“СУЛЬДААТАЙ” ТӨСВИЙН ТӨСӨЛ
Эдийн засгийн хүнд сорилтуудтай нүүр тулж, модоо барих шахсан Монгол Улс ирэх оныхоо төсвийг батлахаар дуншиж байна. Хуулиараа бол энэ сарын 15-ны дотор батлагдах ёстой төсөв улстөрчдийн зодооноос болж эхний хэлэлцүүлгээ ч хийж чадсангүй. 492 хуудастай ирэх оны төсвийн төсөлд 7.2 их наяд төгрөгийн орлогыг татвар болон уул уурхайн ашгаас олно гэж төсөөлжээ.
Харин зарлага нь өмнөх жилүүдийнхээс өсч, 9.6 их наяд төгрөг байхаар төсвийн төсөлд тусгасан байна. Төсвийн зарлагыг нөхөхөд 2.4 их наяд төгрөгийн дутагдал үүсэхээр байгааг төсвийн төслөөс харж болно. Хэрүүлийн гол бай болоод байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилсан төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн урамшууллыг тараахад зориулж энэ оны төсвийн тодотголд 50 гаруй тэрбум тусгаж, ирэх оны төсөвт мөн 50 тэрбум төгрөг тусгах шийдвэр нь цагаа олоогүй бололтой. Олон хүний эсэргүүцэлтэй тулаад буй. Мөн нийт хүүхдийн 60 хувьд мөнгө олгох, “Цалинтай ээж” хөтөлбөр зэрэг халамжийн шинжтэй зорилтууд ч ирэх оны төсөвт багтсан юм.
2018 оны төсвийн төсөлд томоохон мега төслүүдээ санхүүжүүлэх зорилт бараг л багтаагүй нь ёстой нөгөө “Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” байх бодлогыг баримталсан нь харагдаж байна. Засгийн газар он гараад төлөх “Чингис” бондын 500 сая ам.долларын араас ирэх онуудад төлөх 24 их наяд төгрөгийн өртэй нүүр тулна. Түүнчлэн ирэх жилээс зээлсэн мөнгөнийхөө хүүнд 1.15 их наяд төгрөг төлнө. Жил бүхэн тулгардаг төсвийн урсгал зардалтай холбоотой асуудлууд ирэх жил ч тохионо. Тиймээс хоолойд тулсан эдийн засгийн хүндрэлүүдээ шийдэхийн тулд энэ Засгийн газар хичээж ажиллах учиртай. Ингээд ирэх оны төсвийг хэрхэн төсөөлснийг тоймлон хүргэе.
ИРЭХ ОНД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ БҮХЭЛДЭЭ ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Манай улсын төсвийн орлого ашигт малтмалын үнэ ханштай салшгүй холбоотой. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурахад манай эдийн засаг дагаад мууддаг. Тэгвэл ирэх жилүүдэд металын ханш тогтвортой байна гэж олон улсын байгууллагууд таамаглаж байгаа юм. Европ, Америк, Ази бүхэлдээ эдийн засгийн сэргэлттэй байна гэдгийг судлаачид хэлж буй. Ийм тохиолдол дэлхийн түүхэнд ховор байжээ. Ямар нэгэн улс төрийн эрсдэл бий болчихгүй л бол дэлхийн эдийн засгийн өсөлт ойрын жилүүдэд сайн байх нь. Тухайлбал, Евро бүсийн 2018 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 1.9 хувь болгож өсгөсөн байна. Эдийн засгийн өсөлтийн таамаглал нэмэгдсэн гол хүчин зүйл нь Франц, Герман, Итали, Испани зэрэг улсуудын 2017 оны эхний улирлын эдийн засгийн өсөлт таамаглаж байснаас өндөр гарсантай холбоотой гэнэ. Дэлхийн эдийн засгийн өсөлт дунд хугацаанд харьцангуй тогтвортой байх хандлагатай байгаа нь эрдэс бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлж байгаа юм. Гэсэн хэдий ч БНХАУ болон зарим хөгжингүй орнууд нүүрсний хэрэглээнээс татгалзаж, хэрэглээгээ бууруулах бодлого баримталж байгаа нь нүүрсний үнэ 2018-2020 онд 2017 оны төвшнөөс буурч болзошгүй байна гэдгийг шинжээчид таамаглажээ. Тиймээс манай улс ирэх оныхоо төсвийг төсөөлөхдөө ашигт малтмалаас багагүй ашиг олно гэж төсөөлжээ. Гэхдээ гарч болзошгүй эрсдлийг хэрхэн тооцсон нь тодорхой бус байна.
УУЛ УУРХАЙГААС ИРЭХ ЖИЛ 1.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛНО
Уул уурхайн экспортын голлох зургаан бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ 2016 оны зургаан сард нийт дүнгээрээ 1.8 тэрбум ам.доллар байсан бол 2017 оны есөн сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Ийнхүү уул уурхайн мөчлөг дагасан эдийн засгийн уналт зогсож, сэргэлт эхэлсэн таатай он жил гарч байгаа боловч эдийн засгийн хүндрэлүүдийг арилгах, төсвийн алдагдал болон өрийн дарамтыг бууруулах сайхан боломжуудыг Засгийн газар бүрэн ашиглаж чадахгүй байна. Дэлхийн зэсийн нийт хэрэглээ 2016 онд 2.3 хувиар өссөн бол 2017-2018 онд 2.4 хувиар өснө гэж шинжээчид төсөөлжээ. Мөн алт, үнэт эдлэлийн худалдан авалт өсөхөөр байгаа нь 2018 онд алтны нийт эрэлтийг 6.1 хувиар өсгөхөөр байна.
Ирэх оны улсын төсөвт “Оюутолгой” компани 764.8 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн борлуулж, 406.1 тэрбум төгрөгийг, “Эрдэнэт үйлдвэр” 601.2 мянган тонн зэсийн баяжмал, 4.1 мянган тонн молибдены баяжмал экспортолж, 538.4 тэрбум төгрөгийг, зэсийн үүсмэл ордод үйл ажиллагаа явуулдаг бусад компаниас 62.6 тэрбум төгрөгийн татварыг тус, тус төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Түүнчлэн ирэх онд “Оюутолгой” компани 764.8 мянган тонн, “Эрдэнэт” үйлдвэр 601.2 мянган тонн зэсийн баяжмал, үүсмэл ордод үйл ажиллагаа явуулдаг компаниуд 7.1 мянган тонн цэвэр зэс экспортлохоор төсвийн төсөлд тооцсон байна. Харин зэсийн үнийн төсөөллийг 2018 онд тонн тутамд 6430 ам.доллар байхаар төсөөлжээ. Түүнчлэн, “Оюутолгой”-н экспортлох зэсийн баяжмалд нийт 8.8 тонн алт агуулагдахаар тооцсон бол нэг унци алтны үнийг 1291 ам.доллар байхаар тооцсон байна.
Тэгвэл ирэх оны төсөвт баяжуулсан коксжих нүүрсний үнийг тонн тутам 100 ам.доллар, боловсруулаагүй коксжих нүүрсний үнийг 60 ам.доллар байхаар төсөөлжээ. Харин нүүрсний экспортын хэмжээг 28 сая тоннд хүрэхээр төсөөлсөн байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 2018 онд нийт 806.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, үүнээс “Төсвийн тогтворжуулалтын сан’’-д 97.4 тэрбум төгрөг, улсын төсөвт 248.2 тэрбум төгрөг, “Ирээдүйн өв сан”-д 460.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Харин газрын төлбөрийн орлогоор нийт 57.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө гэж тооцсон байна.
Түүнчлэн, ирэх онд дэлхийн гангийн хэрэглээ 1,665 сая тонн, үйлдвэрлэл 1,666 сая тонн хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Харин БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл 2018 онд 800 орчим сая тонн болж, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс тав орчим сая тонноор буурна гэж төсөөлсөн байна. Ийнхүү БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл буурах эрсдэл байгаа нь коксжих нүүрсний үнэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаа аж. Хэрэв коксжих нүүрсний үнэ төлөвлөсөн хэмжээнээс 10 ам.доллараар буурвал 4.9 тэрбум төгрөгөөр, экспортын хэмжээ нэг сая тонноор буурвал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 8.9 орчим тэрбум төгрөгөөр буурах эрсдэлтэй байгааг 2018 оны төсвийн төсөлд дурджээ.
ТАТВАРЫН ОРЛОГО 6.2 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРНЭ
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар нэмсэн. Тиймээс ирэх жилийн төсөв татвараас нэлээд зулгаасан дүр зураг ажиглагдаж байна. Татварын орлого ирэх онд 6.2 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцжээ. Үүнээс орлогын албан татвараар 1.4 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоор 1.4 тэрбум төгрөг, хөрөнгийн албан татварын орлогоор 111.2 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоор 1.5 тэрбум төгрөг, онцгой албан татварын орлогоор 684.3 тэрбум төгрөг, тусгай зориулалтын орлогоор 12.1 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлогоор 536.9 тэрбум төгрөг, бусадтатвар, төлбөр хураамжийн орлогоор 568.2 тэрбум төгрөг тус, тус төсөвт төвлөрөхөөр тусгасан байна. Татварын орлого энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 607.6 тэрбум төгрөг буюу10.7 хувиар өсөж байгаа нь орлогын албан татварын орлого, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого, онцгой албан татварын орлого болон гадаад үйл ажиллагааны орлогын өсөлтөөс хамаарахаар байна. Түүнчлэн ирэх жилийн төсөвт Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газартай холбоотой эрх шилжүүлэх ажил гүйлгээнд ногдуулах татварын харилцааг боловсронгуй болгоно гэж тусгажээ.
ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУВЬЧЛАХАД ЗОРИУЛЖ, 100.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВТ СУУЛГАВ
Төсвийн хөрөнгөөр хийгдэх зарим ажлаас дурдвал, 2018 оны төсөвт Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг урт хугацаат хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр болжээ. Шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орох хүртэл хугацаанд одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгалд зориулж ирэх онд 10 тэрбум төгрөг зарцуулах аж. Түүнчлэн “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд cap бүр, түүнчлэн гурав болон түүнээс дээш 0-18 насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж олгох бөгөөд тэтгэмжийн хэмжээг хүүхдээ асарч байгаа эхэд сарын 50 мянган төгрөг буюу улиралд 150 мянган төгрөг, өрх толгойлсон эх, эцэгт улиралд 240 мянган төгрөгөөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Түүнчлэн ирэх жилийн төсөвт төрийн өмчийг хувьчлахад зориулж, 100.7 тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ. Үүнээс Төрийн банкийг 75 тэрбум төгрөгөөр хувьчлахаар болсон байна.
Үүнээс гадна төрөөс дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай оюутан, суралцагчдад олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид зориулж 12.6 тэрбум төгрөгийг төсөвт суулгахаар болжээ. Мөн малчны тэтгэвэрт гарах насыг таван жилээр багасгаж, нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээг хэрзгжүүлж эхлэх гэнэ. Улмаар нэг аймагт дунджаар долоон тэрбум, нийтдээ 147 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвлөжээ. Харин тэтгэвэр нэмэхэд зориулж 137 тэрбум төгрөг төсвийн төсөлд суулгасан байна. Түүнчлэн төсвийн хөрөнгөөр барих бүтээн байгуулалтад 625.2, “Барих шилжүүлэх” концессын гэрээгээр хэрэгжүүлэх барилга байгууламжид 82.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Хэдийгээр Монгол Улсын эдийн засагт сэргэлт гарч байгаа ч уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэд түшиглэсэн өсөлт цаашид хэр удаан хадгалагдах болон тогтвортой үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна. Гадаад зах зээл дэх тодорхой бус байдал, өрийндарамт зэргээс шалтгаалан Монгол Улсын эдийн засаг эмзэг хэвээр байгаа. Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт харьцангуй сэргэж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байгаагаас шалтгаалж, уул уурхайн салбарын өсөлт 2018 онд 3.9 хувьд хүрнэ гэдэг өөдрөг төсөөллийг ирэх оны төсөвт тусгажээ. Түүнчлэн ирэх онуудад төлөгдөх бонд, зээлийн үндсэн төлбөрийг хийхэд хүндрэл гарвал хөрөнгө оруулагчид болон санхүүгийн салбарт тодорхой бус байдал үүсч, эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна гэдгийг төсөлд дурдсан байна. Төгсгөлд нь хэлэхэд, татвар болон уул уурхайн орлогод хэт найдсан, томоохон бүтээн байгуулалтын сураг нь ч сонсогдоогүй “Сульдаатай” төсөв удахгүй батлагдах нь ээ.
У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: