Бэлтэй хөршийн хаялга
“Азийн хур баян охид” буюу “Ultra Rich Asian Girls” нэртэй нэвтрүүлгийг та үзэж байсан уу. 20-30 насны хятад бүсгүйчүүдийн талаар өгүүлэх энэ нэвтрүүлэг хэсэгтээ л дэлхий нийтийн нүдийг унагаж, шохоорхлыг төрүүлсэн. Чинээлэг охидын амьдралын хэмнэлийг харуулсан тус реалити шоу Хятадын хөрөнгөтөн давхаргын хэтийдсэн тансаглалыг нийтэд дэлгэсэн юм. Тус цуврал дахь охидын амьдрал товчхондоо тосонд умбаж, торгонд хөлбөрсөн. Уран нарийн үнэт эрдэнэс, алдартай брэндийн хээнцэр загвар, хурд, хүчний гайхамшиг болсон төмөр хөлөг, дарвуулт завь, тансаг зоогийн газар, үнэтэй зочид буудал… “Ultra Rich Asian Girls” нэвтрүүлэг хэдхэн бүсгүйн түүхээр хэтийдсэн тансаглал, хэрэглээ шүтсэн галзуурлыг харуулж, тухайн үедээ шүүмжлэл, шохоорхлын аль алийг нь дагуулж байлаа.
Хамгийн гол нь дэлхий дахинд багагүй шуугиан тарьсан энэ нэвтрүүлэг Хятадын “хэтэвч” хэрхэн зузаарч, хүмүүсийнх нь амьжиргаа яаж дээшилснийг дэлхий дахинаа батлан харуулсан. Цэнхэр гарагийн хамгийн олон хүн амтай орны нэг болох энэ улс өдгөө дэлхийн тансаг зах зээлийн томоохон хэрэглэгчийн нэг болчихоод байна. Dior, Louboutin, Chanel, Lambos, Ferraris гээд тансаг зэрэглэлийн брэндүүдийн орлогын гол зах зээл нь Хятад.
Тус улсын эдийн засгийн өсөлт эрчимжсэн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд урд хөршийн олон иргэн хөрөнгөжиж, хөлжжээ. Тодруулбал, жилийн 19.8 мянган ам.доллар буюу 50 сая орчим төгрөгөөс дээш орлоготой өрх өнгөрсөн жилүүдэд 11 саяар нэмэгдсэн байна. Үүгээр зогсохгүй тус улсад гурван долоо хоногт нэг тэрбумтан төрдөг гэх тооцоог UBS банк гаргаж, урд хөршийг тэрбумтнуудын өлгий хэмээн нэрлэсэн байх юм. Ийнхүү Хятадын хүн ам улам хөрөнгөжсөөр. Цаашид ч чинээлэг болон дундаж давхаргын өрхийн тоо өсөх төлөвтэй.
Бидэнд хэд бол хэдийг тушаахад бэлэн хөрөнгөтний давхарга урд бий болов
BCG Focus-ийн тооцоогоор сарын 1800-3200 ам.долларын орлоготой дундаас дээш орлоготой өрхийн тоо 2030 он гэхэд 150 саяд хүрнэ. Энэ зуур сарын 3200 ам.доллараас дээш орлоготой өрхийн тоо 50 саяд хүрэх тооцоо бий. Өөрөөр хэлбэл, урд хөршийн дундаж болон чинээлэг өрхийн тоо бараг 200 саяд хүрэхээр байгаа аж. Ингэснээр тус улс зөвхөн хүн амын тоогоор дэлхийд дээгүүрт бичигдээд зогсохгүй хэрэглээгээрээ ч цахиур хагалсаар байх нь.
Ийнхүү урд хөршийн иргэд хөрөнгөжиж, бэл бэнчин суухын хэрээр хэрэглээ нь улам дээшилж байна. Үүгээр ч үл барам тус улсын макро эдийн засгийн удаашрал хүртэл хятад иргэдийн худалдан авалтыг хумьж дөнгөсөнгүй. БНХАУ-ын макро эдийн засгийн ерөнхий өсөлт саарч, зарим эрэлт удааширч байхад тус улсын хэрэгчдийн зарцуулалт улам хүчирхэгжсээр.
Өөрөөр хэлбэл, манай улсын хамгийн том хэрэглэгчийн худалдан авах чадвар нэмэгдсээр байна. Монгол Улс хилийн чанадад экспортолж буй нийт бараа бүтээгдэхүүнийхээ 70 хувийг зөвхөн урд хөршид худалддаг. Үүнээс үзэхэд Хятад улс бол яах аргагүй Монголын “хэтэвч” юм.
Манай гол худалдан авагчийн хэрэглээ ийн өсөн дэвшиж байхад бид энэ өсөлтөөс ямар ашиг хүртэж байна вэ. Хэрэглэгчээ судлахгүйгээр бизнес эрхлэх хэрэггүй гэсэн алтан дүрэм бий. Тэгвэл хамгийн том худалдан авагчийнхаа худалдан авалт, хэрэглээг тооцохгүйгээр экспортын өсөлт, эдийн засгийн хөгжлийн талаар ярих болох уу.
Гадаад худалдаа
Иймд Хятадын хэрэглээний талаар тоо үзүүлэлтийг тандъя. Тус улсын хэрэглэгчийн зарцуулалт өдгөө дөрвөн их наяд ам.доллараар хэмжигдэж буй. Ирэх 3-4 жилд 1.5-2 их наяд ам.доллараар нэмэгдэж, 6.5 их наяд ам.долларт хүрэхийг Boston Consulting групп тооцоолжээ. Энэ нь дэлхийн тэргүүлэх гүрнүүд болох Их Британи эсвэл Германы хэрэглэгчдийн зарцуулалтыг гурав нугалсан дүн.
Харин Хятадын “хэтэвч” зузаарсан өнгөрсөн жилүүдэд хэрэглээ нь хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая. Boston Consulting группийн тооцоогоор Хятадын хэрэглээ боловсрол, эрүүл хүнс, аялал гэсэн гурван салбарт эрчтэй тэлэх тооцоотой. Хятадын зах зээлд хамгийн эрэлттэй таван бүтээгдэхүүнд ухаалаг утас, өдөр тутмын хувцас болон гутал, гар цүнх, хөнгөн зууш багтсан байна.
Үүнээс гадна гоо сайхны бүтээгдэхүүн, цахилгаан хэрэгсэл, санхүүгийн үйлчилгээний эрэлт улам нэмэгдэх төлөвтэй. Хятадын статистикийн товчооны мэдээллээр урд хөршийн хотын оршин суугчид эрүүл хүнс, аялал, амралт зугаалгад мөнгө зарцуулах хамгийн их сонирхолтой байгаа аж. Мөн урд хөршийн онлайн зах зээлийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнээс хүүхдийн органик хүнс, будаа, цай эрэлттэй байдаг аж. Манай худалдан авагчийн хэрэглээ ийм байна.
Тэгвэл эдгээр бүтээгдэхүүний алийг нь монголчууд үйлдвэрлэж, өмнөд хөршид нийлүүлэх боломжтой вэ. Монголчуудын БНХАУ-д нийлүүлдэг бүтээгдэхүүн уул уурхай голлосон хэдхэн төрлийн түүхий эдээс хэтрэхгүй гэж үү.
Уг нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг монголчууд экологийн цэвэр хүнс, байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнийг урд хөршид нийлүүлэх боломж бий. Дээрээс нь аялал жуулчлал бол бидний тэдэнд худалдах бас нэг экспорт. Үүнээс өөр үйлдвэрлэлд ч боломж нээлттэй.
- Хятадын хэрэглээ боловсрол, эрүүл хүнс, аялал гэсэн гурван салбарт эрчтэй тэлэх тооцоотой.
- Урд хөршийн иргэдийн хэрэглээ дээшилж буй энэ үед монголчуудын БНХАУ-д нийлүүлдэг бүтээгдэхүүн уул уурхай голлосон хэдхэн төрлийн түүхий эдээс хэтрэхгүй гэж үү.
- Boston Consulting группээс тооцоолжээ. Энэ нь дэлхийн тэргүүлэх гүрнүүд болох Их Британи эсвэл Германы хэрэглэгчдийн зарцуулалтыг гурав нугалсан дүн.
Гол нь бид Хятад улсын шаардлагыг хангах нь чухал байна. Тус улсын дундаж худалдан авагчаас гадна хэтэвч зузаантай дунд болон дундаас дээш орлоготой иргэдийг онилж чадвал хэд бол хэдийг тушаахад бэлэн хөрөнгөлөг давхарга урд талд бэлэн байна. Ганцхан тоо дурдахад, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) тооцоогоор Хятадын дунжаас дээш давхаргын айл өрхүүд чанартай, эрүүл хүнс хэрэглэх хандлагатай байгаа нь тодорхой харагдана.
Ийм өргөн боломж, өндөр өсөлт байсаар байхад бид зөвхөн Хятад руу гаргах нүүрсний хэмжээгээ яаж нэмэх вэ гэдгээ л бодсоор суух уу.
Г.Байгал
Засгийн газрын мэдээ
URL: