С.Ганбаатараас 50 сая воныг хурааж, 1,4 сая төгрөгөөр торголоо
УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүх хурлыг шүүгч С.Өсөхбаяр даргалж, Зөрчилд холбогдогч С.Ганбаатар, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан нарыг оролцуулан нээлттэй явуулжээ.
Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн Албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4 дэх заалтад тус тус заасныг зөрчсөн тухай Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Юү Ван Сү, Монгол Ардын Хувьсгалт Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон Нутгийн Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нараас Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус гаргасан гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн зөрчлийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцсэн байна.
1. Зөрчилд холбогдогч Биндэръяа овогт Сайнхүүгийн Ганбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад “Мөнгөн хандив иргэний хувьд 3 сая төгрөг хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна” гэж заасныг, Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.8 дахь хэсэгт “Иргэнээс бэлэн мөнгөөр хандив хүлээн авч болох бөгөөд энэ тохиолдолд хандив өгч байгаа иргэний овог нэр, регистрийн дугаарыг хандив цуглуулах эрх бүхий этгээд нь тэмдэглэн, түүний нэрийн өмнөөс сонгуулийн зардлын дансанд оруулна” гэж заасныг, Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх заалтад “Гадаад улсын иргэнээс хандив өгөх, хүлээн авахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоожээ.
2. Сонгуулийн тухай хуулийн 50.10 дугаар зүйлийн 50.10.2 дахь заалтад зааснаар зөрчилд холбогдогч С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 440 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
3. Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлсэн байна.
4. Тус шүүхийн шийтгэврийг зөрчилд холбогдогч С.Ганбаатар нь хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлэхийг мэдэгджээ.
5. С.Ганбаатарт холбогдох зөрчлийн хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 гэж тус тус дугаарласан Ди Ви Ди 8 ширхэгийг зөрчлийн хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсэн байна.
6. С.Ганбаатарт холбогдох зөрчлийн шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэврийн хувийг оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах Д.Чинзоригт даалгажээ.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оролцогчид анхан шатны шүүхийн шийтгэврийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй юм.
Оллоо.мн
URL: