БАГА АНГИЙНХНЫ ҮҮРЧ ЯВАА АЧААГ ХӨНГӨРҮҮЛЭХ БОЛОН ГЭРИЙН ДААЛГАВРЫН СТАНДАРТ ГАРГАЯ

12692

Манай сайт өмнө нь бага ангийнхны үүрч яваа цүнх арай дэндүү хүнд байна гэсэн нийтлэл цувралаар гаргасан билээ. Бага насны хүүхэд хүнд ачаа дааж ядан явах ямархуу хор уршигтайг АШУҮИС-ийн орчны эрүүл мэндийн тэнхимээс сэрэмжлүүлсэн байна. Сургуулийн босго дөнгөж алхаж буй  нялх үрс маань дааж ядсан  цүнх үүрснээр нуруу мөрний далийлттай болдгийг эмч нар анхааруулжээ. Түүгээр ч  зогсохгүй  хүүхдийн нурууны мэдрэлийн судаснуудыг дарснаас болж тархи толгой өвдөх, даралт ихсэх эрсдэлтэйг тогтоожээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар хүүхэд хэр хүнд  цүнх үүрч явах вэ гэдэгт  мөрдөх стандарт байдагггүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид дурдсанаар, цүнх нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн байдаг. 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг гэх мэтчилэн  цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм байдаг юм байна. Гэтэл бид үүнийг огт мэдэхгүй. Хүүхдийнхээ цүнхэнд хэрэгтэй хэрэггүй хамаг юмыг нь чихэж өгөөд явуулчихдаг. Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь  өгч явуулж хэвших хэрэгтэй юм. Цүнхний жинг хэтрүүлсэнээр хүүхдийн өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлж, нуруу мөрийг нь муруйлган далийлгана гэдгийг санах ёстой.

23365250_1230488833749279_1066466923_n

Эцэг,эхчүүд анзаарах сөхөөгүй байтал нэг л өдөр  асуудалтай тулгарах болно.  Олон хичээл ордог учраас 5-6 сурах бичигтэй явах нь сурагчид болоод эцэг эхчүүдийн хувьд хэвийн үзэгдэл болчихоод байна. Тиймээс манай улсын хувьд цүнхэнд мөрдөгдөх стандартыг бий болгож эцэг эхчүүд, багш нар болон сургуулиуд сурагчдынхаа нуруунд аль болох хүнд ачаа үүрүүлэхгүй байж ирээдүйд гарч болох олон сөрөг үр дагаваруудаас сэргийлэх шаардлагатай гэж эмч нар анхааруулж байна. Ирээдүй үеийнхээ төлөө санаа тавьдаг улсууд бага ангийн сурагчдын сурах бичгийг жилээр биш сараар, улирлаар үзэх гэсэн үндэслэлээр нимгэн болгож хүүхдийн ачааг хөнгөл байдаг аж. Гэтэл манайд эсрэгээрээ зузаан зузаан сурах бичиг, олон хуудастай зузаан дэвтрийг янз бүрийн хичээлийн хэрэгсэлтэй хамт үүрүүлээд л зүтгүүлээд байх нь арай л биш юм. Ер нь цүнхний хүнд хөнгөний стандарт байтугай гэрийн даалгаврын стандарт ч байх ёстой. Багш нар хүүхдэд ялангуяа бага ангийнхад дэндүү их даалгавар өгдөг. Анги дээрээ тал хуудас бичсэн бол гэртээ хоёр хуудас,анги дээрээ хоёр дасгал ажилласан бол гэртээ 20-30 бодлого даалгаварт авах жишээтэй. Гэртээ даалгавар аваад л хийгээд байхад сурч болдог юм бол ачаатай тэмээ шиг хүнд цүнх үүрч өдөр бүр сургууль явах хэрэг байна уу. Гэрийн даалгаврын стандарт гэж Монголд байдаг уу гэж эцэг, эхчүүд их асуух болсон байна билээ.

Н.Дөл


URL:

Нэр: zochin Огноо: 7 November 2017

mash zuv asuudal. ard niiteeree heleltsej yaraltai shiideh heregtei

Сэтгэгдэл бичих