Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцлээ

12722

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.08) хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр 09 цаг 58 минутад эхэлж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

 

 

Өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүдээс бичгээр ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн ч ажлын хэсэг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан дахин хуралдах шаардлагатай гэсэн тул Байнгын хорооны хуралдааныг хойшлуулсан юм. Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураав. Саналуудыг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Сумъяабазар нар бичгээр ирүүлсэн болно. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 2/17.4 дэх хэсгийн “сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтийг хүлээн авах хугацааг өдөр тутмын сониноор нийтэд зарлана.” гэснийг “сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.” гэж өөрчлөх; Төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 18.1.4 дэх заалтын “хайгуулын үйл ажиллагаа явуулах” гэснийг хасах; Төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 20.3 дахь хэсгийн “тухай болон” гэснийг “бол сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүү,” гэж, “бичгээр мэдэгдэнэ” гэснийг “хүргүүлнэ” гэж тус тус өөрчлөх гэсэн саналууд ирүүлжээ.

 

 

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар тус бүр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих