Шударга өрсөлдөөний байцаагч “Талст”-аас хулгай хийсэн гэв үү
Шалгалт хийх нэрээр шүүгээнээс юм авч байгаа нь дүрс бичлэгт үлджээ
-Ц.МӨНХГЭРЭЛ: ХЭРЭВ ХЭН НЭГНИЙ ЗАХИАЛГААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА НЬ ХӨДӨЛДӨГ ЮМ БОЛ БИ Ч ГЭСЭН ТЭМЦЭХЭД БЭЛЭН БАЙНА-
“Талст fashion” дэлгүүрийн брэндийн бараа жинхэнэ эсэхийг шалгахаар очсон байцаагч тус дэлгүүрийн ажилчдын нүдийг хариулж байгаад хулгай хийсэн нь камерт бичигджээ. Энэ явдал өнгөрсөн тавдугаар сарын 6-ны өдөр болсон байна. Уг нь Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар, Эрүүгийн цагдаагийн газрынхан хамтран гурван байцаагчаа тэр өдөр шалгалт хийлгэхээр “Талст fashion” рүү илгээсэн гэнэ. Шалгалтаар очсон тэд “Энэ хаанахын бараа юм. Жинхэнэ үү” хэмээн сертификатыг нь нэхэж нэг тойруулж харснаа “LV” брэндийн цүнх хуурамч байж болзошгүй шалгана” хэмээн худалдагч нарыг нь сандарган энэ төрлийн цүнхийг нь хамаад аваад явжээ. Шалгалтынхан хэдэн цүнх авсныг нь мэдэхээр дэлгүүрийнхэн хяналтын камерынхаа бичлэгийг үзэж суутал шалгалтаар ирсэн нэг байцаагч гутал, цүнхний тасагт нь байрлах цагаан өнгийн тольтой шүүгээнийх нь шургуулганаас жижиг зүйл аваад өмднийхөө арын халаасанд хийж байхыг олж харжээ. Ингээд бичлэгийг лавшруулан үзэж энэ тухайгаа Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газарт үзүүлсэн байна. Харин Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах “Манай ажилтан шургуулганаас эд зүйл хулгайлаагүй. Өөрт хэрэгтэй гэсэн бичиг баримтыг авсан” хэмээн өмөөрчээ. Аргаа барсан дэлгүүрийнхэн шалгалтынхныг “шалгасан” бичлэгээ тус газар үлдээгээд явахаас өөр арга байгаагүй гэнэ. Гэтэл энэ явдлаас хойш Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан Нийслэлийн прокурорт хандан “Талст fashion” дэлгүүрийн эзэнд эрүүгийн хэрэг үүсгэж өгөөч хэмээн гурван удаа хандсан ч прокурор “Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл алга” гэжээ. Харин байцаагчийн хулгай хийж буй бичлэг өчигдөр зарим сайтуудад тавигдаж багагүй дуулиан тариад буй юм. Тус дэлгүүрээс бараа хумсалсан хүн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн бэр байсан тухай ч мэдээлэгдэж эхэллээ. Тодруулбал, түүний төрсөн дүүгийнх нь эхнэр гэнэ. Энэ мэдээллийн талаар “Талст fashion” дэлгүүрийн захирал Д.Мөнхгэрэлтэй уулзав. Тэрбээр “Болсон явдлын тухай асуухаасаа өмнө камерын бичлэг үз” хэмээсэн юм. Түүний нөхөр камерын бичлэгийг бидэнд үзүүлэв. Бичлэгт 30 гаруй насны үсээ боосон, хар урт хүрэм өмссөн, саарал ороолттой бүсгүй тус дэлгүүрийн нэгдүгээр давхрын цагаан тольтой шүүгээний өмнө эргэлдэх нь тод харагдах аж. Камерын дүрсний дээд буланд 2011 оны тавдугаар сарын 6-ны өдөр 17.10 цаг хэмээн он сар тэмдэглэгджээ. Шалгалтаар хоёр хүүхэн, нэг залуу иржээ. Залуу нь Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан гэнэ. Нөгөө хоёр нь Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Оюуны өмчийн газраас яваа. Саарал хүзүүний ороолттой бүсгүй нөгөө тольтой цагаан шүүгээний өмнөөс огтхон ч хөдлөхгүй байх юм. Хамт явсан хүмүүс нь шалгалт хийж буй бололтой. Нэгдүгээр давхрын заалны камерт орж, гаран бичигджээ. Харин саарал ороолттой бүсгүй толинд үсээ янзалж эсвэл толины урд өрсөн бараануудаас сонирхож буй бололтой авч барьж үзээд тавьж харагдав. 20 орчим минутын дараа бичлэгийг үзсэн хүнд өнөөх бүсгүй яах гээд буй нь тодорхой болов. Байн байн хүний сиймхий харж буцаад л нөгөө газраа зогсох юм. Тэгснээ шүүгээний доод талын хоёр шургуулгыг татаж үзэх аж. Хүний хөлийн чимээ гарвал больчих юм. Иймэрхүү маягтайгаар 20 гаруй минутын дараа бүсгүй хамгийн доод талын шүүгээг татаж дотроос нь бараан өнгийн юм авав. Чухам юу вэ гэдэг нь мэдэгдсэнгүй. Үндсэндээ байцаагч хүүхэн гурван удаагийнхаа оролдлогоор шүүгээнээс юм авч харагдав. Авсан зүйлээ урдаа барьж жаахан байснаа хурдхан шиг хүрмээ сөхөн өмднийхөө арын халаасанд хийгээд авав. Яах аргагүй тэр бүсгүй юм авах нь авсан байна. Чухам юу вэ гэдгийг мэдэх арга байсангүй. Бичлэг дээрх үйл явдлыг тоймловол ердөө л энэ. Саарал ороолттой бүсгүйг Д.Эрдэнэтуяа гэдэг аж. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч, мэргэжилтэн гэж явдаг юм байна. “Талст fashion” дэлгүүрийн захирал Ц.Мөнхгэрэлтэй ярилцлаа.
-Дээрх бичлэгийг хаана хаана өгч байсан бэ?
-Тухайн үед Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газарт өгч байсан. Ийм явдал болжээ гэдгийг мэдээд л өгсөн. Тэд авчихаад өнөөдрийг болтол бидэнд ямар ч хариу өгөөгүй.
-Танайхаас “LV”-гийн цүнхийг хурааж авах өдөр ийм зүйл болсон юм уу?
-Тэгсэн, хэдэн цүнх авч явсныг нь мэдэх гээд бид бичлэгээ үзсэн юм. Тэгээд ирсэн байцаагчдын нэг нь манайхаас юм авсан нь дүрс бичлэгт үлдсэн байсан. Чухам юу авсныг нь бид мэдэхгүй. Үүнийг хууль хяналтынхан тогтоох биз.
-Тэр цагаан тольтой шүүгээнд юу байдаг юм бэ?
-Брэндийн бараа авсан хүнд урамшуулал болгон өгдөг түлхүүрний оосор, нэрийн хуудас хийдэг сав зэрэг байдаг.
-Тухайн өдөр түүнээс өөр юм алга болоогүй юу?
-Бид юу авсан байж таарах вэ гээд бодоод бодоод олоогүй.
-Уг нь сүртэй ч зүйл байгаагүй юм байна. Байцаагч хүний хувьд тийм жижигхэн зүйл авах хэрэг байсан юм болов уу. Нэр хүндийн хувьд муухай юм даа?
-Бид ч гэсэн гайхаад байна. Ямар ч л байсан дүрс бичлэг дээр юм авч байгаа харагдаж байгаа. Баримт нь байна. Юу авсан. Үнэхээр манайхаас юм хумсалсан уу, үгүй юу гэдгийг цагдаагийн байгууллага тогтооно биз дээ. Камертай газар орж ирчихээд төрийн албан хаагч ийм зүйл хийж байхад бусад нь яах вэ. Хэлэх үг алга.
-”LV” цүнхний асуудал нээрээ юу болсон бэ. Шатаана гээд байсан?
-”LV”-гийнх гэдгийг нь таньдаг шивээс байна уу байна. Энэ брэндийн цүнхээ 300-400 мянгаас илүү үнээр зарахгүй байх бодлогыг би өөрөө барьдаг. Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан хурааж аваад жинхэнэ эсэхийг нь тогтооно гэж байгаад шууд л хэвлэлээр гадуур зарагдаж буй “LV” цүнхийг хуурамч гэж хүмүүс ярьдаг хэмээн өөрснөө бодлогогүй зүйл яриад сууж байгаа юм. Ийм шударга бус зүйл байж болохгүй шүү дээ. Тэгээд манай бараа хуурамч эсэхийг тогтоож амжилгүй шууд хэвлэлээр цацсан. Ядаж шалгалт хийсэн юм бол акт баримтаа үзүүлээд, мэдэгдээд дараа нь ийм зүйл хийх ёстой шүү дээ. Энэ чинь төрийн байгууллага. Зүй ёсоор нь бизнес эрхлэгч нартайгаа харилцах ёстой. Энэ чиглэлээр 15-20 жил ажиллаад юу нь хуурамч гэдгийг мэдэхтэйгээ болсон хүмүүстэй ийм маягаар харилцах утгагүй шүү дээ. Тэгээд дараа нь бас хэсэг чимээгүй байж байснаа нөгөө цүнхнүүдийг шатааж устгасан ухааны юм ярьж байгаа юм. Үнэхээр шатаасан юм бол хэвлэлийнхнийг дуудаад шатаах хэрэгтэй. Шатаасан гэдгийг нь хэн мэдэх юм бэ.
-Та тэгэхээр энэ шалгалт гэх нэрний цаана ямар нэгэн явуулга байна гэж бодож байна уу?
-Хэн явуулж, ямар хүмүүс шалгалт хийж байна вэ. Хяналт шалгалт хийж байгаа хүмүүс тэр чиглэлээрээ мэдлэгтэй байх ёстой. Ядаж барааны мэргэжилтэнтэй байх учиртай. Манай дэлгүүр хуурамч бараа зарсан гэж үзэж байвал нотлоод харуулах хэрэгтэй. Түүнээс гадуур зарагдаж байгаа бараа хуурамч гэж хэлээд бусдын юмыг хурааж болохгүй шүү дээ. “LV”-гийн маркетингийг гаднаас худалдаж авч өндөр үнэтэй борлуулж байснаас өөрийнхөө маркетингаар судлаад оруулж ирсэн нь үнэ хямд тусна. Тэгж байж л монголчууддаа брэндийг ойртуулж чадна шүү дээ. Олон жил энэ чиглэлээр ажилласан болохоор Монголдоо олон брэндийн барааг нэг дороос хүргэхийг хүссэндээ ийм зүйл хийж байна. Мөнгөний төлөө хийж байгаа асуудал биш. Тухайлбал, “LV”-гийн цүнхний арьсыг зурагдахаас хамгаалахаас гадна амьсгалдаг даавуун уутанд байлгадаг. Тэрэнд нь би санаа зовоод хурааж авсных нь дараа Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар руу очсон. Энэ цүнх арьсан учраас амьсгалах учиртай яагаад аваад явчихаж байгаа юм бэ гэсэн. Манай дэлгүүр арьсан эдлэл зардаг учраас чийгийг нь алдагдуулахгүйн тулд 3-9 хэмийн хооронд тасалгааныхаа температурыг барьдаг. Хүмүүс хувцас гэж үзээд байгаа болохоос хоол шиг мууддаг, чанараа алддаг. Энэ бүхнийг судлаад олон орны үйлдвэрүүдээр явсан учраас бараагаа хаанахынх, ямар чанартай, брэндийнх мөн үү, биш үү гэдгийг нь мэдэж байгаа хэрэг. Манайхаас нийтдээ таван сая 800 мянган төгрөгийн бараа хураачихаад Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан бидэнд эрүүгийн хэрэг үүсгэж өгөөч ээ хэмээн прокурорын байгууллагад хандсан байгаа юм. Прокурорынхон эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна хэмээн татгалзсан байсан. Хэрэв хэн нэгний захиалгаар төрийн байгууллага нь хөдөлдөг юм бол би ч гэсэн тэмцэхэд бэлэн байна. Яагаад тэд шударга бус зүйлийн эсрэг хэрэглэгчдийн төлөө гэсэн нэр зүүчихээд шударга бус зүйл хийгээд байгаа юм бэ. Энэ нь хэн нэг хүний захиалга юм биш үү гэсэн бодол нуулгүй хэлэхэд төрөөд байна.
Г.ЯЛГУУН Гэрэл зургуудыг Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
“ӨДРИЙН СОНИН”
URL: