Шүлхийг нутагшуулсан нь

12779

Дэлхийн халуун, дулаан бүсийн шүлхийн вирусын долоон тэнгисийн хөвөөнөөс алс хол байдаг сэрүүн бүсийн Монгол орны хувьд амьтны шүлхий нь цагаач буюу экзотик өвчин байлаа.Төв Азид хамгийн ойр Зүүн өмнөд Азийн болон Дундад Дорнодын шүлхийн вирусын тэнгисийн давалгааны цалгиадас хааяа Монгол нутгийн захыг шүргэдэг, хилийг зөрчдөг байжээ.

1990-ээд оны сүүлээр Зүүн хойд Хятадад тунасан вирусын цалгиадас 2000 оны хавар Тайвань, Өмнөд Солонгос, Япон, Орос, Монгол Улсын нутгийн дээсийг давж, шүлхийн тахал дэгдэв.Монгол оронд дэгдсэн тэр хаврын шүлхийн тахлыг Ардчилсан Холбоо Эвсэл төр барьсны, мал эмнэлгийн үйлчилгээний салбарыг хувьчилсаны, 1970-1990 онд хэвшүүлсэн малын тоо тарьдаг, шинжилдэг, “туулгадаг”, “ариутгадаг”, “угаадаг” хавар, намрын 17 ажлыг “зогсоосны” үр дагавар гэж дүгнэв.
Монгол оронд 2000 оны хавраас хойш шүлхийн тахал үргэлжилсээр, тахалд өртсөн хот айл, баг, сум, аймгийн тоо нэмэгдсээр, 2017 оны өвөл, хавар, зун, намар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Дундговь, Төв аймаг, Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт шинэ дэгдэлт илэрч байна.Энэ нь шүлхийг хянах алдаатай бодлого хэрэгжүүлж, Монгол оронд тавтай саатан морилох боломжолгосон Засгийн газарт шүлхийн вирус талархал, хүндэтгэлээ илэрхийлж буй ёслол болой.
Шүлхийн вирусын халдварыг хянах, тохируулах дөрвөн сонгодог ажиллагаа эрт оношилгоо, хөл хорио, вирус устгал, нутаг халдваргүйтгэлийг малчид олон зуун жил хэрэгжүүлж шалгаруулжээ.Эдгээр сонгодог ажиллагааг 2000 оноос хойш тус улсын Засгийн газрын малын эрүүл мэндийг эрхэлсэн сайд нар хэрэгжүүлж чадсангүй, өдгөө ч чадахгүй байна. Тухайлбал:
Нэгдүгээрт, шүлхийн дэгдэлтийг эрт оношилж чадахгүй байна.Малчин буюу амьтан эзэмшигч, сумын Засаг дарга хоёр мал сүргээ байнга ажиглан хянаж, өвчнийг урьтаж харах, шуурхай мэдээлэх үүргээ биелүүлдэггүй, үүргээ биелүүлээгүйн үр төлөөсийг хариуцдаггүй явдал хэвшжээ.Шүлхийн вирус өөрийгөө илчилж байна, өвчилсөн мал өөрийгөө зарлаж байна.Өвчнийг нуух явдал ч байна, нуусан малчин, нуух боломж олгосон сумын Засаг дарга хариуцлага хүлээхгүй байна.
Хоёрдугаарт, шүлхийн дэгдэлтийн голомтыг онож тогтоож, тэнд хүн, малын хөл хорьж чадахгүй байна.Хөл хорио нь вирустсан амьтныг баривчлах, тусгаарлах, хорих ажиллагаа.Малчид вирустсан амьтныг сүргээсээ нэн даруй тусгаарладаг, хотноосоо хол уядаг, хорьдог, орхидог, алж устгадаг аргыг эртнээс хэрэглэжээ.Зэрлэг амьтдын сүрэг ч өвчилсөн амьтныг хажиглаж, хөөж, орхиж, зугатаадаг, өвчилсөн амьтан ч өөрөө ижлээсээ салж, зай барьдаг.Нүүдлийн мал аж ахуйд вирустсан сүргийг хот, бэлчээрт нь хорих аргыг хэрэгжүүлж байна.Нэг бэлчээр, усанд буй бүх сүрэг хөл хорионд орж, том талбайд голомт үүсдэг.Дэгдэлтийг оройтож илрүүлдэг тул газар авсан голомтыг хорьж дийлэхгүй байна. Вирустсан сүргийг хотонд нь хорьдог, ус, тэжээл тавьж өгдөг аргыг хэрэглэх боломж байна.
Гуравдугаарт, шүлхийн вирусыг устгаж чадахгүй байна.Голомтонд байгаа сүргийн өвчилсөн, эдгэрсэн, халдвар авсан, хавьтсан бүх амьтныг, өөрөөр хэлбэл өртсөн сүргийг хоморголон устгах ажиллагааг хэрэгжүүлж чадахгүй байна.Өвчний ил шинж тэмдэгтэй амьтдыг түүж устгаад , шинж тэмдэггүй вирустсан амьтдыг вакцинжуулах  аргыг хэрэглэж байна. Өвчилсөн амьтдыг тусгаарлаж, хорьж эдгээгээд, даруйхан хэрэглэж дуусгах, сүргийн бүх амьтанд вирусыг зориуд халдааж өвчлүүлэх аргуудыг хэрэглэж байв.
Тахлын дэгдэлтийг зөнд нь орхивол өөрөө аяндаа унтардаг. Бараг бүх амьтан өвчлөөд, зарим нь үхнэ, вирустайгаа үхэж, сүргээ, нутгаа цэвэршүүлж үлдэгсддээ буян үйлдэнэ. Зарим амьтан өвчлөөд илааршина, зарим нь шинж тэмдэггүй далд өвчилнө, зарим нь вирусыг “тоохгүй”, зарим нь вируст “гологдоно”, тэд бүгд вирус халдвар тээгч болно.
Тодорхой хугацаанд бүх вирус хадгалагч аяндаа өөрсдөө цэвэршинэ.Өвчний тахал, тахлын дэгдэлт хоёр өөр, дэгдэлт унтраах, тахал дарах хоёр өөр, эдгээрийг ялгаж зөвлөдөг эрдэмтэн, түшмэл тус улсын Засгийн газрын эрхэлсэн сайд нарт байсангүй, одоо ч алга.
Вирусын халдлагад өртсөн амьтны сүргийн хот, бэлчээр, ус, агаарыг голомт гэнэ.Тухайн голомтонд илэрхий өвчилсөн амьтдыг устгахыг дэгдэлт унтраах гэнэ.Унтарсан голомт хөл хорионд байна, тэнд үлдсэн вирустсан амьтан хэзээ өвчлөхийг отож цагдана.Аливаа дэгдэлт өртсөн сүргийн том, багаас хамааран голдуу нэг сарын хугацаанд унтарна.
Тухайн голомтонд вирусыг бүрэн устгаж, ул мөрийг нь цэвэрлэхийг тахал дарах гэдэг. Сүргийн доторх өвчтөн, вирүс хадгалагч, вирусын ул мөртөн гэх гурван бүлгийг устгаад, эрүүл амьтныг шалгаж үлдээнэ.Вакцин хэрэглээгүй бол наад зах нь хагас жилийн хугацаанд тахлыг дарах боломжтой.
Дөрөвдүгээрт, шүлхийд өртсөн сүргийн хүрээлсэн орчноос вирусыг цэвэрлэж чадахгүй байна.Сүргийн хот, байр, бэлчээр, ус, агаарыг вирусаас цэвэрлэхийг халдваргүйтгэл гэнэ.Вирусаар бохирдсон орчинг зөнд нь орхивол өөрөө цэвэршдэг.Вирүс өөрийн заяасан амьд эсийн дотор амьдарч, үрждэг, өөр орчинд удаан тэсэхгүй.Вирустсан орчныг цэвэршүүлэх олон зуун жилиин практикаар шалгарсан сайн аргууд байна.Малын хотны бууцыг татаж зайлуулдаг, овоолдог, шатаадаг.Хот, бэлчээрийг цэвэрлэнэ, хогийг шатаана.
Малын хүүрийг байсан газар нь булна, дээр нь гал түлнэ.Голомтын нутгийг тодорхой хугацаанд ашиглахгүй, орхино, нэг бүтэн жил амьтан ойртохгүй бол нутаг өөрөө вирусаас цэвэршинэ.Өвчилсөн амьтан үхээд, хүүр нь задраад вирусын хамт устдаг.Халдварт өвчнөөр үхсэн амьтны хүүрэнд махан идэшт амьтан, шувуу ойртдоггүй гэдэг.Зарим амьтан, шувуу, шавьж, нян үхсэн амьтдын “яс барьж”, байгалиа цэвэршүүлдэг.Өвчин тахлын нэртэй, орхигдсон нутаг байдаг.Вирустсан орчныг халдваргүйтгэж чадахгүй байна, химийн халдваргүйтгэл үр дүн маш багатай, илүү ажил, ихэнхдээ зориудын хордуулалт болно.Байгалийн халдваргүйтгэлийг ашиглах боломж их байна.
Тавдугаарт, сүргийн дархлаажуулалтыг хэрэгжүүлж чадахгүй байна.Өвчин тусбүрт, тахал тус бүрт, дэгдэлт тус бүрт тохирсон дархлаажуулалтын дэгийг баримталдаг.Дэлхийн шүлхийн эндемик бүс нутагт вакциныг 60 гаруй жил хэрэглэж байна.Шүлхийн тахлын хувьд сонгодог дөрвөн ажиллагааг бүрэн, зөв хэрэгжүүлж чадвал экзотик бүс нутагт дархлаажуулах хэрэгцээ байхгүй боловч Монголд шүлхийн вакциныг 2000 оноос жил дараалан хэрэглэж байна.
Дархлаажуулалтын зарчим нь: 
Нэгдүгээрт, вакциныг болж өгвөл битгий хэрэглэ, вакцинжуулалт нь амьтныг зориуд, далд юмуу хөнгөн өвчлүүлж, дархлаажуулах ажиллагаа, дархлаажсан сүрэгт вирусыг нуух, хадгалах, үржүүлзх, тараах, нутагшуулах арга болой.Вирусын халдварт өртөх эрсдэлгүй буюу өвчлөхгүй эрүүл сүргийг вакцинаар өвчлүүлэх хэрэггүй.Шүлхийн дэгдэлт вирусын аль хэвшлээр үүсэхийг урьдчилан таах боломж муутай, вакцины дархлаажуулах идэвх сул, хамгаалах хугацаа богино тул вакцин хэрэглэхээс аль болох зайлсхийдэг.
Хоёрдугаарт, тухайн голомт, түүнийг хүрээлсэн нутагт вирусын халдварын эрсдэлийн задлан шинжилгээ хийж, вирусын халдлага гарцаагүй нүүрлэсэн сүргийг вакцинжуулж, халдвараас бус, өвчлөлөөс хамгаална.Вирусын халдлагыг хүлээн зөвшөөрч, боломж олгож, өртөх сүргийг өвчлөхөөс хамгаалж буй үйлдэл, тулаад ирсэн вирүсийн түймрийн өөдөөс тавьж буй цурам юм.Аргагүйдвэл, вакциныг аль болох бага нутагт, цөөхөн сүрэгт, нэг сүрэгг болж өгвөл нэг л удаа хэрэглэнэ, нэг амьтанд гурваас илүү удаа хэрэглэх боломжгүй.Вирусын халдлагад өртөхгүй сүргийг вакцинжуулах нь түймэрт өртөхгүй бэлчээрийг шатааж буйтай адил.
Гуравдугаарт, вакцинжуулсан сүргийг бүртгэж,тэмдэглэж,тусгаарлаж, хязгаарлалтанд маллаж, даруйхан хэрэглэж дуусгана.Вакцинжуулсан сүрэг эрүүл сүргийн жагсаалтаас хасагдана, нутаг нь эрүүл нутгийн зургаас арчигдана,зах зээлийн хязгаарлалтанд орно, үнэ нь хямдарна, эрүүл сүрэгтэй өрсөлдөх чадвараа алдана.Шинэ төлийг нь ялгаад, шуурхай ажиллавал өвчилсөн юмуу вакцинжуулсан үхэр, хонь, ямаан сүргийг борлуулж дуусгахад наад зах нь нэг бүтэн жил хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, өвчлөлийн болон вакцины дархлаажуулалтын ул мөргүй болсон үеэс мал сүрэг, түүний нутгийг эрүүлжсэн гэж тооццог, зарладаг, өөрөөр хэлбэл тахал дарагдлаа гэсэн үг.
Тавдугаарт, вакцин эм биш.Эмийг өвчилсөн амьтанд хэрэглэж, өвчнөөс илааршуулдаг.Вакциныг эрүүл амьтанд хэрэглэдэг, энэ нь вирусын халдвараас хамгаалахгүй, харин ч боломж олгоно, зөвхөн тухайн халдварын улмаас өвчлөхөөс хамгаалдаг.Жинхэнэ вирустах өвчлөлөөс урьтаж, вирусын хүүр, сэгээр юмуу сул вирусаар хөнгөн өвчлүүлж, цурам тавьж буй арга юм.
Монгол Улсын Засгийн газрын малын эрүүл мэндийг эрхэлсэн сайдын шүлхийгээс хамгаалах дархлаажуулалтын дэг, шүлхийн вакцины хэрэглээ буруу байна, зориуд буруу хэрэглэж байна. Үүнд:
Нэгдүгээрт, цагаач буюу экзотик өвчний үүсгэгчийг хянахад вакциныг хэрэглэхгүй байх боломжийг ашиглаж чадахгүй байна.Вакциныг хоморголон, сумаар нь, аймгаар нь, бүс нутгаар нь хавтгайруулж, хэдэн арван жилээр хэрэглэж байна.Олон аймаг, сумын мал сүрэг 10-15 жил шүлхийн вакцинд өртөөд байна.
Хоёрдугаарт, тухайн голомтноос вирусын халдвар тархах эрсдэлийн задлан шинжилгээ, үнэлгээ хийдэггүй тул вакцины хэрэглээ эрсдэлийн зөв тооцсон үнэн түвшинд үндэслэдэггүй, тус улсын 400-гаад “ерөнхий эмч”, “халдвартын эмчийн” дотор эрсдэлийн задлан шинжилгээ, үнэлгээ хийх чадвартай малын эмч нэг ч алга.Вакциныг хуурамч малын эмчийн харанхуй таамагт баримжаалж хэрэглэж байна.
Гуравдугаарт, өвчний тахал дарах сонгодог дөрвөн ажиллагааг зориуд орхиж байна, 2000 оноос хойш шүлхийн дэгдэлтийг эрт оношлоход ахиц гарсангүй, голомтын хөл хорионд ахиц гарсангүй, вирустсан амьтны устгалд ахиц гарсангүй, бохирдсон нутаг цэвэршүүлэхэд ахиц гарсангүй.Эдгээрийг зориуд алгасаад, вакцинжуулалтыг дангаар нь дэг зөрчин хэрэгжүүлж байна.
Дөрөвдүгээрт, малын тоо вакцинжуулдаг, мал вакцинжуулалт нь өнгөлөн далдлалт төдий байх явдал олон газар хэвшжээ.Вакцинжуулалтын хяналт шинжилгээ, үнэлгээ хориотой байна, вакцинчид үүнээс сүнсээ зайлтал айж байна.
Тавдугаарт, мал эмнэлгийн алба нь “вакцин эм мөн, вакцинжуулах нь өвчилсөн амьтныг эдгээх, вирустсан сүргийг цэвэршүүлэх буюу эрүүлжүүлэх арга мөн, вакцин нь эрүүл сүргийг вирусын халдвараас хамгаалж байгаа юм” гэж бодлого төлөвлөгчид, шийдвэр гаргагчид, малчид, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийг олон жил хуурч байна.Вирусыг хагас дутуу дархлаажсан сүрэгт нууж, хадгалж, үржүүлж, тарааж, нутагшуулчихаад “шүлхийн тахлыг дарчихлаа, сүргийг чинь эрүүлжүүллээ, нутгийг чинь цэвэрлэлээ” гэж хуурч байна.
Зургадугаарт, вакцины үнэ, вакцинжуулалтын зардлыг татвар төлөгч бидэнд тохож, хариуцлагагүй малчид, Засаг дарга нарын увайгүй үйл ажиллагааг урамшуулж байна, вакцинчин хулгайч нарт төсөв дээрэмдэх боломж олгож байна.
Монгол Улсын Засгийн газрын шүлхийг хянах, тохируулах бодлого буруу байна, шүлхий дэгдэх бүрийд вакцинаар мөнгө угаах шийдвэр гаргаж байна.Шүлхийн вакцин тарьсан малын тооноос өөр хэлэх зүйл 2000 оноос хойш малын эрүүл мэндийг эрхэлсэн долоон сайдад (Д. Насанжаргал, Д. Тэрбишдагва, Ц. Ганхуяг, Т. Бадамжунай, X. Баттулга, Р. Бурмаа, П. Сэргэлэн нарт) байхгүй.Вакцинчин багтай худалч, хулгайч нар зориуд ийм бодлого хэрэгжүүлж байна.Цөөхөн хүн баяжиж, одон тэмдэг зүүж, цол чимэг хуртэж хөөрч явна.Шүлхийн вакцинаар мөнгө угаахуйг татвар төлөгчид зэвүүцэж байна, малчид  амьтан эзэмшигчид зэвүүцэж байна, үйлдвэрлэгчид зэвүүцэж байна, хэрэглэгчид зэвүүцэж байна.Малчид цэвэр нутгаа, эрүүл сүргээ, хэрэглэгчид цэвэр хүнсээ, үйлвэрлэгчид дотоод, гадаад зах зээлээ шүлхийн вирусаар, вакцинаар бузарлуулсны нөхөн төлбөрийг нэхэх цаг нэгэнт иржээ.
Монгол малчин мал сүргээ хамгаалах, эрүүл мэнд, амар амгалан байдлыг нь хариуцах эрхгүй, тухайлбал шүлхийн вакциныг сонгоод, худалдаж аваад, малын эмчид хөлс төлөөд, малаа тариулаад, шүлхийгээс хамгаалчих эрхгүй, зөвхөн төрийн төсөвт буюу татвар төлөгч бидэнд хулгайчийн шахсан вакцинаар эрүүл, өвчлөхгүй мал сүргээ бузарлуулах, малын эмчид малын тоо тарьсаны хөлс нэрээр төсвөөс буюу татвар төлөгч биднээс хулгай хийхэд нь малын тоо, гарын үсэг, тэмдгээ ашиглуулах үүрэгтэй.
Аймаг, сумын Засаг дарга нарт шүлхийг хянах эрх мэдэл алга, үүргээ биелүүлэх, хариуцлага хүлээх боломж алга, эрхэлсэн сайд нь тэднээр хариуцсан ажлыг нь хийлгэхгүй, өмнүүр нь орж далбаганаад, аймаг, сумдад төсвөөс очих ёстой малын эрүүл мэндийг хамгаалах зардлыг ганцаараа идэж байна.
Монголчууд голох эрхгүй хэрэглэгчид, шүлхийн тахалд өртсөн, эсвэл вакцинжуулж зориуд шүлхийрүүлсэн малын мах идэж, сүү уух үйлтэй хүмүүс.Хөрш ОХУ, БНХАУ- ын Засгийн газар Монголын шүлхийрсэн, вакцинжуулсан малаас иргэдээ хамгаалж байхад Монголын Засгийн газар мал сүргийг нь, хүнсийг нь, нутгийг нь, зах зээлийг нь вакцинаар зориуд бузарлаж байна.
Засгийн газрын амьтны эрүүл мэндийг эрхэлсэн сайд шүлхийгээр халхалсан мөнгө угаалгаа 2000 оноос хойш хуульчлуулсаар байна.Сайд толгойлогчтой бүлэг “эрдэмтэн” худалч, хулгайчийн мөнгө угаалгыг, 1000 малын эмчийн мэргэжил хийгээд амьтны анагаах ухааны практик барьцаалагчийн угаадас долоолгыг, 700 малын эрүүл мэндийн түшмэлийн орон тоо барьцаалагчийн асрамжийг хуульчилж, “Малын эрүүл мэндээр мөнгө угаах, малын эмчийн мэргэжил барьцаалагчдыг асрах хууль”-ийг Улсын Их Хурал батлах гэж байна.
Шүлхийгээр мөнгө угаагч сайд, авилгач түшмэл, мөнгө угаалгын угаадас долоогч хуурамч малын эмч нар шүлхийн вирусаас хэд дахин илүү аюултай байна.Тэд монгол орны мал сүрэг, бэлчээр ус, агаарыг вакцинаар бузарлаж, шүлхийн вирусыг нутагшуулж, мал аж ахуйн салбарын нэр хүндийг унагаж, дотоод, гадаад зах зээлийг зориуд хааж байна.
Мэргэжлийн бизнес эрхлэх чадваргүй малын эмчийн мэргэжил хийгээд мэргэжлийн практик барьцаалагчдаас, төрийн албаны тэжээвэр,хуурамч түшмэлүүдээс малчид, үйлдвэрлэгчид, хэрэглэгчид зай барихаас өөр аргагүй боллоо.
Тэдэнд итгэснээс өөртөө, байгальдаа найдах нь хавьгүй дээр.Боловсроогүй хүмүүст мэргэжлийн диплом зардаг, оюутан голдоггуй, гайгүй оюутныг хөөчихдөг хуурамч, дууриамал профессортой мал эмнэлгийн сургуулиас жинхэнэ малын эмч болох хүсэлтэй, чадвартай залуус хол байхаас өөр аргагүй боллоо.
Шүлхийг зөнд нь орхивол сүрэг өөрөө эрүүлжээд, байгаль өөрөө цэвэршдэг.Саяхан болтол, тухайлбал 1923 он хүртэл хошууны Засаг ноён, малчид хамтраад шүлхийн тахлыг байгалийн жамыг нь дагуулан сайдгүйгээр, малын эмчгүйгээр, вакцингүйгээр жил хүрэхгүй хугацаанд дарж чаддаг байжээ.
Хэдэн мянган жилийн турш шүлхий нь Монгол Улсын хувьд экзотик – цагаач өвчин байлаа, 2000 оноос хойш цөөхөн жилд Монгол нутгийн харьяат, эндемик өвчин боллоо.Төрийн буруу бодлого, сайд, түшмэл, малын эмчийн хулгайн үйл ажиллагаа халуун, дулаан орны шүлхийн вирусыг сэрүүн Монгол орны вирус болгочихлоо.Монгол орон өөрийн гэсэн шүлхийн вирустай боллоо, түүнийгээ цагаан зээрэнд халдааж байгальд дархаллаа, шүлхийн тахал 17 дахь жилдээ үргэлжилж байна.
О.УЛАМБАЯР
2017.11.07
Ховд аймаг, Мөнххайрхан сум

URL:

Сэтгэгдэл бичих