Ховдын засаг ноёнд хариуцлага тооцох уу, Ерөнхий сайд аа

150951317859f957dabf19eБаруун аймгийн засаг ноёд ойрын өдрүүдэд тун ч барцадтай байгаа бололтой. Тодруулбал, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн суудал ганхаж эхлэв бололтой.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллээс харахад энэ эрхэм аймагт нь нөхөн сэргээлт хийхээр очсон иргэнээс авлига авсан, ажилд оруулж өгнө хэмээн суудлын тэрэг авсан гэх мэт авлигын асуудалд нэр холбогдож эхэлжээ.

Тодруулбал, Ховд аймгийн Дөргөн суманд нөхөн сэргээлтийн ажил хийхээр очсон иргэнээс 8.5 сая төгрөг авсан ч ажлыг нь өгөөгүй, улмаар тухайн иргэн өрөнд орж 120 сая төгрөгөөс болж шүүхэд дуудагдсан гэх мэдээлэл байна. Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж ажилд оруулж өгнө хэмээн суудлын автомашин бэлгэнд авсан гэдгийг нотлох иргэний гомдол ч өргөдлийн хамт явж байх юм.

Түүний хувьд нэг биш удаа ийм асуудалд нэр холбогдсон гэх яриа ч гарч эхэлжээ. Тухайлбал, нутгийн иргэд, намын ахмад гишүүд нь аймгийнхаа намын хороонд Д.Галсандондогийг 60 тэрбумын жижигрүүлсэн хувилбарыг аймагтаа хэрэгжүүлж, төрийн албан тушаалыг наймаалцаж байна гэж гомдол гаргасан сурагтай. Энэ мэтээр хариуцлагын асуудлыг хаа хаанаа нэхэж эхэлсэн үед авлигын дуулианд холбогдсон түүний суудал ч ганхаж эхлэв үү гэх хардлага байгаа юм. Хэрвээ ийм асуудалд нэр холбогдсон бол хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох нь зүйн хэрэг.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа авсан даруйдаа “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар гаргасан байдаг. Тус албан даалгаварт авлигын хяналтыг сайжруулж, төрийн бүх шатны алба хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчим баримтлан ажиллахыг үүрэг болгосон нь саяхан. Мөн зөрчил дутагдал гаргасан албан тушаалтанд зохих ёсны дагуу үүрэг хариуцлага тооцохыг хатуу сануулж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт үүрэг өгсөн билээ. Тэгвэл энэ албан даалгавар баруун аймгуудад эхнээсээ хэрэгжиж эхэлжээ. Тэр ч утгаараа авлигын ийм том дуулианд нэр холбогдоод буй Ховдын засаг ноёнд хариуцлагын асуудал хэзээ яригдахыг орон нутгийн иргэд анхааралтай ажиглаж, хүлээж сууна.

 

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих