Б.Болор: Хятадад хар тамхины хэргээр арав гаруй хүн ял эдлээгүй, шалгуулж байгаа

Гадаад харилцааны дэд сайд Б.Болорыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-Сүүлийн долоо хоногт гадаадад байгаа манай улсын иргэд, дипломат ажилтныг гэмт хэрэгт сэжиглэж саатуулсан тохиолдол олны анхаарлын төвд ороод байна. Хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт сэжиглэгдсэн хоёр иргэд манай улсаас ямар анхаарал тавьж байна вэ?

- Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд ямар нэгэн улсад саатуулагдсан тохиолдолд тухайн улсад суугаа манай улсын элчин сайдын яамны ажилтнууд заавал очиж уулздаг. Манай иргэний эрхийг зөрчсөн байна уу, баривчлах үндэслэл нь зөв байна уу гэдгийг нягтлаад хуул, эрх зүйн туслалацааг байнга үзүүлдэг. БНХАУ-д манай улсын хоёр иргэнийг хар тамхины хэргээр саатуулсан байгаа нь үнэн ч гэсэн уг асуудлыг эцэслэн нотлоогүй байгаа. БНХАУ-аас манайд энэ тухай албан бичиг ирэхэд шалгуулж байгаа хоёр иргэнтэй БНХАУ-д байгаа Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд уулзсан. Уулзалтын үеэр тэд өөрсдийгөө гэм буруугүй гэсэн тайлбарыг өгсөн байсан.

-БНХАУ-д саатуулагдаад байгаа оюутнуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Энэ асуудал хувь хүнтэй холбоотой учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нөгөөтэйгүүр, гэмт хэрэг хийсэн гэдэг нь нотлогдоогүй шүү дээ. Харин гэмт хэрэг хийсэн нь батлагдаад, ял шийтгэл авсных нь дараа энэ талаар тодорхой мэдээлэл өгч болно. Мөн саатуулагдсан байгаа хоёр хүн нь оюутан гэсэн баталгаа байхгүй байна. Хятадын талаас манайд “Танай улсын хоёр иргэнийг хар тамхи зөөвөрлөсөн гэх үндэслэлээр баривчлан шалгаж байна” гэсэн мэдээллийг л өгсөн шүү дээ.

-Дээрх хоёр иргэнийг биедээ 500 грамм хар тамхи авч явж байсан гэсэн мэдээлэл гараад байгаа нь худлаа гэсэн үг үү?

-Яг тэдий хэмжээтэй хар тамхи авч явсан байж болзошгүй гэдгийг бидэнд мэдээлэхгүй шүү дээ. Харин шүү хурлын үеэр энэ бүхэн нь тодорхой болох байх.

-Одоогоор тэднийг хаана саатуулж байгаа юм бэ?

-Дээрх хоёр иргэнийг Бээжин дэхь цагдан хорих төвд саатуулж байгаа.

-Хоёр иргэний ар гэрийнхэнийг тэдэнтэй уулзуулах тал дээр хэр анхааран ажиллаж байна?

-Ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. БНХАУ-д зорчиход визний хүндрэл, бэрхшээл байхгүй учир ар гэрийнхэн нь дээрх хүмүүстэй уулзахаар явах нь харьцангуй чөлөөтэй байгаа шүү дээ.

-БНХАУ-ын талаас энэ хэргийн талаар мэдээлэл гаргахгүй байх хүсэлтийг танай яаманд ирүүлсэн гэсэн. Энэ үнэн үү?

-Тийм асуудал огт байхгүй. Хэргийг шалгаж байна гэдэг мэдээллийг л бидэнд ирүүлсэн.

-БНХАУ-д манай арав гаруй иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял эдэлдэг гэсэн. Тэдэнд хэр анхаарал хандуулдаг вэ. Ихэвчлэн хаана ял эдэлдэг юм бэ?

-БНХАУ-д ял эдэлж байгаа хүмүүс байгаа ч гэсэн гол төлөв энэ төрлийн хэрэгт сэжигдэгдэн шалгагдаж байгаа хүмүүс л байдаг. Гадуур яриад байгаа шиг арав гаруй хүн ял эдэлж байгаа юм биш шүү дээ. Яг ял сонсоод эдэлж байгаа нь цөөхөн учир гэм буруутайг нь тогтоогоогүй байхад тэр хүмүүсийг ялтан гэж хэлж болохгүй. Энэ хувь хүнтэй холбоотой асуудал учир тодорхой тоо, нэр хэлж болохгүй байна.

-Нэр хэлж болохгүй ч гэсэн ял эдэлж байгаа тэдэн хүн бий гээд тодорхой тоо хэлчихвэл ташаа мэдээлэл гарахгүй байх боломжтой юм л даа?

-Энэ оны байдлаар манай улсын арав гаруй  иргэнийг энэ төрлийн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа. Ял эдэлж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ энэ талаар тодорхой тоо хэлэх боломжгүй.

Тухайлбал, Дамдин, Байгальмаа нарт. Нөгөөтэйгүүр, ялтан шилжүүлэх гэрээний асуудал юу болж байна?

-Ялтан шилжүүлэх гэрээг БНХАУ-тай хийнэ. Гэхдээ хүнд онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ гэрээ үйлчлэхгүй. Төр засгийн зүгээс дээрх хоёр хүний төлөө маш их зүйл хийж байгаа. Тухайлбал, Дамдинг цаазаар авах ялыг нь түдгэлзүүлчихсэн байна. Бид иргэдээ аль болох цаазаар авахуулахгүй байхыг бодож байгаа нь мэдээж. Гэхдээ манай иргэд энэ асуудлаас холуур өнгөрч, сэрэмжилмээр байна. Гэмт хэргийн золиос болчихсон хүмүүс ч цөөнгүй байгаа.

-Швед улсад хүн амины хэрэгт холбогдсон Бат-Отгоныг шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард болно гэж байсан ч одоо болтол болоогүй байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ талаар ямар нэгэн тайлбар ирүүлсэн үү?

-Тухайн үед болсон үйл явдлыг сайн нягталж үзэх шаардлагатай байгаа гэсэн. Тухайлбал, Бат-Отгон тухайн үед үнэхээр аргагүй хамгаалалт хийсэн үү, үгүй юу. ДНК-ийн шинжилгээний хариу зэргийг бүрэн шалгаж дуусаж байж шүүх рүү шилждэг журамтай. Швед улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамныхан энэ асуудлыг бүрэн хяналтандаа авсан байгаа.

-Польш улсад саатуулсан байгаа А.Батсайханы асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа талаар мэдээлэл ирүүлсэн үү?

-Москва дахь Монгол Улсыэ Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг Польш улсын хил дээр барьсан нь үнэн. Бариад гурван сар хорихоор болсон тухай Польш улсын прокурорын газраас мэдэгдсэн. Хорино гэдэг нь шалгана гэүг шүү дээ. Баривчлах үеэр энэ хүн ямар нэгэн хууль зөрчсөн асуудал үүсгээгүй байсан юм билээ. Тухайн үед гэр бүлийнхэнтэйгээ амралтаараа Польш улсад аялж явсан юм билээ. Польш улсын талаас бидэнд өгсөн мэдээлэлд “А.Батсайхан 2004-2007 онд Варшав дахь Монгол Улсын Эчин сайдын яаманд ажмллаж байхдаа янжуур тамхи зөөсөн хэрэгт оролцсон байж болзошгүй гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж байна” гэсэн байсан.

-Манай улсын дипломат ажилтнууд янжуур тамхи зөөвөрлөсөн асуудалд ороооцолдох нь элбэг байсан. Гэтэл энэ асуудалд холбогдсон хүмүүс өнөөдөр ч дипломатын ажлаа хийж байна гэсэн шүүмжлэл гардаг. Арга хэмжээ авч чадахгүй байна гэж ойлгож болох уу?

-Янжуур тамхины наймааны асуудалд 2000 оны дунд үед европт сууж байсан манай дипломатчид холбогдож байсан нь үнэн. Гэхдээ яг энэ асуудалд оролцсон нь үнэн гэж нотолсон нь цөөхөн. Харин оролцож байсан нь үнэн гэдгийг нь баталсан тохиолдолд ялыг нь эдлүүлсэн шүү дээ. Ийм хэрэгт сэжиглэгдэж байгаад ирээд манай яаманд хандахад нь бид ажилд аваагүй тохиолдолд ийм яриа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Би тэгж л хардаж байна. Харин 2008 оноос хойш энэ асуудлыг бид бүрэн таслан зогсоож чадсан гэдгийг хариуцлагатайгаар хэлж чадна.

-Тэгвэл энэ хэргийг одоо сөхөж байгаа шалтгаан нь юу юм бол оо?

-Тухайн хүн 2007 оноос хойш сая л Польш улсад очсон юм байлгүй. Англид Б.Хурцыг баривчилдаг тохиолдол шиг гэх үү дээ.

-Б.Хурц гэснээс түүнийг суллуулах зорилготой байгуулсан ажлын хэсгийн ахлагчаар та ажилласан. Гэтэл тухайн үед Б.Хурцыг сулласан эсэх талаар ямар ч мэдээлэлгүй байсан нь сонин санагддаг юм?

-Тухайн үед ярих ярихгүй зүйлүүд байсан юм. Одоо бол энэ талаар тодорхой хэлж болно л доо. Ажлын хэсгийн ахлагчаар жил гаруй хугацаанд ажилласны хувьд тэр хүнийг ирэх өдөр ирнэ гэдгийг нь мэдсэн учир л онгоцны буудал руу явсан байж таарна шүү дээ. Ажлын хэсгийн гол зорилго нь Б.Хурцыг монголд авчрах байсан шүү дээ. Гэхдээ энэ хүнийг монголд иртэл нь шуугиад яах вэ гэдэг үүднээс нууцын зэрэглэлтэй ажилласан. Тухайн үед би Б.Хурц суллагдсан уу, үгүй юу гэдэг асуултад хариулт өгөөгүй. Харин Б.Хурц монголд байгаа юу гэдэг асуултад үгүй гэдэг хариулт өгч байсан. Мөн батлан даалтад гарсан уу гэдэг асуултад үгүй л гэж хариулж байсан. Баривчлах тогтоол нь хүчингүй болсон хүнийг би батлан даалтад гарсан гэж хэлэх ёсгүй байсан юм.

-Тэгвэл түүнийг суллагдсаныг нь хэзээ мэдсэн юм бэ?

-Б.Хурц монголд есдүгээр сарын 28-нд газардсан. Гэхдээ үүнээс өмнө суллагдсан. Тухайн үед нь л мэдсэн.

-Ардын намынхан хүчээ нэгтгэж эхэлж байхад Ардчилсан намынхан дотроо нэлээд бужигнаж эхэллээ. Зарим гишүүн нь намынхаа хувь заяанд нэлээд санаа зовж байх шиг байна. Ардчилсан залуучуудын холбооны тэргүүний хувьд та ямар бодолтой байна?

-Би хувь хүнийхээ үүднээс Ардчилсан намын рейтинг Ардын намынхаас өндөр байгаа гэж харж байгаа. Манай намын гишүүд намынхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа нь дотооддоо ямар ардчилалтай нам бэ гэдгийг л харуулж байгаа юм уу даа. Гэхдээ бүх асуудлаа үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар авч хэлэлцэх нь зөв л дөө. Өнөөдөр би гэхээсээ илүүтэй нам гэж хандах ёстой. Хэрэв хувийн тоглолтыг илүү хийвэл хариуцлагатай үед намын рейтинг унах байх. Залуучууд ч энэ байр суурийг баримталж байгаа.

-Ирэх жилийн сонгуулийн “Хоёрдугаар ээлжийнхэн” гэсэн хэсэгт таны нэр орчихсон байсан. Гэтэл танай намын залуус нэг л идэвхгүй байх шиг санагддаг?

-Би бол гурван жил дэд сайдын албыг хашиж байна. Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллагын ерөнхийлөгчийн хувиар сонгуульд нэр дэвшинэ. Гэхдээ хоёрдугаар ээлж гэдэг яриаг одоо болимоор л юм. Ардчилсан намын залуус тэгж их улстөржөөд байдаггүй. Би ч гэсэн үүний нэгэн адил л явж ирсэн. Гэхдээ ирэх жилээс эхлэн шийдвэр гаргах дээд шатанд байг гэхэд дунд шатанд  залуусын оролцоог нэмэгдүүлэх үүднээс АЗХ бүх аймаг, дүүргүүдтэй “Нэр дэвшигчдийн 50-иас доошгүй хувь нь 36-аас доош насны залуус байна” гэсэн гэрээг хийн ажиллаж байна. Намын удирдлагууд ч үүнийг хүлээн зөвшөөрсөн, дэмжиж байгаа.

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих