Өрөө төлж дуустлаа “Чалко”-д нүүрсээ өгөх нь
Тавантолгойг сонирхох талууд олон байна. Хөрөнгө оруулагч болохын тулд Орос, Хятад, АНУ, Япон, Солонгос улсууд өрсөлдөж байгаа. Харин хувьцааг нь хэн хэдэн ширхэгээр авах талаар улс дотроо уралдаж буй. Анх 2010 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Цанхийн баруун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах тендерийг зарласанаас хойш бүтэн жилийн нүүрийг үзэх гэж байна. Тэгвэл Монгол Улсын Их хурал 2010 оны долдугаар сарын 7-ны өдөр Тавантолгойн ордыг ашиглах зарим асуудлын тухай 39 дүгээр тогтоолыг гаргаж “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй тараах, 10 хувийг нь үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь зарах, үлдсэн 30 хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалахаар болсон. Одоо үүнээсээ буцахаар ярилцаад л байгаа.
Тавантолгойн орд нь Бортолгой, Цанхийн баруун, зүүн, Ухаахудаг, зүүн хэсэг гэсэн таван хэсгээс бүрддэг. Цанхийн баруун, зүүн хоёр ордын нөөц нь хэмжээгээрээ ойролцоо хэмээн судлаачид хэлдэг.
Стратегийн хөрөнгө оруулагч үйл ажиллагаа явуулах Цанхийн ордын баруун хэсгийн нөөц нь тодорхой болсон бөгөөд уг орд нь 1.7 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй ажээ. Үүний 800 сая орчим нь коксжих нүүрс. Тавантолгойн ордын нийт нөөцийнх нь 1.8 тэрбум тонн нь гангийн үйлдвэрийн гол түүхий эд болох коксжих нүүрс юм. Нийт коксжих нүрснийх нь бараг тал хувь нь стратегийн хөрөнгө оруулалтаар ашиглах Цанхийн ордын баруун хэсэгт ногдож байна. Тийм болохоор энэ хэсэг нь эдийн засгийн хувьд хамгийн өндөр үнэлгээтэй хэсэг нь гэнэ.
Өнгөрсөн арван хоёдугаар сарын 23-нд зарласан Цанхийн ордын зүүн хэсэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлогчийг сонгох тендерийн ялагчид энэ оны найм¬дугаар сард тодорч Австралийн “Macmahon”, ХБНГУ-ын “BBM Operta” компани хамтран олборлох болсон.
Зүүн Цанхиас энэ жилдээ нэг сая тонн нүүрс экспортод гар¬гах бөгөөд ирэх жилээс үүнийгээ дөрвөн сая тоннд хүргэж цаашдаа нэмэгдүүлэх аж.
Орж ирэх мөнгөө нүүрс угаах үйлдвэр, усны нөөц хайгуул судалгааны ажилд зарцуулахаар төлөвлөсөн.Зүүн Цанхиас олборлосон нүүрсээ “Чалко” компанид зарахаар гэрээ байгуулсан. Ингээд үүний урьдчилгаа болгож 250 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар аваад эх орны хишиг болгон иргэддээ тарааж байгаа билээ. Уг мөнгийг төлж барагдуулах хүртлээ нүүрсээ “Чалко” компанид 100 хувь өгнө. Тэд цааш нь зарах юм байхаа. Тавантолгойг сонирхох талууд олширсоор.
Ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг сайдын “Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлагаас харахад Тавантолгой дахь ОХУ-ын хувийг өсгөж, Хятад, АНУ, Монголын эзэмших хувь багасах бололтой.
URL: