Чуулганаар төсвийн тодотголыг баталж, хуулийн салбарын “томчууд” сөргөлдсөн долоо хоног

Сангийн сайдын томилгоонд Ерөнхийлөгч хориг тавилаа

olloo_mn_1483238638_olloo_mn_1482636341_olloo_mn_1480818221_olloo_mn_1474164271_olloo_mn_1469327083_13487326_923803387737672_913556068_nМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өнгөрч буй долоо хоногт илгээв. Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 58 дугаар тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа. Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, эрх чөлөөг зөрчсөн агаарын бохирдлын асуудалд шинэ Засгийн газрын гишүүн бүр анхаарч ажиллах ёстой гэж миний бие үзэж байна. Монгол Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 36 дугаар тогтоол гаргаж “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд тус хөтөлбөр нь хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зэргээр эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулах үндсэн зорилготой байсан юм. Харамсалтай нь тус хөтөлбөр батлагдсан өдрөөсөө хойш долоон жилийн хугацаанд бодитой ажил хэрэг болж хэрэгжсэнгүй. Агаарын бохирдлоос улбаалсан хүн амын өвчлөл, эрүүл мэндийн асуудал өнөөдөр ч бидний санааг зовоосоор, шийдлээ хүлээсээр байна.

Миний бие 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-ыг санаачлан зохион байгуулсан бөгөөд тус чуулганаас  ”УИХ-аас долоон жилийн өмнө баталсан боловч хэрэгжүүлээгүй ажлыг хийх шаардлагатай байна” гэсэн зөвлөмжийг гаргаж байна.

Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна.

Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байна. Иймд Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон Улсын Их Хурлын тогтоолын зохих хэсэгт тавьсан энэхүү хоригийг хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

17 уулчин “Отгонтэнгэр” хайрханд осолдлоо

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр “Оргил өөд”, “Хамтдаа алхацгаая”, “Хайрхан”, “DCI hiking”, “Sky runing” клубээс тус бүр нэг нэг хүн, “Сонирхогчийн клуб”-ээс 6 хүн болон бусад клубээс 6 хүн байжээ. Нийт 27 хүн Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд авиралт хийхээр явсан байдаг. Гэвч буух замд нь цасан нуранги болж, харамсалтайгаар 17 хүн амиа алдсан харамсалтай хэрэг явдал гарлаа.

Даваа гарагаас эхэлж Онцгой байдлын албан хаагчид болон шаардлагатай цэрэг цагдаагийн байгууллагын ажилтнууд Отгонтэнгэр хайранд эрлийн ажлыг эхлүүлж эхний өдөр уулчдын цогцсыг 3200-3400 орчим метрийн өндрөөс насилкаар доош зөөвөрлөн өчигдөр нийслэлд авчирсан юм. Хоёр дахь өдөр үлдсэн гурван уулчдын цогцсыг уулын хавцлаас болсон бөгөөд тэр өдөртөө нийслэлд авчирсан билээ.

Болсон явдлын талаар албаны хүмүүсийн өгч буй мэдээллээр уулчид хайрханы оргил дээр гарсаныхаа дараа буцаж буухдаа замаа буруу сонгож явсан. Мөн тухайн өдөр наранд хайлсан цасан хавтангийн гулсалтаас болж энэхүү харамсалтай хэрэг явдал гарчээ. Үлдсэн 10 уулчдын хувьд цувааны ахлагч нь зургийн аппаратаа далд хийж 30 секунд саатсанаас шалтгаалж цасан нурангад өртөөгүй гэх мэдээлэл байна. Мөн уулчид нэг олсонд хэт олноороо явж байсан нь алдаа гэсэн эхний дүгнэлтийг гаргаад байгаа юм.

Өнөөдөр хуулчдын холбоог тэргүүлэх эрхмийг сонгоно

Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурлыг энэ сарын 28-нд буюу өнөөдөр зохион байгуулна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулдаг аж.

Энэ удаагийн хурлаар зургаан асуудлыг хэлэлцэх юм. Үүнд:

  • Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох,
  • Монголын Хуульчдын холбооны хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлан сонсох,
  • Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл сонсох,
  • Монголын Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, батлах,
  • “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний хэрэгжилт” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг хийх,
  • Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудал багтаж байна.

Хуульд зааснаар Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх бөгөөд энэ удаагийн Их хуралд шүүгчийн төлөөллөөс 107, прокурорын төлөөллөөс 107, өмгөөлөгчдийн төлөөллөөс 213, бусад хуульчдын төлөөллөөс 107 хуульч буюу нийт 534 хуульч төлөөлөгчөөр сонгогдон оролцож буй юм.

Тус их хурлаар Монголын Хуульчдын холбооны гурав дахь ерөнхийлөгчийг сонгох бөгөөд ерөнхийлөгчид  хуульч Пэлжидийн Амаржаргал, Пүрэвжавын Эрдэнэбат, Гомбосүрэнгийн Нацагдорж, Батсүхийн Баярсайхан, Дэлэгийн Түвшинтамир,Жаргалсайханы Хунан нар нэрээ дэвшүүлээд байна. Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 534 хуульчийн нууц санал хураалтаар Холбооны ерөнхийлөгч сонгогдоно.

С.Баатаржавыг ЦЕГ-ын даргаар томиллоо

Засгийн газрын хуралдаанаас Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг томиллоо. Хуралдаан үргэлжилж байна.

С.Баатаржав нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. 1990 оноос хойш Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн ажилласан тэрбээр өмнө нь Дархан-Уул аймгийн болон Нийслэлийн Цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын даргын алба хашиж байв. Мөн ЦЕГ-ын даргын албан тушаалыг нь хашиж байсан билээ.

150916271159f3fed7af5b0

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж VS ТЕГ-ын дарга Б.Хурц

Өнгөрч буй долоо хоногийн хамгийн халуун сэдвүүдий нэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Тагнуулын ерөнхий газрын дарга нарын хоорондын зөрчилдөөн байлаа. ТЕГ-ын дарга Б.Хурц түрүүлж Ц.Нямдорж сайдад хандсан мэдэгдэл хийсэн бол төрийн ордонд Ц.Нямдорж сайд хариу мэдээлэл сэтгүүлчдэд өгч, ТЕГ дарга болох ЦЕГ дарга нарыг солино гэдгээ хэлсэн юм. Тэдний хоорондын энэхүү үл ойлголцол Эрдэнэтийн гэх хэрэг явдлуудтай холбоотой хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байлаа. Ингээд хоёр эрхмийн мэдээллүүдийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ТЕГ-ын дарга Б.Хурц, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга н.Бархасбадь нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Б.Хурц “ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдорж томилогдох болгондоо С.Зориг агсны хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийн үйл ажиллагаанд нөлөөлж, Тагнуулын байгууллага руу халдаж эхэлдэг. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ажлын хэсгийг дөрвөн удаа тарааж, 32 албан хаагчийг сольсон байдаг. Ажлын хэсгийг тагнуулаас салгаж, цагдаагийн байгууллага руу авдаг. Хамгийн сүүлд 2015 онд ТЕГ, ЦЕГ, УЕПГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан байдаг. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ажлын хэсгийг үймүүлж, энэ ажлыг явуулахгүй байх талаас нь оролддог. Одоо дахиад энэ хэрэг рүү орох гэж байна. Аюулгүй байдлын “Ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх” гэсэн зөвлөмж байдаг. Өнөөдөр захиалагчийн тухай ярьж байна. Энэ бол улстөрийн зорилгоор л дуугарч байгаа асуудал. Дахин хэлье. Улстөрийн зорилготой шүү. Сайд болохоороо л тагнуулын байгууллагаар оролдож, өөрөө биш юмаа гэхэд өөр гишүүдээс хууль санаачлуулж, өөр хүмүүсээр халдуулж эхэлдэг. Өөрөө хууль зөрчдөг. Ц.Нямдоржийг сайд байх үед Д.Дорлигжав 800 гаруй мянган долларын асуудалд орсон ч Ц.Нямдорж хуулийн байгууллагад нөлөөлж, энэ хэрэг замхарсан байдаг. Мөн Алтан, Апугийн хэргүүд байна. Энд мөн л Ц.Нямдорж нөлөөлсөн байдаг. Өрөөндөө дуудаад хэргийг нь хаа гэж хуулийнхныгаа дарамталдаг. Энэ хүн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн бүлэглэлтэй холбоотой. Энэ бүлэглэл маш хүчтэй. Мөнгөтэй, санхүүтэй, хэвлэлтэй, сайттай. Энэ бүлэглэл Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шахаа маш их хийдэг. Бидэнд байгаа мэдээллээр, Эрдэнэтийн захирлыг “Хаан жимс” дуудаж, энэ гэрээг үргэлжлүүл гэж шахсан байгаа юм. Гэрээ нь юу вэ гэхээр, III цахилгаан станцын захирал Анхбаяраар дамжуулж,  42 сая долларын бараа материал шахсан байгаа юм. 2004, 2005, 2006 онуудад. Бас Ханхуу, Хаанхуу гэсэн хоёр компани байна. Хардах эрхийнхээ хүрээнд ярихад, Анхбаяр Ханху, Анхбаяр Хаанхуу гэсэн хоёр Анхбаяртай холбоотой компани байсан юм шиг байгаа юм. Ц.Нямдорж урт гартай юм болохоор үүнд өөрчлөлт оруулсан байж магадгүй. Энэ асуудлыг мөнгө угаасан хэрэг байж болзошгүй гээд шалгуулах хүсэлтээ өгсөн ч үр дүнд хүрэхгүй байна” гэлээ. Харин н.Бархасбадь ”1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр  С.Зориг бусдад алагдсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлсэн. Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэг нь зохиомол хэрэг байсан тухай бичих боллоо. Монгол Улс өнөөдөр эрхзүйт улс. Нотлох баримтын хүрээнд шийдэгдсэн энэ хэрэг хилс, хэлмэгдүүлсэн хэрэг байна гэж мэдээлж байгааг залруулах хэрэгтэй. С.Зоригийн хэргийн захиалагчид холбогдох хэрэг дуусаагүй. Хэргийг шалгаж дуусаагүй байхад хэргийн материалыг ил гаргаад тавьчихвал юу болох билээ. Баримтаа гаргаад тавих боломжгүй. С.Зоригийн хэргийн талаар тодорхой хугацааны дараа бүгд нээлттэй болно” гэсэн юм.

