С.Зоригийн хэрэгт нууцлах юм нь зарим хүмүүсийн булай үйлдэл л буй биз ээ

de42c558095a3b1bbee89dc739beb78bИх хурлын дэд дарга Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдлоо. Тэрээр сайдын албанд томилогдсон даруйдаа хэвлэл мэдээллээр дамжуулан нийгэмд хандаж хэд хэдэн зүйл амалсан. Жаран тэрбумын эцсийн үнэнийг ард түмэнд хэлнэ, улс төрийн зорилгоор тагнаж чагнадаг ажиллагааг таслан зогсооно гэв.

Мөн Эрдэнэтийн 49 хувь дээр байр сууриа илэрхийлсэн. Эл бүхний дотор С.Зоригийн хэргийг нууцын зэрэглэлээс гаргана гэдгээ мэдэгдлээ. Бүхий л насаараа хуулийн салбарт ажиллаж, Хууль зүйн сайдын албанд хэдэнтээ томилогдож байгаа, өмнө нь Их хурлын дарга зэрэг төрийн өндөр алба хашиж байсан хүн юу нууцлаад байгааг нь гадарлах учир ингэж зоригтой амлаад байгаа байлгүй.

С.Зоригийн хэрэгт өнөөдөр нууц гээд байх зүйл байхгүй. Уг хэргийг гардан гүйцэтгэсэн хүмүүс нь илэрчихсэн. Монголын шүүх тэдэнд 24-25 жилийн хорих ял оноочихсон. Энэ хэргийн талаар, мөн хэрэгт холбогдогчдын тухай шүүх, прокурорынхон удаа дараа олон нийтэд мэдээлэл өгсөн. Ноцтой баримтуудыг дэлгэн үзүүлсэн нь бий. Тэгэхээр юуг нь нууцлах вэ дээ. Харин нууц гэж үзээд байгаа зүйл нь С.Зоригийг бусдын гарт хэрцгийгээр алагдсан тэр цагаас хойших монгол төрийн эрх баригчдын олонд хэлэхэд ичмээр элдэв булай үйлдэл байх гэж монголчууд ярьдаг. Эрх баригчдаас гадна хууль хүчнийхний хэрэг илрүүлэх нэрийн дор хийж байсан хэлмэгдүүлэлт, хууль бус үйлдлүүд байх гэж таамаглаж байна. Олон түмэн яагаад ингэж бодох болов, нийгэмд яагаад ийм таавар таамаг гарав гэхээр зарим нэг хүмүүсийн талийгаачийн гэргийтэй холбоотой үнэн худал нь эс мэдэгдэх хормой хотны асуудал байдаг.

Дээрээс нь 18 жилийн туршид уг хэргийг булзааруулж ирсэн хуулийнхны элдэв арга саам байгаа байх. Монголын хууль, прокурор, шүүхийнхэн Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн хэрэгт холбоотой гэдгийг ерөнхийдөө мэдэж байсан нь анзаарагддаг. “Хэрэг илрүүлэх олон арга байдаг. Тухайлбал энэ хүмүүсийг хэрэг гарсан газрын ойролцоо аваачаад тухайн хэрэг гарсан байрыг ол гэхэд төвөггүйхэн яваад олж байсан. Т.Содномдаржаа гэхэд байрыг олоод орц нь довжоогүй байсан гэдгийг хэлсэн. Чимгээ хэрэг гарсан шөнө Нарны гүүрний баруун талд байсан Хан хараацай зочид буудалд очиж хоносон байдаг. Буудлын үйлчлэгч тэднийг таньсан. Одоо тэр буудал нь байхгүй. Түүний оронд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байр байдаг. Тухайн үед буудалд ажиллаж байсан эмэгтэй Чимгээг гэрэл зургаар нь таньсан. Дараа нь шүүх хурал дээр нүүрэлдүүлэхэд “Хувилаад тавьчихаагүй л юм бол энэ хүн ямар ч эргэлзээгүй мөн байна” гэж мэдүүлсэн” талаар Нийслэлийн прокурорын газраас мэдэгдсэн. Тээврийн товчооны тэнд байсан Хан хараацай гэх буудлыг байхад уг хэргийг таниулах ажиллагаа явагдсан байгаа юм. Үндсэндээ буудлын үйлчлэгч тэднийг таньсан, дараа нь шүүх хурал дээр баталсан гээд байгаа. Прокурорынхны өгч буй мэдээллээс үзэхэд олон жилийн өмнөх явдал гэдэг нь анзаарагдана. Одоо тэр буудал нь ул мөргүй алга болоод оронд нь өөр барилга баригдаад удаж байх жишээний.

Мөн Амгаланбаатар гээч хэргийн холбогдогч этгээд, Чимгээ рүү “Ямар хүн алснаа мэдэж байгаа биз дээ. Чи, Жаагий (Содномдаржаа)та хоёр алаа биз дээ. Намайг эргэж ирээд таван сая төгрөг өг. Үгүй бол би дэлгэнэ шүү. Шаазан ваарны үйлдвэрийг санаж байгаа биз дээ. Жаагий та хоёр дээшээ гарсан биз дээ. Би орцонд хүн харж байсан биз дээ” гэх зэргээр нийт 102 заналхийлсэн мессежийг шоронгоос бичсэн байдаг. Энэхүү үйл явдал гэхэд л одоогоос дөрөв, таван жилийн өмнө болсон. Уг процессыг мөрдөж мөшгих, шоронгоос мессеж бичүүлэх боломж бололцоог олгох, бэлдэх цаг хугацаатай нь аваад үзвэл бүр ч олон жилийн өмнөх дүр зураг харагдана. Их эрт илэрчихсэн, бүх зүйл нь тодорхой байсан болов уу гэх таамгийг наад захын эдгээр жишээ баримтууд, он цагийн дараалал нь хэлээд өгч байна.

Зоригийн хэргийн гардан гүйцэтгэгч нарт шүүхээс ял оноох хүртэлх хориод жилийн явцад дээр дурдсан хормой хотны асуудал болоод эрх баригчид, хуулийнхны өөр ямар нэгэн байдлаар холбогдсон бузар булай үйлдлүүд орооцолдсон байх. Тухайлбал, хэргийг шалгах явцад олон хүн нас барсан, гадаадаас Энхбатыг баривчилж авчирсан гээд хүний эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хүлээлгэх гэж оролдсон зэрэг хууль бус үйл ажиллагаа нь нууцлах гол шалтгаан болсон гэж монголчууд үзэж буй нь ийм учиртай.

С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт алагдсан. Уг хэргийн гэмт үйлдэгчдийг 18 жилийн дараа тогтоож, 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд шүүхээс ял оноосон. Энэ хугацаанд төрийн эрхэнд ямар нам эвсэл, хэн хэн байсан нь маш тодорхой. Эрх баригчид, хууль хүчнийхний бузар булай үйлдэл л нууцлах шалтгаан нь болоод байгаа болохоос уг хэргийн нууцыг задлахад Монгол Улсын эрх ашигт хохирох зүйл лав байхгүй. Үндсэндээ монгол төрийн түшээ, монгол төрийн сайд, нэрт улстөрчийн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн нууц задрахад Монголын эрх ашиг огтоос хохирох учиргүй юм. Яаж ч бодсон сөрөг муугаар нөлөөлөхгүй.

“Нууцын зэрэглэлийг байхгүй болгоно. Захиалагчийг зарлана. Захиалагч тодорч байж гүйцэтгэгчид нь ял авдаг. Энэ бүхэн С.Зоригийн хэрэг дээр эсрэгээрээ болсон. Захиалагч нь байхгүй хэрнээ захиалгаар хүн алсан гээд ял оноочихсон. Цорын ганц амьд гэрчтэй хэрэг. Гэрчийг нь бүтэн жил хорьсны дараа гэрч ч биш, хохирогч ч биш болгосон. Энэ бол хуулийн буруу ойлголт” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлээд байгаа. Гэвч С.Зоригийн хэргийн холбогдогч нэр бүхий гурван этгээд захиалагч нь хэн гэдгийг мэдэх ч үгүй байх. Юу гэж л захиалагч нь өөрсдөө биеэрээ ирээд тэр гуравт “Зоригийг ал” хэмээн үүрэг өгөв гэж. Энэ гурван этгээд бол гүйцэтгэгчид. Үндсэндээ хамгийн доод шатны ажилчид гэсэн үг. Тэгэхээр захиалагчийн талаас онц ноцтой зүйл олдохгүй байх хэмээн тааж байна.

Харин Монголын шүүх огт болоогүй хэрэг, огт хийгээгүй хүмүүсийг зүгээр нэг жүжиг сценари зохиож бичээд түүнийгээ тулгаад яллачихсан гэж огт итгэхгүй байна.

Худлаа хэрэг хүлээлгэчихлээ, ялангуяа Чимгээ, Содномдаржаа нарыг улс төрийн хэрэг гээчийн золиосонд явчихлаа гэх яриа, хардлага сэрдлэг бий. Хэрвээ С.Зоригийн энэхүү дуулиант хэрэг шүүх, прокукорынхны тавьсан жүжиг, зүгээр нэг зохиол, худал хуурмаг зүйл байвал Монгол Улс дампуурч дуусчээ гэж бодохоос өөр аргагүй. Гагцхүү чинхүү үнэнийг баримтлах зарчимтай шүүх нь буруу шийдвэр гаргаж нийгмийг төөрөгдүүлсэн бол, гэм буруугүй хүмүүст хэрэг тохсон бол Монгол Улс цаашид оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болно. Монголын шүүх арай ингэж хурдан хуумгай, дэгс шийдвэр гаргахгүй байх. С.Зоригийн хэргээр өндөр ял авсан дээрх нөхдүүд ямар нэгэн байдлаар заавал холбоотой байж таарна. “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг нотлогдсон. Шүүхэд шилжүүлсэн. Шүүх удаан хугацаагаар хуралдаж шийдлээ. Та нарын өгсөн хүмүүс гэм буруутай байна гээд шүүх шийдвэрээ гаргачихлаа” гэж Улсын ерөнхий прокурорын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдсэн нь энэ бүхний баталгаа хэмээн ойлгож байна.

Д.Батболд


URL:

Нэр: zochin Огноо: 1 November 2017

hun alad hezee negen tsag ter ilereh ulsuud teged l ahij torod urjeed bh uu ugui sh te hudlaa yum hudla baidag sh te

Сэтгэгдэл бичих