Автобусны шинэ чиглэлтэй боллоо

Баянзүрх дүүргийн V, XXII хороо Алтан-Өлгий орчим Монелийн гудамжинд нийт 20 мянган хүн ам амьдардаг бөгөөд замын нөхцөлөөс хамааран зөвхөн бага оврын автобус явдаг байсан.

Энэ нь иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй, их багтаамжийн автобус явуулах хүсэлтийг иргэд гаргаснаар Монелийн гудамж дагуу 2.0 км шинэ зам баригдсан тул том оврын автобусаар үйлчлэх нөхцөл боломж бүрджээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн 56 дугаар чиглэлийг шинээр нээх ёслол 12.00 цагт болно.

Алтан-Өлгий орчмын иргэдээс авсан зорчих эрэлтийн судалгаанаас харахад нийт зорчигчдын 42 хувь нь хотын төв рүү явдаг бол 40 орчим хувь нь сургуульд хүүхдүүдээ хүргэх, дүүргийн захиргаа болон эмнэлэгт очих, эсвэл хотын бусад хэсэг рүү дамжин суух зорилгоор Офицеруудын ордон, Баянзүрх дүүрэг рүү зорчдог байна.

Иймээс М:56 буюу “Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар” чиглэл нь Монелийн 38 дугаар гудамжаас хот тал руу явахдаа 430 дугаар худаг, Цайз зах, 72 дугаар хотхоноор дайран Офицеруудын ордон хүрч, Баянзүрх дүүрэг, Кино үйлдвэр, Жуковын музейн буудлуудад зогсоно. Улмаар хойшоо эргэж Сансарын үйлчилгээний төвийн буудалд зогсоод зүүн тал руу явахдаа Хилийн цэргийн удирдах газар, Их Засаг, 1000 оюутны байраар дайран Алтан өлгий, Монелийн гудамж руу явна.

М:56 “Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар” чиглэлд их багтаамжийн таван автобус үйлчилнэ.

М.Мөнхтунгалаг


URL:

Сэтгэгдэл бичих