Эрүүл мэндийн даатгалын мөнгөө оготнод идүүлчихлээ
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын сар тутам төлөх 4 хувь болгох шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Энэ тогтоол шинэ оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Иргэн сар бүрийн орлогынхоо 2 хувьтай тэнцэх төгрөгийг эрүүл мэндийн даатгалд заавал төлдөг байсан нь ийнхүү хоёр дахин нэмэгдсэн байна.
Мөн төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг даатгуулагч, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдлын сарын шимтгэлийн хэмжээ 500 байсныг 670 төгрөг болгон өсгөсөн байна.
Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг амьдралдаа нэг ч удаа авч үзээгүй 10 гаруй жил төлөөд явж байгаа иргэний хувьд шийдвэр дэндүү бүдүүлэг санагдав. Эхлээд үйлчилгээгээ сайжруулсныхаа дараагаар авах мөнгөө нэмж нэмж болно. Бидний төлсөн ЭМД-ын мөнгөөр санхүүждэг эмнэлгүүдийн хариуцлагагүй, мэргэжлийн ур чадваргүй, үйлчилгээний соёлгүй байдлаас нь эмээгээд ихэнх иргэд хувийн эмнэлэг рүү шогшдог. Хэрэв эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа бол хувийн эмнэлгүүдэд даатгалын сангаас бидний эмчилгээний зардлыг олгодог болох хэрэгтэй юм. Олон зуун мянган иргэний ЭМД-ын шимтгэлийг зуун хувь нэмнэ гэдэг их хэмжээний мөнгөн хуримтлал. Цалин нэмнэ гэж шоудан даатгалын төлбөр, юмны үнийг нэмэх нь арчаагүй хуурамч төрийн үнэн төрх.
Өнгөрсөн жил гахай, тахианы ханиад дэгдэх үеэр төлбөрийн чадвартай, тухайн вакциныг худалдаад авчих чадвартай хүмүүс нь өөрсдийн мөнгөөрөө худалдаад авах хэрэгтэй гэсэн. Үр шимийг нь хүртэхгүй юм бол юуны тулд би ЭМДаатгал төлдөг болж байна. Энэ хандлага зөвхөн энэ тохиолдолд ч бус бүхэлдээ Эрүүл мэндийн даатгалын механизм яг ийм зарчмаар явагддаг болоод байгаа. Та эрүүл болоод хөдөлмөрлөж байгаа бол түүнийхээ төлөө эрүүл мэндийн ТАТВАР төлнө. Та эрүүл болоод хөдөлмөрлөж байгаа бол төлбөрийн чадвартай гэсэн үг. Та эрүүл болоод төлбөрийн чадвартай бол эрүүл мэнддээ өөрөө төлбөрөө хий гэж. Би ханиад хүрлээ гэхэд өөрөө мөнгөөрөө эм авч уудаг. Би шүдээ үзүүлэхдээ дандаа өөрөө мөнгөө төлж шүдээ үзүүлж эмчлүүлдэг. Би тариа хийлгэхдээ тариагаа өөрөө худалдаж авч, сувилагчид мөнгө төлж тариагаа хийлгэдэг. Би зургаа авахуулах, цусны шинжилгээ хийлгэхдээ дандаа төлбөрөө өөрөө хийдэг. Энэ тохиолдлуудад эрүүл мэндийн даатгал нэртэй татварт төлсөн мөнгө надад огтхон ч хэрэг болж байгаагүй. Эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгө маань миний эрүүл мэнддээ хийсэн хөрөнгө оруулалт огтхон ч биш, ердөө л эрүүл байсныхаа төлөө төлдөг татвар төдий. Эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгө маань миний эрүүл мэндийн баталгаа, миний эрүүл мэндийн даатгал болж огтхон ч чаддаггүй.
Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө зориулалт бусаар зарим хулгайч эмч нарын халаасанд орсныг өнгөрсөн жил илрүүлсэн боловч, ямар хариуцлага тооцсон мөн бидний төлсөн даатгалын мөнгийг эргүүлж авсан нь тодорхой бус. Даатгалын цаад утга бол залуу, идэр насандаа хүч ухаан зарж “Тамирын голын мөсийг долоох шахам байж” хөрөнгө цуглуулаад, өвдөх шаналах болон өтөл насандаа дутах, гацахыг мэдэхгүй жаргана гэсэн үг. “Хүргэн хүү”-гийн Жамц баян шиг хэдэн сайхан шараа борлуулаад авдрандаа хийж авна гэсэн үг. Гэтэл манай улсад бол оготнод идүүлсэнтэй адил байна. Иргэний эрүүл мэндийн даатгалаар жилд зуугаад тэрбум төгрөг цуглардаг.
Иргэн сард нэг удаа Эрүүл мэндийн даатгалаас 30 мянгын багцад таарсан үзлэг, оношлогоог энэ багцаараа үзүүлж, хамрагдах боломжтой. Уг нь иргэд 10 жилийн хугацаанд 30 мянга байтугаа мөнгө төлсөн байдаг. Гэтэл ердөөл 30 мянгаар л хараалган загна, хялалзуулан байж үйлчилгээ авах эрхтэй. Уг нь ажлын зав чөлөөгөөр эмнэлэгт үзүүлнийх нэгмөсөн бүх шинжилгээүйлчилгээг хийлгэчихмээр. Гэтэл 30 мянгын лимит хэтрүүлж болохгүй. Нэг үйлчилгээ нь л гэхэд 10 мянга. Тэхээр баруун зүүн хөлөө, нэг гартайгаа үзүүлээл болоо гэсэн үг.
Угтаа бол эхний сард нь бөөрөө, дараа сард нь зүрхээ гэх мэтчилэн сард нэг удаа нэг эрхтэнээ үзүүлэх бололтой юм. Ерөөсөө ч манай улс шиг эрхтэн бүрээр нь салгаж үздэг тогтолцоотой газар байдаггүй юм шиг байна билээ. Уг нь бүх л эрхтэн нь нэгнээсээ суурилж өвддөг. Гол нь суурийг нь л олж эдгээх ёстой биз дээ. Тэгвэл манайхан нэг сард нэг эрхтэнээ үзүүлж явсаар байгаад суурийг нь олох биш бүр бүгдийг нь өвчлүүлчих бололтой.
Шимтгэл хоёр дахин нэмэгдсэн юм чинь үнэгүй үйлчилгээ 60 мянган төгрөг болох байлгүй дээ.
URL: