Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт эрүүгийн хэрэг үүсгэжээ

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярыг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа бөгөөд албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Учир нь нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр өнгөрсөн наймдугаар сарын 3-нд 589 тоот захирамж гаргажээ. Уг захирамжид дурдсанаар, “Улаанбаатар таймс” менежментийн баг гэрээгээр ажиллаж байх хугацаанд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “Хэвлэх үйлдвэрийн барилгыг цаашид ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гарч хөрөнгө оруулалтыг зогсоосон. Тиймээс барилгад оруулсан баталгаажуулсан хөрөнгө оруулалт болох 439 сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барагдуулахыг үүрэг болгосон аж. Г.Мөнхбаяр даргын захирамж гарснаас 14 хоногийн дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү 493 сая төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дансанд шилжүүлсэн байна. Улмаар энэ мөнгийг төсвийн тодотголд тусгуулах арга хэмжээ авахыг үүрэгджээ.

Өөрөөр хэлбэл, хуучин хэвлэх үйлдвэрт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулсан гэх Л.Сэргэлэнгийн хохирлыг барагдуулсан нь энэ гэнэ. Гэтэл Г.Мөнхбаяр дарга Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын оролцоогүйгээр 493 сая төгрөгийг төсвийн хөрөнгөөс гаргуулсныг нь албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэл болсон байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар буюу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд хохирлын хэмжээнээс нь хамаарч буруутай этгээдэд гурван сар баривчлахаас 10 жил хүртэл хугацаагаар хорих шийтгэл оногдуулах тухай заасан байдаг. Төсвийн хөрөнгөөр хохиролгүй үлдсэн гэх Л.Сэргэлэн нь “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын багийн ахлагч Ж.Саруулбуянтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байжээ. “Хангарьд” компанийн захирал Л.Сэргэлэн тухайн үед хуучин хэвлэх үйлдвэрийн барилгад хөрөнгө оруулаад улмаар, суурин дээр нь зочид буудал барихаар төлөвлөсөн байж. Гэтэл мэргэжлийн хяналтын байцаагч барилгыг өргөтгөх боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Гэтэл Г.Мөнхбаяр дарга байцаагчийн өргөтгөх боломжгүй гэсэн дүгнэлтийг ашиглах боломжгүй болгож захирамж үйлдсэн бололтой. Мөн Л.Сэргэлэнг хохирогч болохыг Ж.Саруулбуянтай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажуулсан нь гаргасан захирамжид нь тодоос тод баримттайгаар байгаа аж.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих