэг. Тосны шахуурга болон хөдөлгүүрийн үрэлт үүсэх бүхий л хэсэг үргэлж тостой байх ёстой. Жавартай өдөр хөдөлгүүр хэрхэн хүндхэн ажиллаж эхэлдгийг мартаж болохгүй. Алгаа хооронд нь хурдан үрэхэд халахтай адил үрэлддэг хэсэгт дулаан ялгарч тосыг халаадаг. Хөдөлгүүрт мөн адил эхний хэдэн эргэлт хэцүүхэн байвч удалгүй үрэлтээрээ өөрийгөө халаагаад хөнгөхөн ажиллаж эхэлдэг.
Харин кастерд байгаа тос яг л царцсан цэлцгэнүүр шиг болж тосны тэвшнээс шахуурга руу урсаж амжилгүй хөдөлгүүрийг тосны дутагдалд оруулдаг. Энэ үед хөдөлгүүр хэдийнээ ажиллаад эхэлчихсэн, эд анги нь үрэлтийн ачаалал авч байдаг. Тэр ч байтугай ачаалал нь ихэссээр байхад тос хүрч очдоггүй. Тахир голын эргэлт их байх тусам эд ангийн элэгдэл улам эрчимжинэ.
ЦИЛИНДР ПОРШЕНГИЙН ХАР ДАРСАН ЗҮҮД
Поршен хүйтэн асаалтад тун дургүй байдаг. Энэ үед температурын маш их зөрүү үүсэж хэлбэлзэл нь 200С градус хүртэл байдаг. Хэдхэн секундийн дотор поршенгийн гадаргуу 150С градус хүртэл халах үед хүйтэн цилиндртэй харьцах бүснүүд хасах хэмийн хүйтэн хэвээрээ байна. Харьцуулахад, халаасан хөдөлгүүрийн хувьд энэ зөрүү 50-70С градус байх жишээтэй.
Ийм их температурын нөлөөнд поршенгийн тосны бүсний хоорондох хэсэг хамгийн их өртдөг. Дулааны асар их ачаалал ирэхийн сацуу поршенгийн бүсний үрэлтийн хүч эрс нэмэгдсэнээр бүс хоорондох хэсэг ачааллыг даадаггүй. Цилиндрийн клапангийн шилбэний ховил яг ийм шалтгаанаар хүйтэн асаалтыг тэсдэггүй.
Тосны ихэнх хэсэг тэвшинд байгаа ч гэсэн хөдөлгүүрийн сувагт тос үлдсэн байдаг. Уул нь халуунд ч бай, хүйтэнд ч бай нэг хэсэгтээ энэ тос хүрэлцэнэ. Гэхдээ муу чанарын, дээр нь минерал тос хийчихсэн бол задралд орохдоо тортог үүсгэж прошенгийн бүсийн сувагт наалдчихдаг. Хүйтэн асалт нь поршенгийн бүсэд тортог үүсэхэд бас нөлөөлнө.
Хөдөлгүүрийн сувгийн тортог наалдсан бүс нэгдүгээрт хөдөлгүүрийн компрессийг бууруулах гол эх үүсвэр болдог. Хоёрдугаарт ийм бүс цилиндртэй гүйцэд шүргэлцэхгүйн улмаас дулааныг дамжуулдаггүй, ерөнхийдөө цилиндр-поршенгийн хэсгийн температурын баланс алдагдана гэсэн үг. Улмаар поршен элэгдэлд орж хөдөлгүүр сул ажиллагааны үед чичирч, асаахад хүндрэлтэй болон цэнхэр утаа хаяж эхэлнэ. Цаашлаад тэвшний хийн даралт ихсэж ийм ачааллыг тэвшний агааржуулалтын систем дийлэхээ больдог.
Шатах хөндийд үүсэх тортог бас л аюул дагуулна. Тортог нь дулаан дамжуулалтыг хязгаарладаг тул бохирдсон шатах хөндийтэй хөдөлгүүр удаан халдаг. Хүйтний эрч чангарч өвөл сунжрах тусам хөдөлгүүрт тортог улам ихээр үүснэ.
Хүйтэн асалтын үед зэврэлт илүү эрчимтэй байх бөгөөд хөдөлгүүрийг үргэлжлүүлэн халаах тусам энэ нь ихэснэ гэсэн үг.
ИЛҮҮ ИДЭЛТ
Хүйтэн хөдөлгүүрийг асаахын тулд холимгийг нэлээн баяжуулах шаардлага гардаг. Энэ нь байгаль орчинд тийм ч таатай зүйл биш юм. Учир нь хэт баяжуулсан холимгоор ажиллаж байгаа хөдөлгүүрийн хорт утааны хэмжээ халаасан хөдөлгүүрээс хэд дахин их байдаг.
Яах вэ өвлийн хүйтэн агаар үнэрийг нь дарчихна. Гэтэл салхигүй, битүү газар, байрны дунд байвал бусдад хэр их таатай байх бол?
Шатахуун ч их зарцуулна. Бодож үзвэл, автомашинаа дундаж эргэлтээр (2000 эрг/мин) ойролцоогоор 10 минут халаадаг гэхэд энэ нь 10-аад км давхисантай тэнцэнэ.
Хүйтэн асалт болгоноо тоолж үзвэл хэтэвч хэр их нимгэлэх нь ойлгомжтой. Ингэхээр автомашинаа халах уу үгүй юу? гэсэн асуулт хариугаа хүлээж байна.
ЯМАР Ч БАЙСАН ХАЛААНА
Техник болон хүний хүслийн хооронд зөрчилдөөн байсаар л байна. Хөдөлгүүрийн хувьд шууд л ажлынхаа температурт хүрчихвэл сайн байдаг бол эзний хувьд шууд л давхиад явчихмаар санагддаг. Тэгэхээр хурдхан шиг халаачхаад явж болно. Яах вэ гэхээр хөдөлгүүрээ асааж, машинаа тойрон шилээ цэвэрлээд цасыг нь унагаачихна.
Энэ хооронд таван минут өнгөрч одоо зугуухан хөдөлж болно. Хөдөлгүүр ажлын температурт хүртэл халж амжихгүй ч явдал дунд арай хурдан хална. Эхний 1-2 км зөөлөн яваарай, тэнхлэг ч гэсэн бага багаар халж амортизатор илүү их ачаалал авахад бэлэн болдог.
Тоормосны системийг ажиллагаанд оруулан салон дулаахан болдог. Ингээд автомашинаа бага багаар ч болтугай хурдан халаачихна.
Эх сурвалж: Cardoctor.mn
URL: