Ерөнхийлөгчийн шахалтаар “30 гэр бүл”-ийг шалгахаар болжээ

12780

ъУИХ-ын нэгдсэн чуулганы индэр дээрээс цуурайтаж эхэлсэн “30 гэр бүл”-ийн дуулиан олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж буй. Тодруулбал “…Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтанд байна гэж заасан байхад төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсний улмаас… лицензээр баяжсан хэсэг бүлэг бүхий хүмүүс буюу 30 гэр бүл байна” гэх мэдээллийн дагуу Нийслэлийн прокурорын газраас гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.

Энэ талаар хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олох ажлыг эрчимжүүлэх зорилгоор ажиллаж байгаа гэдгийг УЕПГ-аас  олон нийтэд мэдээллээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд 30 гэр бүлийн тухай анх ярьж эхэлсэн. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдааны индэр дээрээс, “Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна” хэмээн мэдэгдсэн.
Түүнчлэн хэвлэлд мэдээллийн хэрэгслээр 30 гэр бүлийн тэргүүн эгнээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын нэр дурдагдаж, “МАК”-ын Н.Нямтайшир, “Гацуурт”-ын Л.Чинбат, УИХ-ын дарга М.Энхболд нарын нэр удаалж байгаа. Тэд хувьдаа эзэмшиж байгаа уул уурхайн ашиглалтын лицензийн тоогоороо тэргүүлж байгаа болох нь ил болсон юм. Энэ утгаараа хуулийн байгууллага хамгийн түрүүнд шалгах нь тодорхой болоод байгаа аж.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хариулахдаа “30 гэр бүлийн төлөөллийн асуултад хариулья” хэмээсэн нь анхаарал татсан. Чухамдаа тэрбээр Л.Энх-Амгаланг алдарт 30 гэр бүлийн  нэг болохыг тодорхойлчихов уу гэсэн хардлагыг төрүүлсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авсныхаа дараа АТГ болон ПЕГ-ын удирдлагуудыг дуудаж уулзан 60 тэрбумын гэх хэргийг шалгаж, эцэс болгохыг үүрэгдсэн. Үүний дагуу прокурорын байгууллагаас АТГ, ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг гаргаж хэргийг шалгасан ч хэсэг хугацааны дараа уг гэмт хэрэг үйлдэгдсэн нь баримтаар тогтоогдохгүй байна гэснээр асуудал тэгсхийгээд намжсан.

Тэгвэл энэ удаад ч бас Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын ерөнхий газрын удирдлагуудад шахалт үзүүлсний хүчинд 30 гэр бүлтэй холбоотой уул уурхайн лицензийн асуудлыг тусгай ажлын хэсэг гаргуулан шалгуулахаар болсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дурдаж эхлээд байна.

Жич: Монгол Улсад хамгийн олон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах хүмүүс байдаг ажээ.
http://www.zuv.mn/userfiles/files/55ea34_10-31-2_x974(1).jpg

ЭХ СУРВАЛЖИЙН ЛИНК: http://www.monnews.mn/a/377


URL:

Сэтгэгдэл бичих