Харин үүний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тайлбар өглөө.

Тэрбээр “Б.Хурцын мэдээллийг харсан. Зул бөхийнхөө өмнө жаахан бамбарлаж асдаг л даа. Тэр л болж байгаа юм болов уу гэж бодож байна. Би УИХ дээр байр сууриа хэлсэн. Нам дамжсан бүлэглэл, хуулийн хяналтынхныг цэвэрлэнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц. Түүнийгээ мэдээд хэвлэлийн хурал хийж байгаа юм болов уу. Би өнөөдөр ЦЕГ-ын даргыг солих асуудлаар санал оруулна. Энэ асуудал цагийн дотор шийдэгдэнэ. Цаашдаа олон ийм асуудлыг шийднэ. Эрдэнэтийн 49 хувийг ийш тийш болгох ажилд ТЕГ-ын дарга Б.Хурц оролцсон. Энэ бол Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Миний хүү Анхбаярын тухай нэг мэдээлэл гараад учир нь олдоод олон нийт ойлгосон. Эрдэнэтэд Анхбаяраар дамжуулж 42 сая ам.долларын шахаа хийсэн гэж байна. Тэр бизнесийг би мэдэхгүй. Надад хамаагүй.

С.Зориг агсны хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийг би ерөөсөө солиогүй. Одоо цагдаагийн байгууллагаас төлөөлж орсон байгаа хүмүүсийг солино. Захиалагчийг нь олоогүй байж захиалгаар хөнөөсөн гэж хүн яллаж байна. Шүүхээр шийдвэрлэсэн хэргийг ил болго гэж би үүрэг өгсөн байгаа.

Б.Хурц С.Зоригийн хэрэгт хүмүүсийг мөчид баримтаар хилсээр шийтгүүлсэн дээ сандарч байгаа. Б.Хурцын хийж байгаа мэдээлэл цэвэр улс төрийн зорилготой. Монголын хууль хяналтын байгууллага чинь намд үйлчилдэг болсон. Үүнийг нь нураана гэхээс айж байгаа. Үүнийг би нураана. Намайг гадаадын тагнуул биш гэдгийг шүүх нотолчихсон шүүхийн шийдвэр байна. Б.Хурцын ард нам дамжсан бүлэглэл бүрэн бүрэлдэхүүнээрээ бий.

Д.Дорлигжав, Н.Алтанхуяг хоёр надад ямар ч хамаагүй. Бид 3 улстөрийнхөө хашааг мэднэ. Би сая Н.Алтанхуягт утасдаж хэллээ. Бүлэглэлийхээ учрыг олоорой гэж. Инээж л байна лээ. Ер нь бол Б.Хурц их сандарч байна.

Анхбаярыг шахаа хийсэн гэж яриад байна. Тэр манай багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд Анхбаяр дээр ажиллагаа хийсэн байна. Намайг бүтэн жил тагнасан шүү. Хууль хяналтын байгууллага толгой дээр гарсан гэж яриад байгаа нь учиртай. Б.Хурцыг би Ж.Эрдэнэбат дээр энэ намайг тагнаад байна гэж дагуулж орсон. Тагнуулын байгууллага бүх гишүүдийг тагнаж чагнадагаа илчилчихэж байгаа юм бишүү. Б.Хурц өнөөдөр өөрийгөө юу хийдэг хүн бэ гэдгээ илчилчихлээ. Б.Хурцыг жилийн өмнө өөрийн хүсэлтээр ТЕГ-ын даргын ажлаа өг гэж хэлж байсан. Тагнуулын Ерөнхий Газрын даргыг би соль гэдэг асуудлыг Ерөнхий сайдад тавьсан. Ийм дайралт ирнэ гэдгээ би мэдэж байсан. Манай улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, гадаад тагнуулын байгууллага улстөрчдийг тагнадаг, хууль хяналтыг замхруулдаг, томилгоогоор дамжуулж өөрсдийнхөө хүмүүсийг цагдаад шургуулж, цагдааг удирдах ажил хийж байна. Би үүнийг цэвэрлэнэ. Тагнуулын байгууллага ингэж мэдээлэл хийж байгаа нь ёсзүйгүй, дампуурсаны шинж.

Би ямар ч хамгаалалт авахгүй. Тавилангаараа болог. Би өөрийнхөө мэддэг хүрээнд цагдаагийн байгууллагыг маш хурдан цэвэрлэнэ. Би ингэх тусам улам илүү ажиллах болно” гэлээ.

Төсвийн тодотголыг баталж, ирэх оны төсвийг өргөн барьлаа

УИХ-ын нэгдсэн чуулган өнгөрсөн долоо хоногт 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа. Төсвийн тодотгол батлагдсанаар хүлээгдээд байсан зарим үйлчилгээнүүд үргэлжлэх боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал энэ оны наймдугаар сараас хойш түр хүлээгдээд байсан хүүхдийн мөнгийг нөхөж олгох бөгөөд энэ он дуустал олгох боломж бүрдлээ.

Тэгвэл УИХ-ын дарга М. Энхболдод өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн мэдүүллээ хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ. Хуулийн дагуу ирэх оны төсвийг ирэх сарын 15 гэхэд баталсан байх ёстой юм.

Төсвийн орлогын чиглэлээр:
     1.Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлнэ.
     2.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газартай холбоотой эрх шилжүүлэх ажил гүйлгээнд ногдуулах татварын харилцааг боловсронгуй болгоно.
Газар ашиглах, эзэмших эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, шилжүүлэг, далд худалдаатай холбогдон үүсдэг маргаантай асуудлуудыг цогц байдлаар шийдвэрлэн ил тод, нээлттэй байдлыг бий болгох замаар төсвийн орлогын нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлнэ.
    Тухайлбал, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалтаар, газар ашиглах, эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олгохоор хуульчилж байгаа нь ард иргэдийн дунд үүсдэг эргэлзээтэй, ойлгомжгүй байдлыг бууруулж, тусгай зөвшөөрөл, эрх олгох ажиллагааг ил тод, нээлттэй явуулах нөхцөлийг бүрдүүлж байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар ашиглах, эзэмших эрхийн үндсэн ашиг хүртэгч, эцсийн эзэмшигчид, тэдгээрийн шууд болон шууд бус шилжилт хөдөлгөөний мэдээллийг бүртгэн, ил тод болгох замаар хууль бус, далд хэлбэрээр тусгай зөвшөөрөл, эрх шилжүүлэхэд ногдуулах татварын харилцааг боловсронгуй болгож байна. Үүний дагуу ногдуулах татварыг тайлагнаагүй, холбогдох мэдээллийг нуун дарагдуулсан тохиолдолд тусгай зөвшөөрөл, газрын эрх цуцлагдах тул тусгай зөвшөөрөл, газрын далд, хууль бус арилжаа буурах ач холбогдолтой юм.
Төсвийн зарлагын чиглэлээр:
    1. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ:
    • Боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлж ачааллыг бууруулна. Засгийн газраас 2020 онд хүн ам төвлөрсөн хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг 100 хувь бүрдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн өндөр ачааллыг бууруулах зорилгоор тэргүүн ээлжид нийслэлийн 3 ээлжээр хичээллэж байгаа 28 сургуулийг 2 ээлжид шилжүүлэх, орон нутагт сургуулийн дотуур байранд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх, цэцэрлэгийн 80 хувиас дээш гүйцэтгэлтэй дутуу барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж ашиглалтад оруулна. Энэ зорилтыг хангахын тулд боловсролын салбарт нийт 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ба 59 сургуулийг шинээр барьж эхлүүлэхэд 61.2 тэрбум төгрөг, 90 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж эхлүүлэхэд 62.4 тэрбум төгрөгийг төсөвлөв. Ингэснээр Улаанбаатар хотын 7 дүүрэгт 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэнэ. Мөн АХБ-ны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөл болон БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг дайчилж, 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тэгш хүртээмжийг хангана.
    • Оюутны хөгжлийн зээлийг хүртээмжтэй, саадгүй олгох нөхцөл журмыг бүрдүүлж их дээд сургуульд суралцагч болон тэдний өрх гэрт учирч буй төлбөрийн дарамтыг арилгана.  Их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрөөс эцэг эх, гэр бүлд үүсэх санхүүгийн дарамтыг арилгах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зээлд хамрагдах нөхцөл, шаардлагыг хөнгөвчлөх, зээлийн эргэн төлөлтийн эрсдэлийг арилжааны банканд үүрүүлэх бус Боловсролын зээлийн санд хариуцуулж, үйлчилгээг шуурхай хүргэх, мөн зээлийн эргэн төлөгдөх хугацааг тухайн суралцагч оюутан суралцаж төгсөөд 5-10 хүртэлх жилийн хугацаанд мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх явцад бүрэн төлж барагдуулах бололцоотой байхаар тооцож нэмэгдүүлэх зэрэг бодлого, зохион байгуулалтын өөрчлөлтийг Засгийн газраас 2017 онд багтаан хэрэгжүүлнэ. Эдгээр арга хэмжээг авсны үр дүнд Боловсролын зээлийн сангаас дотоодын их дээд сургуульд элсэн суралцагч нийт 35-37 мянга очим оюутныг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй, урт хугацааны зээлд хамрагдах нөхцөл бүрдэж, төлбөрийн дарамтгүй суралцах боломж бүрдэнэ. Ингэснээр 2018 онд нийт 75 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулна.
    • Эрүүл мэндийн даатгалын сан,  эрүүл мэндийн салбарын зарим байгууллагыг бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх замаар эрүүл мэндийн санхүүжилт нь иргэдэд хүргэх тусламж үйлчилгээний бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлнэ.  Эрүүл мэндийн салбарын хөрөнгө, нөөцийн хуваарилалт, худалдан авах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын санг 2018 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн бие даан үйл ажиллагаагаа явуулахаар тооцож Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас Эрүүл мэндийн сайдын багцад холбогдох орон тоо, зардал, хөрөнгө болон орлого, эх үүсвэрийг шилжүүлэх зохицуулалт хийнэ.
    Түүнчлэн төрийн өмчийн эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангах, санхүү, төсвийн талаарх шийдвэр гаргах эрх мэдлийг тухайн эмнэлгийн удирдах зөвлөлд хариуцуулах, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэх бодлогын өөрчлөлтийг 2018-2019 онуудад бүрэн нэвтрүүлж, хэрэгжүүлнэ.
Эдгээр өөрчлөлтийн үр дүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэгч байгууллагуудын дунд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шударга өрсөлдөөн бий болох, эрүүл мэндийн даатгалын сан болон улсын төсвөөс авах санхүүжилт нь үйлчилгээ хүргэсэн иргэд, даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд бүрэн нийцэх, улмаар ачаалал өндөр эмнэлгүүдийн санхүүжилт мөн хэмжээгээр нэмэгдэх, нэмэгдсэн эх үүсвэрээр тухайн эмнэлгийн боловсон хүчин, тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх зэрэг бодит боломж нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
    • Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийн ажлыг урт  хугацаат  хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орох хүртэл хугацаанд одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйтгэл, тэгшилгээг хийж, хөрсжүүлэн нөхөн сэргээж, үнэргүйжүүлэхэд зориулж 35.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх ба  ирэх онд 10.0 тэрбум төгрөг зарцуулна.
    • “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Холбогдох хуулийн дагуу 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр, түүнчлэн  гурав болон түүнээс дээш 0-18 насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж олгох ба тэтгэмжийн хэмжээг хүүхдээ асарч байгаа эхэд сарын 50.0 мянган төгрөг буюу улиралд 150.0 мянган төгрөг, өрх толгойлсон эх/эцэгт улиралд 240.0 мянган төгрөгөөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулна.
    • Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд нийт 393.6 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд нийт 119.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.4 тэрбум төгрөг тус тус нэмж зарцуулна.
    • Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгоно.  Төрийн албан хаагчдын жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэж, ажлын бүтээмж, үр дүн, сахилга, хариуцлага, албан даалгаврын хэрэгжилт зэргийг харгалзан үр дүнгийн урамшуулал олгоход зориулан 56.2 тэрбум төгрөг төлөвлөв.
    2. Төсвийн тогтвортой байдлыг хангах талаар  хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ:
    • Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг зорилтод бүлэгт чиглүүлнэ. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хүрээнд 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг  нийт хүүхдийн 60 хувийг хамруулахаар тохирсны дагуу ирэх жилд нийт 684.0 мянган хүүхдэд олгохоор тооцож 164.2 тэрбум  төгрөг тусгав.
    Цаашид хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүрээг 80 хүртэл хувьд хүргэн нэмэгдүүлэх боломжийг судалж шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэхдээ хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах өрх гэрийг сонгож буй одоогийн аргачлалыг өөрчилж тухайн өрхийн тогтвортой буюу байнгын шинж чанартай орлогын эх үүсвэрт үндэслэн тодорхойлох аргачлалыг шинэчлэн боловсруулах шаардлагатай байна.
    Гадаад зээл, өрийн чиглэлээр:
Засгийн газрын дотоод үнэт цаасны гаргалтыг бууруулахаас гадна дотоодын банкнуудад арилжаалж буй өндөр хүүтэй үнэт цаасны хэмжээг багасгаж, хүүгийн түвшнийг бууруулах, гадаад дотоодын иргэн, компаниуд зэрэг бусад хөрөнгө оруулагчдын хамрах хүрээг нэмэгдүүлэх замаар өмнөх Засгийн газрын өргөн барьсан 2018 оны төсвийн төслөөс засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийг даруй 130.0 тэрбум төгрөгөөр бууруулан 1,150.7 тэрбум төгрөг байхаар төсөлд туссан байна.
    Нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт:
    Төсвийн зарчмуудыг баримтлан, дээр дурдсан голлох өөрчлөлтүүдийг оруулан тооцоход Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувь болж нийт алдагдал 2017 оноос ДНБ-ий 1.5 хувиар буурахаар байна гэж төсөлд дурдсан байна.
Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих