Төрийн өмчийн хорооны дараагийн дарга Өвөрхангайнх биш байгаасай
Монгол Улсын өмч хөрөнгийн гол судас болсон Төрийн өмчийн хороог үеийн үед Өвөрхангайчууд толгойлно гэсэн дархлааг хэзээ ч юм бэ дээ, хэн нэгэн гаргасан бололтой.
Тиймдээ ч Төрийн өмчийн хорооны даргын суудлыг М.Пүрэвдорж, З.Энхболд, Д.Сугар гээд өвөрхангайчууд бие биедээ уламжлан өвлүүлсээр ирсэн. Товчхондоо бол нэг довныхон төрийн өмчийн хөрөнгийг хувааж халаасалсан гэсэн үг. Төрийн өмчийн хорооны даргын цалингаас гадна улсын данстай ихэнх байгууллага, компаниудаас хувь хишиг хүртэнэ гээд тэдний халаас зузаарах шалтгаан мундахгүй.
За энэ ч яахав, хуулийн дагуу асуудал гээд орхиё. Төрийн өмчийн компаниудын хувьчлалаар өвөрхангайчуудын баяжих үүд хаалга нээгдсэн гэж болно. Зөвхөн өөрсдөө улсын хөрөнгө идээд зогсоогүй, ойр хавийнхныхаа халаасыг зузаалахаа ч мартаагүй. Үүний жишээ нь архи, пивоны том үйлдвэр болох “АПУ”-г нутаг нэгтэн Б.Батхүүдээ “хувьчилсан”. Томхон хувьчлал олны нүдэнд ил ч далд хуйвалдаанаар явагддаг нь бодит үнэн. Харин аж ахуйн нэгж зэрэг жижиг газруудыг ямар ч асуудалгүйгээр нутаг нэгтнийхээ өмч болгож орхино.
Тэгэхээр Өвөрхангайчуудыг жалга довны үзэл гаргахдаа гарамгай гэдгийг төрийн өмчийг толгойлж байсан эрхмүүдээс харж болно. Хувийн өмч давамгайлсан эдийн засгийг бүрдүүлнэ гэж байгууллагынхаа алсын харааг тодорхойлсноо эрхэм дарга нар төрийн өмчийг нутгийнхандаа баруун солгойгүй цацна гэж андуурснаас гарцаагүй. Ингэж тив андуурсан гаруудын залгамж болсон Д.Сугараас төрийн өмчөө салгаж авах цагийг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүс цөөнгүй. Эрүүл мэндийн хувьд ч төрийн албанд гологдсон түүнийг харсан УИХ-ын гишүүн З.Алтай энэ албанаас зайлуулаад өгөөч, харахад ч хэцүү байна гэж бухимдсан.
Хэлэх үгээ ил тод хэлдгээрээ З.Алтай гишүүн л шууд хэлсэн болохоос ингэж бодож байгаа хүн ганцаар ч тогтохгүй. Д.Сугарын энэ албанд суусан байдал бас л маапаантай. Хэн нэгэнтэй шударгаар өрсөлдөж, даргын суудалд суусан бол бас яахав. Гэтэл тэр шүүх энэ тэрээр гүйж, заавал төрийн албанд байх ёстой мэтээр муйхарласаар Төрийн өмчийн хорооны даргын сэнтийд заларсан. З.Энхболд гишүүн төрийн өмчийн хорооны дарга байхдаа нутгаасаа УИХ-д нэр дэвшиж, Д.Сугарыг тоосондоо хаясан.
Үүнээс болж нутаг нэгтнүүд бие биенийхээ мууг үзэх гэж нэлээд чармайсан. Бүр шүүхдэж хүртэл үзсэн. Эцэст нь З.Энхболд Төрийн өмчийн хорооны даргын суудлаа Д.Сугарт өгснөөр асуудал шийдэгдсэн. Ингээд өвөрхангайчуудыг төлөөлж З.Энхболд УИХ-д сууж, Д.Сугар төрийн түшээ болж чадаагүйгийнхээ шанд төрийн өмчийг атгах эрхийг нутаг нэгтнээсээ авсан. Ингэж төрийн өмчийн хороог толгойлох болсон түүнийг шударга ажилласан гэнэл итгэх хүн бараг л байхгүй. АТГ-т хоёр ч удаа шалгагдаж, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт унасан.
Шалгагдах нэртэйгээр АТГ-т ирэн очин байсан түүнийг саяхнаас сэжигтнээр татсан мэдээлэл гарах болсон. Гэсэн ч мань хүн ‘Төрийн өмчийн хорооны удирдлагад 80 гаруй компани байдаг. Тэдний үйл ажиллагаатай холбоотой асуудлаар намайг дандаа л шалгаж байдаг. Өмнө нь ч шалгаж л байсан. Гэвч Д.Сугар буруутай байна гэдэг нь тогтоогдож сүйд болж явсан удаагүй. Энэ удаа ч онцын санаа зовох зүйл алга. Харин ч эртхэн шалгуулаад үнэн, мөнөө олсон нь дээр. Хуулийн байгууллагынхан шалгаж эхлэхээр айгаад, аргацаагаад байдаг хүмүүсийг би ойлгодоггүй. Ямар нэгэн “но”-той хүмүүс л айж, тэвддэг байх. Би бол баяртайгаар шалгуулж байна” гэж хэнэггүйтсэн.
Өөрийнхөө “но”-г мэргэжлийн түвшинд нуучихаад ингэж том ам гарсныг ч үгүйсгэхгүй. Ямартай ч түүнийг цэвэрхэн цагаан цаас биш гээд хууль хяналтынхан шалгаж, хянаж байгаа. Тийм ээс хоёр ч парламент дамжиж Төрийн өмчийн хороог толгойлсон түүнийг суудлаас нь буулгах ажил идэвхтэй явагдаж байна. Жирийн иргэдээс эхлээд УИХ-ын гишүүд хүртлээ Д.Сугарыг энэ суудлаа тавьж өгөхийг хүлээж байгаа. Ямартай ч Д.Сугараас төрийн өмчийг салгаж авах сайхан мэдээ сүүлийн үед дуулдах боллоо.
Монгол Улсын өмч хөрөнгийг үр ашигтай зарцуулж, арвижуулж байх үүрэгтэй онцгой албан тушаал учраас дараагийн дарга болох хүнийг өндөр шалгуураар энэ суудалд тавьж буй гэж найдаж байгаа. Д.Сугар шиг баруун солгойгүй цацаж, нутаг усныхнаа тэтгэчихдэг үрэлгэн нэгэн биш байгаасай гэсэн олны хүлээлт байгааг ч энд хамтад нь дайя.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын мэдлийн энэ албан тушаал Кадастрын албанд ажилладаг залууг томилох гэж байгаа сураг чих дэлсэх болсон. Бүр тодруулбал, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын албаны Орд газрын технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Хэрлэнг Торийн өмчийн хорооны даргын суудалд аваачих сурагтай. Ч.Хэрлэн гэгч хэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа. З.Энхболд УИХ-ын гишүүн Д.Сугарыг Төрийн өмчийн хорооны даргад санал болгосон шиг Д.Сугар өөрийнхөө хүнийг тавихыг санаархаагүй л байгаа даа.
Ямар ч байсан өвөрхангайчуудаас төрийн өмчөө салгаж авах нь. Удаа дараагийн томилгоогоор Өвөрхангайн эрхмүүд тэргүүлэх болсон Төрийн өмчийн хороонд хэлтэс, албадын дарга нараас эхлээд мэргэжилтэн хүртлээ Өвөрхангайхнаар дүүрсэн байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс дараагийн дарга Өвөрхангай аймгийнх л биш байгаасай.
В.Хэрлэн
URL: