ХБИ ажиллуулаагүй байгууллагуудад 348 сая төгрөгийн төлбөр ногдуулжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд шалгалт хийжээ.
Шалгалт 636 аж ахуйн нэгж, байгууллагыг хамарсан бөгөөд 192 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулаагүй, ажлын байрны төлбөр төлөөгүй гэнэ. Тиймээс улсын байцаагчийн 116 акт үйлдэж 348 сая төгрөгийн нөхөн төлбөр тооцсоноос 97 байгууллагын 277 сая төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлсэн байна.
Мөн 125 аж ахуйн нэгж байгууллагад 25.4 сая төгрөгийн захиргааны хариуцлага ногдуулж, 100 аж ахуйн нэгжид зургаан заалт бүхий улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг хүргүүлжээ.
Сонирхуулахад, одоогоор манай улсад 101 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдний 30 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Аж ахуйн нэгж нь 25 ажилтан тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах журамтай байдаг. Энэ журмыг биелүүлээгүй тохиолдолд тухайн байгууллагад торгууль ногдуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлдэг юм.
Р.Ренчиндулам
URL: