З.Энхболд: Уул уурхайн 30 гэр бүлийн нэг нь Л.Энх-Амгалан

12554

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Уг хэлэлцүүлгийн үед Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос гишүүд асуулт асууж, хариулалт авсан юм. Энэ үед УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн тамгын газрын даргад анхааруулга хэлж, бас асуулт асуусан нь энэ хоёр эрхмийн дунд маргааны сэдэв болов.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: “Энэ хориг Ерөнхийлөгчийн хориг яг мөн үү? Эсвэл Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга  З.Энхболд таны хориг юм уу. Өнөөдөр та ийм асуудал УИХ-д оруулж хүний нэр хүндэд халдаж эрхгүй. Та бол одоо УИХ-ын дарга биш, АН-ын дарга ч биш. Зөвхөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гэдгээ ойлго.  Битгий УИХ-ын танхимд орж ирчихээд том дугарч гишүүдийг загнаж зандраад бай. Хүмүүсийн нэр төрд халдахаа болиорой” хэмээн асуух, сануулахыг зэрэгцүүлсэн юм.

Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нь мөчөөгөө өгсөнгүй. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн асуулт хэлбэртэй сануулга болох үгэнд тэр дор нь хариуг нь барилаа.

           Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: “30 гэр бүлийн төлөөлөллийн нэг болсон Л.Энх-Амгалангийн асуултад хариулъя. Өөрийн чинь хувьцаа эзэмшиж байгаа “Энержи Ресурс” гэдэг компани Тавантолгойг үнэгүй авсан. Түүнийгээ буцаагаад өгчих. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 6.1-ийг зөрчсөн учраас хориг тавьсан. Тэр уурхай чинь Л.Энх-Амгалангийн өмч биш шүү. бас Ч.Хүрэлбаатарын өмч ч биш гэдгийг л хэлж байгаа юм. Намаараа түрий бариад авч үлдэх биз та нар. Гэхдээ баян хоосны ялгаа туйлдаа хүрсний ганц шалтгаан нь ард түмний баялгийг хэдхэн хүн хувьчлаад авчихсанд л байгаа шүү. Би чиний авсан Тавантолгойг ярьж байна. Чи шүүх цагдаадаа өгөөд харьц л даа” гэж егөөдсөн юм.

Ерөнхийлөгчийн хориг дотор 30 гэр бүл гэх үг яваа. Өнөөдөр уг 30 гэр бүл хэн хэн болох, нэрийг нь мэдэхийг хүсэгчид нэмэгдэж байна. Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд уг асуудалд ёгтлолтой тайлбар өгөх болсон билээ.


URL:

Сэтгэгдэл бичих