МАХН-ын 20 дугаар тогтоол, МАНАН-ы сая төгрөгийн амлалт хоёрт ялгаа алга

Он гараад инфляци гэрлийн хурдаар нэмэгдэж, өргөн хэрэглээний гэлтгүй орон сууц, автомашин, бусад бараа материалын үнэ огцом өснө гэсэн
яриа иргэдийн дунд гарах болжээ. Олны яриа ортой гэдэг. Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлж, банкууд он гараад зээлээ хумих боддого барих нь тодорхой боллоо. Мөнгөний бараа харахаараа л нэг бол популизм хийх гэдэг, нэг бол өөрсөддөө гай удах юм хийж байдаг .энэ засгийн харалган шийдвэр он гаргаад иргэдийн нуруун дээр XX тогтоол шиг хүндээр унах нь тодорхой болов. Манайдаа нэртэй эдийн засагчид ч үүнтэй санал нийлж байна.

Төсвийг алдагдалтай батлах нь өөрөө хамгийн том эрсдэл. Гэтэл эрх баригчид ашигтай гарах төсвийг “татварын орлого давж биелсэн” гэсэн шалтгаар 800 гаруй тэрбум төгрөгийн тодотгол хийж 9,9 хувийн алдагдалтайгаар баталсан. татварын орлого 248.8 тэрбум төгрөгөөр өссөн юм чинь гээд 800 тэрбум төгрөгийн тодотгол хийсэн. Энэ мөнгөний бараг тал нь 60-аас дээш насныханд бэлэн мөнгө хэлбэрээр бөөн очно. Дээрээс нь алдарт эхчүүдэд олгох 400 000, 200 000 төгрөгийн амлалт, Импортын татварын нэмэгдэл нийлээд XX тогтоолын шинэ хувилбар хэрэгжих юм. Гэхдээ ирээдүйд тусах үр дагавар нь тэйгэр, газар шиг ялгаатай. 1990 оны XX тогтоол гарах болсон щалтгааныг мөнгөн тэмдэгтэй хойд хөршид үйлдвэрлэдэг байсантай холбож тайлбарлах нь бий.

Тэр үед Монгол Улс мөнгөн тэмдэгтээ СанктПетербургт үйлдвэрлэдэг байж. Тухайн үед манайхан захиалга өгдөг ч цаанаа яг хэд хэвлэгдсэнийг хянах боломжгүй байсан гэдэг. Тийм ч учраас манайхан ЗХУ-ын иргэдийн гap дээр ихээхэн хэмжээний монгол төгрөг бэлнээр байгаа гэж сэжиглэсэн байна. Ингээд гадаадынхны гар дээр байгаа бэлэн мөнгийг үнэгүйдүүлэх зорилгоор мөнгөний ханшийг хоёр дахин унагаад банкинд хадгаламжтай иргэдийн мөнгийг хоёр дахин өсгөх тухай XX тогтоолыг санаачилсан хэмээн ярьдаг юм. Үнэхээр ч энэ шийдвэр гарсны дараа бараа бүтээгдэхүүн лангуунаас хэдхэн өдрийн дотор алга болсон байдаг. Монгол иргэдийн гар дээр бас бэлэн төгрөг байгаа гэдгийг бодолцоогүй, мэдээлэлтэй хүмүүс завшсан гэдгээрээ энэ тогтоол муугаар дурсагддаг ч цаад өгөөж нь илүү байсан гэх юм билээ. Гэтэл энэ удаа эрх баригчдын баталсан төсөв Монголыг сүйрүүлэх үр дагавартай байж магадгүй байна. Эрх баригчид энэ жил эдийн засгийг 14 хувиар өснө гэж тооцоод ирэх жил мөн тийм байна гэж төсөөлөн төсвөө алдагдалтай баталсан. Гэтэл БНХАУ, Сингапур, БНСУ, Япон зэрэг манайхаас түүхий эд импортолдог орнуудын эдийн засаг өмнөх онуудаас хамаагүй удааширна гэсэн дүгнэлт гарчихаад байна. Уг нь Тавантолгойгоос орлого орж ирсэн тохиолдолд тодотгол хийхээр төлөвлөсөн байсан юм билээ. Төсвийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байх үед Сангийн сайд Ч.Ганхуяг ингэж өгүүлсэн. Гэтэл өөрсдийнхөө эргэж буцсан, арчаагүй байдлаас болж Тавантолгойгоос орж ирэх орлого өрөө төлөх хэмжээнээс хэтрэхгүй нь тодорхой болчихлоо.
Засгийн газраас гаргасан бас нэг ойлгомжгүй шийдвэр бол “Эрсдлийн сан” байгуулсан явдал. Энэ жил ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх мөнгийг энэ санд төвлөрүүлсэн цаашид таван хувьд хүргэнэ, илүү гарвал банкуудад байршуулах зэргээр чөлөөтэй ашиглах боломжтой гэнэ. Бод доо, ДНБ-ий таван хувьтай тэнцэх их хэмжээний бэлэн мөнгө эдийн засгийн эргэлтэд орохгүйгээр Монголбанкинд зүгээр үхмэл байдлаар хадгалагдаж байх юм гэнэ. Тэгээд хэцүү үе ирэхэд авч хэрэглэх юм байх. Ер нь ч хэцүү үе ирж, тэр их мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болох нь тодорхой ч юм шиг. Хүүтэй зээл авчихаад, түүнийхээ тодорхой хэегийг өлсөхөөрөө хэрэглэнэ гээд хүүгүй хадгалуулж байгаа энэ үйлддийг юу гэж ойлгох вэ. Бүтээн байгуулалт эдийн засгийн өсөлтийг тэтгэнэ л гэнэ. Дэд бүтцэд оруулж байгаа энэ их хөрөнгө бол эцсийн эцэст нүүреээ аль болох хурдан зөөх гэсэн л асуудал.

Гэтэл хөнгөн үйлдвэрийн салбар өдрөөс өдөрт унасаар байна. Олон улсад нэр хүндтэй Фитч агентлаг Монголын банк санхүүгийн системд задлан шинжилгээ хийгээд “эрсдэлтэй” гэж дүгнэсэн байсан. Учир нь гадаадаас босгосон мөнгөө бараг 100 хувь дэд бүтэц, уул уурхайн салбарт оруулчихсан байна. Монголын банкуудын нийт активын 90 хувь нь уул уурхайн салбарт ороод “түгжигдчихсэн” байгааг агентлагийнхан нийтэд дэлгэсэн. Уул уурхай бол хамгийн эрсдэлтэй салбар.

Энэ утгаараа Монголын банкны актив бүхэлдээ эрсдэлтэй байдалд ороод байна гэж хэлэхэд яг ононо. Он гараад банкууд зээлийн хүүгээ эргэн харна гэцгээж байна. Гэхдээ хасахгүй нь тодорхой. Энэ байдлаараа Монголбанк бодлогын хүүгээ дахиад нэмнэ. Ингэж ч мэдэгдсэн. Гэхдээ энэ бол зайлшгүй алхам гэж эдийн засагчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын гаргасан алдааг зөөлруулах ажлыг хийдгээсээ болж Монгол банк ад болж байгаа, цаашид ч тийм байсаар бүр татан буугдах хэмжээнд ч очиж магадгүй, үнэ хоёр дахин өснө гэнэ. Бор шувуу ингэж жиргэж байна. XX тогтоол гарсантай адил үйл явдал болно гэсэн үг шуу дээ. Ялгаатай нь арай удаан буюу 5-6 сарын дотор аажмаар өсч, сонгуулийн дараа огцом нэмэгдэх юм байна.

Засгийн газар хамгийн сүүлд 2007 онд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэхэд хүртэл яг ийм яриа гарч байсан билээ. “Засгийн газар есдүгээр сарын 13-нд XX тогтоол шиг нууц тогтоол гаргахаар бэлдэж байгаа гэнэ” гэсэн цуу гарч иргэд банкинд байсан хатуу валютыг хуу хамж байсан. Дараа жил нь болсон сонгуулийн дараа бараа бүтээгдэхүүний үнэ суга өсч, дээрх яриа үндсэндээ батлагдсан. VIII сард хөдөө явсан миний бие хүртэл X сард хотод орж ирчихээд жижиглэнгийн үнэтэй дахин танилцах шаардлагатай болж байсан юм даг. Банкууд зээлээ бүтэн жилээр хаахад хүрч, олон бизнес мөхөж байв.

Уурлаж бухимдсанаасаа болоод эрх баригчид мөнгө хэвлэсэн байх гэж хардаж хүртэл үзсэн. Тэгвэл дээрх үйл явдал ирэх жил давтагдах магаддалтайг гадаад дотоодын эдийн засагчид сануулсаар байна. Энэ удаа цалин тэтгэврийг 30 биш 53 хувиар нэмнэ шүү дээ. Салхи яг л 2007 оныхоор үлээгээд байх шиг…
Харин энэ удаад эрх баригчид жинхнээсээ мөнгө хэвлэх шаардлагатай болж ч мэдэх юм.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих