Монголын баялгийг цөлмөсөн шинэ цагийн баячууд

Сүүлийн үед олон улсын Хөрөнгийн биржүүд дээр хувьцаа гаргаж борлуулах хүсэлтэй компанийн эзэд цөөнгүй төрөн гарсны нэг нь “Хүннү ресурс” ХК-ийн захирал Төмөрийн Лхагвадорж юм. Тэрбээр Украины Политехникийн дээд сургууль, АНУ-ын Колорадогийн уул уурхайн их сургууль зэрэгт дагнан суралцсан бөгөөд үнэхээр л уурхайн мэргэжилтэн гэж хэлж болохоор нөхөр аж.

Т. Лхагвадорж хэдэн жилийн өмнөөс өөрт эзэмшсэн гэх олигтой лицензгүй боловч хэд хэдэн компанийн захирлын тархийг угааснаар Говь-Алтайд байршилтай “Алтайн нүүрс”, “Ар зүүн гол”, Дундговь аймагт орших “Үнст худаг”, “Цагаан дэлгэрэх”, Өмнөговь аймгийн “Цант уул”, “Буян”, “Тэнүүн-2″, “Цохио”, “Хүрээ-2″ болон Сүхбаатар аймаг зэрэг газрын уул уурхайн лиценз эзэмшигчдэд молиго үмхүүлж Австралийн Хөрөнгийн бирж дээр IPO босгож хамтран ажиллах сайхан боломж байна гэж хошгируулжээ. Чингэхдээ энэ олон уурхайн тодорхой хувийг эзэмшдэг гэх хуурамч гэрээг тухайн компанийн захирлуудтай хийж гадаадын бирж дээр хөрөнгө босгох ажилдаа ханцуй шамлан орсон байна. Эхний ээлжинд нэлээд олон сая доллар босгосон тус компанийнхан цаашид улам бүр хувьцаа нь үнэд орно хэмээн найдаж байсан боловч саяхан “Хүннү ресурс”-ын гүйцэтгэх захирал Мэтью Вүүд Жорж, Т.Лхагвадорж нар Тайландын “Бампу” компанид хувьцааныхаа 90 хувийг шуудхан 400 сая ам.доллараар бэлнээр нь зарах гэж байгаа тухай өдөр тутмын хэвлэлд гарснаар дээрх уурхайн лицензийг эзэмшигч компаниуд хэвлэлийн бага хурал хийлгэж, Т.Лхагвадоржийн Австралид бүртгэлтэй “Хүннү ресурс” ХК-ийг олон улсын Арбитрын шүүхэд өгөх болсноо зарласан билээ.

Энэхүү жишээнээс харахад хялбар аргаар Хөрөнгийн бирж дээр мөнгө босгож болдог гэх залилан мэхлэгчид хууртагдсан хэд хэдэн компанийн захирлууд яах учраа олохгүй бужигналдаж байна. Тэдний хувьд өөрсдөө Т.Лхагвадоржийг хувь эзэмшдэг гэх гэрээ хийсэн тул Арбитрын шүүх дээр очоод бүрэн дүүрэн ялалт байгуулах магадлал хомсхон байна.

Энэ мэтчилэн харийн луйварчдад газар нутгийнхаа эд баялгийг хямд үнээр зарж борлуулчихаад, ямар нэгэн бүтээн босголт хийхийн оронд бусдыгаа залилан мэхэлж, оргон зайлах үзэгдлүүд ч эхнээсээ гарч эхлээд байна. Үүний тодхон жишээ гэвэл саяхан УИХ-ын танхимд шуугиан тарьж байсан “Шивээ овоо” ХК-ийн “Шинэ шивээ овоо” ХХК-нд төрийн мэдлийн 85 хувийн уурхайн зөвшөөрлийг хэдэн жилийн тэртээ алдсан явдал юм. Тус компани шүүхээр заргалдсан боловч таван удаагийн шүүх хурлаар тэд юу ч олж долоосонгүй. Эцэстээ энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, төрийн төмөр нударгыг мэдрүүлэхээс өөр гарц арга зам гэж үгүй болсон аж. “Шинэ шивээ овоо” ХХК-ийн захирал Эрдэнэбат гэгч нөхөр өдөр тутмын сонинд “Захирлын туслах ажилд яаралтай авна” хэмээн 9908….-тай дугаар тавьсан байх агаад харин өөрийн эзэмшлийн 9911….-тэй дугаараа хэл ам гарсан цагаас хойш хаасан байна. Тус асуудалтай холбоотой яам, тамгын газрынхан Эрдэнэбаттай холбоо барих гэсэн боловч тэрбээр усанд хаясан чулуу мэт таг чиг болсон хэдий ч хааяахан нэг үл таних дугааруудаас танил дотны хүмүүс рүүгээ утас цохиж, өөрийгөө гэм зэмгүй нэгэн гэдгээ хэлж ярьсан байдаг. Эрдэнэбатын эхнэр эдүгээ “Монгол тулгатны 100 эрхэм” хэмээх нэвтрүүлгийг хийж олон ч хувийн телевизээр төлбөртэйгээр цацуулж байгаа нь бас нэгэн хардлагыг төрүүлсэн нь үнэний ортой байна.

Тэрбээр “Шинэ шивээ овоо”-гийн 85 хувийг хятадуудад худалдсан гэх мэдээлэл байгаа бөгөөд юутай ч дээрх нэвтрүүлгийг ивээн тэтгэж “Ланд 200″ жийп л гэхэд хоёр, гураваар нь хөлөглөчихсөн хос дугаар зүүчихсэн давхиж явсан гэнэ. Иймэрхүү нөхдүүд л эх газрын минь газар шороо, байгалийн баялгийг харийн новшнуудад дамлан худалдаж байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагынхан дээрх асуудлуудыг таслан зогсоож, монгол хүний эзэмших учиртай уул уурхайн лицензүүдийг төрд эргүүлэн авах нь зүйд нийцнэ.
А.Харанга (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих