МАХН МҮЭХ-ны тогоо руу өнгийж байна
Ирэх арваннэгдүгээр сарын 8-9-нд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Их хурал товлогдоод байна. Харин энэ Их хурлын угтал ч юм уу тус байгууллагыг тойрсон элдэв хэл ам сүүлийн хэд хоногт эрчимжиж байна. Уг нь байгаа үгүй нь барагтай бол мэдрэгдээд байдаггүй байгууллагын нэг нь Монголын Үйлдвэрчний эвлэл. Өмнөх нийгмийн үед төв дөрвөн байгууллагын нэгээр нэрлэгдэж, эрхтэй дархтай, эд хөрөнгөтэй, юм юмтай л газруудын нэг байлаа. Одоо харин хурааж хумиснаа ил далд үгүй хийгээд дуусч байгаа, идсэн уусан гэсэн нэр хаягтай л явж байх шиг байна. Өмч хөрөнгө хэрхэн үрэгдэж, гишүүдийн татвараар хуримтлагдаж бий болсон мөнгө гарын салаагаар яаж асгарч байгааг тус байгууллагын нягтлан бодогч Гэрэлмаа гэх эмэгтэй анх нийтэд дэлгэн тавьсан. Гэвч үүнийг улстөрийн захиалгат гүтгэлэг гэж байна. Хэрэв үнэн бол улстөрийн ад зэтгэр иргэний энэ байгууллагад гүйгээд эхэлчихсэн гэсэн үг.
Харин энэ жилийн тухайд Үйлдвэрчний эвлэл айхмар улстөржиж, популизм хийж байгаа болохоор эрхгүй анхааралд өртөж байна.
Тусгай чиг үүргийн Төрийн бус байгууллага гэгддэг МҮЭ жилдээ нэг удаа хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт гэрээ гэдгийг Засгийн газартай хийдэг. Өөр ямар ажил үүрэгтэй байдгийг гишүүн нь гэгдээд явж байгаа хэрнээ мань мэт нь ойлгодоггүй. Дээрхи гэрээнээс ямар үр дүн үлддэг нь ч тодорхой биш. Ерөнхийдөө бол цалин ярьдаг байгууллага л юм гэсэн бүдэг бадаг төсөөлөл бий.
Харин энэ жилийн тухайд Үйлдвэрчний эвлэл айхмар улстөржиж, популизм хийж байгаа болохоор эрхгүй анхааралд өртөж байна. Тэд энэ жилийн гурван талт хэлэлцээрийн үеэр цалин тэтгэмжийг 50 хувиас доошгүйгээр нэмэх шаардлага тавьж байна. Үүгээрээ нийгэмд таалагдана гэж тооцов уу, аль эсвэл мөнөөх хэрэг мандуулаад байгаа хөрөнгө мөнгө үрэгдсэн гэх дуулианаа зөөллөж мартагнуулахыг зорьж байгаа юм уу, бүү мэд. Тавин хувь гэдэг бол аль ч талаас нь харсан дэндүү популист шаардлага. Яагаад гэвэл, ингэж огцом нэмэгдүүлэх боломж байхгүй, үүнийг сульдаж доройтсон Монголын эдийн засаг огтхон ч даахгүй. Үе шаттайгаар, тодорхой хувиар, өөрөөр хэлбэл байгаа боломждоо тулгуурлан нэмэх асуудал яригдах нь бол тодорхой.
Харамсалтай нь тэд популист шаардлагадаа багш эрүүл мэндийн салбарын ажилчдаар бамбай хийж, тэднийг хугацаагүй ажил хаялтад уриалж, нийгмийн хариуцлагыг үнэгүйдүүлэв. Зүйрлэж хэлбэл, зүгээр л гал дээр тос нэмэв. Цалингаа 1.6 сая болгож нэмүүлэх үү, эсвэл улсаа дефолт болгож дампууруулах уу гэсэн хоёр сонголтын өмнө тэднийг тухирч байна.
Хар дарж зүүдлээд гэнэт сэрсэн хүн шиг ингэж цамнаж эхэлсэн нь угаас унтаа энэ байгууллагын хувьд “эрүүл” эсэхэд нь эргэлзмээр танил биш төрх л дөө. Гэвч ингэх нь цаанаа учир жанцантай, улстөр хэмээх “хор” гүйчихсэн юмсанжээ. Улстөрийн намууд төрийн бус байгууллагыг зорилгоо гүйцэлдүүлэх нэг хэрэгсэл болгон ашиглаж байгаагийн нэг жишээ энэ гэнэ. Ерөөс энэ намрын улстөртэй хамт уугиж манараад байсан багш нарын ажил хаялт, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын байр суурь нэг л тийм улс төрийн өнгө тоноор эшгиглээд байсныг иргэд эрхбиш гадарласан байх. Үүнийг МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатын саяхны нэг ярилцлага илүү тодорхой болгов.
Хар дарж зүүдлээд гэнэт сэрсэн хүн шиг ингэж цамнаж эхэлсэн нь угаас унтаа энэ байгууллагын хувьд “эрүүл” эсэхэд нь эргэлзмээр танил биш төрх л дөө. Гэвч ингэх нь цаанаа учир жанцантай, улстөр хэмээх “хор” гүйчихсэн юмсанжээ.
Тэрбээр “Үйлдвэрчний эвлэлийн байгууллага бол улс төрийн намуудаас тусдаа үйл ажиллагаа явуулах учиртай тусгай чиг үүрэг бүхий байгууллага. Ийм байхад нэр бүхий улс төрийн нам цаашдын зорилгоо биелүүлэх үүднээс Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг үзэл санааны хэрэгсэл болгон ашиглахаар зорьж буй харамсаж байна” гэжээ.
Энд дурдагдаад байгаа тэр нам бол МАХН гэдэг нь хэнд ч тодорхой. Нэгэн цагт МҮЭ-ийн холбоодыг тэргүүлж байсан “Босоо” Ганбаа эдүгээ МАХН-ын нарийн бичгийн дарга гэсэн сэнтий, сэтэртэй яваа. Улстөрийн зорилго, хүрээнийхээ хувьд өнөөгийн эрх баригч нам муухай байх тусмаа эрх мэдлийн гадна яваа МАХН-д сайхан, муу байх тусмаа сайн. Монголын улстөрийн ёс зүй, соёлын түвшин эдүгээ өрсөлдөгч нь хүчтэй бус, муухай харагдаж байх тусмаа л өөрсдөд нь оноо авчирна гэсэн тооцоон дээр явагддаг. Энэ бол жирийн нэг логик. Ийм л өнцгөөр тэд эрх баригчдыг цалингийн шахаанд оруулж, эдийн засгийг эргүүлэн сүйрүүлэхээр улайрч байгаагийн нэг жишээ энэ. Цалинг шууд 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага ч бас С.Ганбаатарын “поп” мөнөөс мөн байгаа биз дээ. Яг л танил аялгуу шиг эгшиглэж байгаагийн учир энэ.
С.Ганбаатарын хувьд нэг сумаар хоёр туулай буудах холын мөрөөдөл тээж явж мэднэ. Удахгүй болох их хурлаараа тэр эргээд МҮЭ-ийн холбоогоо тэргүүлэх, эсвэл өөрийн хүнээ тэнд байршуулах боломжиг эрэлхийлж байгаа нь тодорхой. Ингэж чадвал 2020 сонгууль эргээд түүнд аз авчирч мэднэ гэсэн баримжаа мэдрэгдэж байгаа ч юм билүү. Үйлдвэрчний эвлэл түүнийг УИХ-д сүү өргөн үдэж байсныг юухаан мартав гэж.
Тэрбээр сэтгүүлчийн асуултад “Олон хүн намайг МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр очих байх гэж харж байгаа болов уу. Надад итгэл хүлээлгэх гэсэн олон хүн байгаа л байх. МҮЭХ-ны ерөнхийлөгч болох гэж байгаа хүн хэзээ ч хов хөөдөггүй байх ёстой шүү” гэжээ.
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Манай байгууллагын нягтланг ажлаас чөлөөлөгдөх тушаал нь гараагүй байхад өөр байгууллагад шилжүүлж, улмаар нягтлан хүн бичвэл итгэл үнэмшил төрнө гэх үүднээс түүний нэрээр гүтгэлгийн шинж чанартай материалуудыг хэвлэлээр түгээсэн явдал хүртэл гарлаа” гэжээ.
Энэ бүхнээс харвал МАХН энэ байгууллагад гар хөлөө нэлээн лав дүрж, нэр нүүр, нөөц боломжийг нь улстөрийн зорилгоо гүйцэлдүүлэх боломж гэж харж байгааг гэрчилнэ. “МАХН дараагийн сонгуульдаа бэлдэж МҮЭ-ийн өмч хөрөнгийг онилчоод байна. Өмч хөрөнгөө намд алдах энэ эрсдлийг олж харах ёстой” гэсэн иргэдийн анхааруулга ч бас байгааг чихнийхээ хажуугаар бүү өнгөрөөгөөсэй.
Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой гэдэг шиг туулайны баг өмссөн “чоно” МҮЭХ-ны хотонд нь орчихсон түйвээж байгаа юм биш үү.
М.Нэргүй
URL: