Түмнээсээ нуугддаг ТУЗ-тэй Монголд Оюутолгойг эсэргүүцвэл ажилгүй болно

Хөрсөн доороос баялаг олборлогчдын хувьд өнгөрсөн долоо хоног дуулиан дүүрэн байлаа. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр лхагва гаригт анх удаа 9400 ам.доллар давсан нь цаашид энэ металлын үнэ чангарахын илрэл байв. Чили болон Хятадын худалдан авалтын дүн мэдээ худалдаачдад “Нийлүүлэлтээ нэм, эрэлт өсөх нь” гэсэн дохио өгчихжээ. Энэ бол мэдээж манай гаригийн зах зээлийн хувьд түүхэн мэдээ.

“Дорнод уран” хаалттай ертөнц
Ураны хамтарсан үйлдвэр байгуулах тухай Орос, Монголын удтал ярьсан хэлэлцээ энэ сард хийгдсэн Ерөнхий сайдын айлчлалаар биеллээ олсон. 51:49 гэдэг харьцааны даана хэчнээн асуудал нуугдаж байгааг харин Засгийн газар тодорхой .хэлсэнгүй. “Оросууд энэ компанид Монголын хувийг бууруулахыг хүсч байна” гэж айлчлалд дагалдан явахаасаа өмнө Цөмийн энергийн газрын дарга нуугаагүй билээ. ОХУ-ын Ерөнхий сайдын төлөвлөгөө ёсоор ОХУ 50 хувийн оролцоо шаардаж байлаа. 51 хувийн оролцоотой ч уран үйлдвэрлэдэггүй Монгол Улсын хувьд “Эрдэнэт”-ийн жишээ давтагдах уу гэсэн асуулт бий.

Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн, захирал Д.Батжаргал энэ долоо хоногт манай сонинд өгсөн ярилцлагадаа “Орос цөмийн салбарт том хамтрагч. Тиймээс бидэнд тэдэнтэй хамтрахаас өөр сонголт байхгүй. Цаашид бусадтай нь ч ийм байдлаар хамтрах нь зөв” гэснийг саная. Харин доктор С.Авирмэд “Энэ удаагийн хэлэлцээ 51:49 хувийн оролцоотой “Дорнод уран” үйлдвэр байгуулна гэснээс биш цаана нь байгаа дэлгэрэнгүй зүйлс нь алга. Орос руу ураны хүдрээ гаргаад, хилийн цаана тэд л бүгдийг хийнэ гэвэл бидэнд ашиггүй. Харин уран баяжуулах үйлдвэр байвал болж байна” гэв. Түүнийхээр өнөөдрийг хүртэл айлчлалаас “Дорнод уран”-ы эдийн засгийн ур ашгийн тооцоо бидэнд ирэх өгөөжийг хэрхэн тооцоолсноо Засгийн газар нууж байна. Гэлээ ч өнөө хэр нь хэвлэлийн хуудаснаа Засгийн газрын төлөөлөгчид энэ гэрээний наад, цаад талыг дэлгээгүй хэвээр байна.

Ард түмнээсээ нуугдаж тоглосон Тавантолгойн ТУЗ
Энэ бол гадаадын хөрөнгө оруулагч болоод дотоодын олборлогчдын хувьд хүсэн хүлээсэн, бас таавар болоод байсан зүйл байв. Уг нь Ерөнхий сайд асан С.Баяр аливаа асуудалд ард түмнээрээ хэлэлцэж шийдэж байхаа амласан бол залгамж халаа Засгийн газар нь эсрэг нүүдэл хийлээ. Тавантолгойн ТУЗ хэн болох гэж байгаа, ямар шалгуураар сонгож байгаа, яагаад тэр ТУЗ-д багтах ёстой тухайд УИХ, Засгийн газраас ганц үг ганхийгээгүй. Харин эцэст нь ийнхүү далд байсан зүйл ил болсон.

“Оюутолгойн гэрээг эсэргүүцсэн нь ажилгүй гэж мэд”
Өнгөрсөн долоо хоногт төр маань ингээд хэлчихлээ. Манай улсын хувьд зэс, алт олборлохоор зэхэж буй Оюутолгой ордынхоо үүцийг дэлгэхээс өмнө олон маргааны цаана гарах том даваатай туллаа. Энэ гэрээг өнгөрсөн оны аравдугаар сарын 6-нд батласнаас л хойш үндэсний аюулгүй байдалд аюулын харанга дэлдэж байгааг доктор С.Авирмэд болон иргэний хөдөлгөөнийхөн сануулж байлаа.

Харин энэ сарын 23-нд буюу өнгөрсөн баасан гаригт хэвлэгдсэн “Зууны мэдээ” сонинд “Оюутолгойн гэрээг эсэргууцсэн байнгын хорооны дарга нарыг өөрчлөхөөр тохирчээ” нийтлэл хэвлэгдлээ. “МАН-ын бүлгийнхэн уржигдар үдэш хуралдаж дөрвөн байнгын хорооны дарга нараа өөрчлөхөөр болжээ. Үүнд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвингийн оронд Д.Очирбатыг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энтувшингийн оронд Ж.Сүхбаатарыг нэр дэвшүүлэхээр ярилцсан байна. Д.Арвин, Ө.Энхтүвшин хоёрын хувьд намынхаа Удирдах зөвлөлд сонгогдсон тул албан тушаал давхардуулахгүйн үүднээс ийм шийдвэр гаргасан аж” хэмээн өнгөрсөн баасан гаригт “Зууны мэдээ” сонинд хэвлэгдсэн дээрх нийтлэлд дурдсан юм.

Өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг Д.Хаянхярваагаар солихоор болоод байна. Олон хүнийг гайхшруулж, шударга бус хэмээгдсэн зүйл нь гэвэл өнгөрсөн жилийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр асуултад ч хариулж чадахгүй түгдэрдэг байсан Д.Хаянхярваагаар байнгын хороог удирдуулахаар тохирсон тохироо байлаа. Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнийн оронд Д.Одбаяр гишүүнийг томилохоор болжээ.

Ж.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих