Протез, ортопедийн хэрэгслийн үзэсгэлэн нээгдлээ
“Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдийн
зорчих боломжийг нэмэгдүүлэх” төслийн сургалт, дадлагын ажлаар суралцагсдын хийсэн протез, ортопедийн
хэрэгслийн үзэсгэлэн нээгдлээ.
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо /DPI/ байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдийн зорчих боломжийг нэмэгдүүлэх” төслийнхөө хүрээнд “Протез, ортопедийн техникч, ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх”, “Тархины саажилттай хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээ” чиглэлээр сургалтыг амжилттай зохион байгуулсан.
Сургалтад СЗСҮТ-ийн Протез, ортопедийн үйлдвэрийн мэргэжлийн ажилтнууд болон бусад ижил төстэй үйлдвэр, байгууллагын ажилтнууд, тархины саатай хүүхдүүд эцэг, эхчүүдийн хамт нийт 20 хүн хамрагдсан. Сургалт нь нийт 4 удаа, үе шаттайгаар явагдаж дууслаа. Нэг удаагийн сургалт 5 өдөр үргэлжилж, онол дадлагын хичээл хосолсон хэлбэрээр явагдсан нь үр дүнтэй болж чадсан.
Сургалтын үндсэн сэдвүүд:
1. Протез, ортопедийн хэрэгсэл үйлдвэрлэлийн Онол, арга зүй, Практик, дадлага
2. Тархины саажилтын сэргээн засах эмчилгээ – “Булчингийн онол”
3. Тархины саажилтын сэргээн засах эмчилгээ – “Бие дааж суух”
4. “Шилбэний протез” хийх онол, практик
2017 онд зохион байгуулагдсан дээрх сургалтуудын дадлага ажлаар хийгдсэн бүтээгдэхүүн, протез, ортопедийн хэрэглэгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр СЗСҮТ-ийн хурлын танхимд нээгдлээ. Үзэсгэлэнгийн арга хэмжээнд СЗСҮТ-ийн дарга Ц.Ганчимэг, БНСУ-н DPI байгууллагын ажилтан Пак Хёнь Сон, багш Хун Ду Ма болон Чүэ Жэ Ху нар оролцож, протез, ортопед болон хөдөлгөөн заслын талаар сонирхсон зөвлөгөө мэдээллийг өглөө.
Тус төсөл 2018 онд үргэлжлэн хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд ашиглагдсан техник, тоног төхөөрөмжийг БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо /DPI/-оос СЗСҮТ-д албан ёсоор хандивлан үлдээх юм.
СЭРГЭЭН ЗАСАЛТ, СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ
URL: