БАЯННУУРЫН ТЭМДЭГЛЭЛ ХОЁР БУЮУ УРАДЧУУДЫН СОЁЛ
Лханаагийн МӨНХТӨР /сэтгүүлч, яруу найрагч, Хэлбичгийн ухааны доктор/
Бор тохойн соёл. Энэ үгийг Баяннуурчууд их ярих юм. Үржил шимт хөрс бүхий тариалангийн үйлд ихээхэн тохиромжтой, Хатан голын сав газрыг Бортохой гэдэг. Энэ нутгаар олон зуунд идээшин дасаж, суурьшин суусан ард түмнийг Урадчууд гэх юм билээ. Урадчуудын соёлыг өнөөдрийг хүртэл тээж яваа зон олон бол Урадын гурван гүнгийн хошууны үр сад. Тэд одоо Урадын хойд хошуу буюу нутаг орны байцаараа Цог-Өндөр уулын хошуу, Урадын дунд хошуу буюу Халиутын хошуу, Урадын өмнөд хошуу буюу Монь уулын хошуу юм. Эдгээрээс Монь уулын хошуу нь тариалах малжих дундын чанартай юм. Хойд буюу дунд хошуу нь мал аж эрхлэн аж төрдөг юм байна. Урадын дунд болоод хойд хошуу нь монгол улстай хил залгаж Бага мод Ганц мод боомт ажиллаж ачаа болон хүн зорчдог ажээ. Ганц модны цаана манай Бургастайн боомт байна. Нүүрс гэдэг ус мөрөн урсах адил урагшаа цувдаг газар. Бага модоор нь ч ч бас нүүрс урсана. Нэг иймэрхүү. Урад соёлын өв тээгч Урадын хойд хошуу нь Баяннуур аймгийн зүүн хойд бүсэд байршилтай. Баяннуур хотоос манайхаар бол хорь гаруй км зайтай аж. Энэ хошуунд миний урдны танил Хас амьдран суудаг. Тэр 30 шахам жил цагдаагийн алба хашсан. Сүүлийн жилүүдэд хошууныхаа үндэстний хэрэг эрхлэх газрын товчоогоор ажилтай. Соёл шашин суртхуун морь мал, зохиол бүтээл гээд юм юманд хүртээлтэй гүйж явдаг нөхөр. Хас бол Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны цахар хүн л дээ. Энэ нутагт ирээд 30 гаруй жил болохдоо Урад соёлыг мэдэж, түүнийг тээгч болтлоо суурьшсан хүн. Эхнэр нь хошууныхаа сурган хүмүүжлийн албанд зүтгэж яваа багш хүн. Бас Хас гэнэ. Гэхдээ “чимэг” тодотголтой… Урадын хойд хошуу нийтдээ 3 хот, 3 сум, 50 багтай. Тус хошууны чанх ард талд байрлах хадтай уулыг даваад явмагц Өмнөговь аймгийн Гашуун сухайттай залгаад орчихно гэж байгаа. Гэхдээ манай Гашуун сухайтын боомт бол Урадын дунд хошуугаар хиллэдэг. Урадын хойд хошууныхан Монгол улсын Архангай аймгийн Ихтамир сутай хамтын ажиллагаатай юм билээ. Тэдний яриа хөөрөө аялга нь халхчуудтай ялгаа зөрөө бага. Ганц нэг үгийн зөрөөтэй нэрлэлт сонстож л байна. Тухайлбал манайхан “тэрэг барина, жолоодно” гэдэг бол тэд “тэрэг тууна” гэх юм билээ. Ингээд сонсоод байвал зөрөөтэй үг хэллэг бас бус бий.
Урад соёл гэдэг нь Эзэн Богд Чингис хааны төрсөн дүү хавт Хасар болон түүний үр ач нарын угсаанд багтах овог аймгуудаас эхтэй гэж үздэг юм байна. 1649 оны намар Урадын гурван гүнгийн хошуу нь Чин улсын эзэн Эеэр засагч хааны зарлигийг хүлээн одоогийн энэ нутагтаа нүүж ирсэн түүхтэй. Нүүж ирсэн зорилго нь говийн өмнүүрх халх аймгуудыг сэргийлэн хамгаалах явдал байсан тухай түүхэнд бас дурдсан байдаг. Урадчуудын соёлын ирэлт нь үнэндээ жижиг гар үйлдвэрлэл, гэр сууц, зэвсгийн соёлоос эхтэй ч өдөр дутмын амьдрал ахуйн наад захын соёлууд ч мөн уламжилсаар өдгөөд хүрчээ.
Нэгэнтээ миний бие сэтгүүлч Б.Занданхүүгийн бичсэн “Дундад улсад байгаа монгол үндэстнүүдийн тухай цуврал нийтлэл”-үүдийн нэгээс арваад жилийн өмнө уншиж байсан юм л даа. Тэнд “…Их зуу аймгийн Үүшин хошуунд байгаа Бор тохойн соёлын буурь нь одоогоос 50-35 мянган жилийн өмнөх дурсгал бөгөөд Бээжингийн Жеү Кеүдяний уулын агуйн хүний соёлтой зэрэгцэн нэрд гарч байна. “ гэсэн өгүүлбэр юм. Тийм болохоор Бортохойн соёл гэдэг нь үнэндээ Хатан голын өмнө хойно бүр дэлгэрсэн эртний соёл юм. ӨМ-ын Багшийн их сургуулийн профессор, доктор Б. Мөнхөө бол урад соёлын төлөө эрдэм ухаан судлал бүтээлээ зориулж яваа сэтгэл зүтгэлээрээ холбогдсон Урад нутгийн уугуул том сэхээтэн. Урад соёлыг хөгжүүлэх өвлүүлэх талаар олон ажил санаачлан зөвөлж, бүтээлцэж яваа хүн. Тэрээр Бор тохойд буй болсон Урад соёлын тухай хэлэхдээ: “…Урад соёл гэдэг бол монголын малжих нүүдэлчний хамтын соёлын суурь дээр тэд нарын оршин суугаа байгалийн онцлог нөхцөл, амь ахуй, цаг агаар, хур тунадасын хэмжээ зэрэгт баримтлагдаж шинээр үүсэж биелэгдсэн үйлдвэрлэлийн болон нийгмийн аж амьдралын өвөрмөц зан соёлыг зааж буй. Хэллэгээнгүй хөгжилийн явцдаа урадчууд нь төр шашин хоёр ёсоор дамжин Манж, Төвдийн соёлыг хүлээж шингээсэн бөгөөд ялангуяа 19-р зууны сүүлч 20 дугаар зууны эхнээс урадчууд нь өөлд, хошуд, халх ордос зэрэг хөрш зэргэлдээ монгол овог аймгийнхаа соёлд нэлээд нөлөөлөгдсөн ба ойрын дал наян жилийн хооронд хятадын соёлд ихээр нөлөөлөгдсөн билээ. Тиймээс, эдүгээгийн урадын соёл гэдэг нь хэрэг дээрээ монголын уламжлалт соёл болон нутаг орны эх байгалийн амь ахуйд баримтлагдсан урадын уулын өвөрмөц соёлоор суурилсан Ордос зэрэг монголын бусад овог аймгуудын соёлыг нэгэн хэмжээгээр багтаасан мөн Төвд, Манж, Хятад зэрэг харийн соёлыг нэлээд шингээсэн хам буюу холимог соёл болно” гэж тодорхойлсон байна. Ер нь урадын соёлын тодорхой хэсгийг бүтээсэн хүний нэгэнд Мэргэн гэгээн Лувсандамбийжанцан зүй ёсоор ордог. Энэ эрдэмтний тухай тэмдэглэлийнхээ эхний хэсэгт өгүүлсэн болохоор энэ удаад товчилсу… Баяннуурчууд “Бортохой” гэдэг үгийг их хүндэтгэн зардаг юм билээ.
Бортохой дээд сургууль гэж байна. Бор тохой архи гэж нэртэй архи хийдэг. Бор тохойн гурил бүх хятадад алдартай. Энд улаан буудай амтат гуа тариалах талаараа ойр тойрондоо нэрд гарсан. Тийм болохоор архи гурил хоёрыг нь жаахан тодруулья. Эндхийн хамгийн нэр хүндтэйд тооцогдох хүнсний үйлдвэр бол Бор тохойн архины үйлдвэр. Архи нэрж гаргах арга нь ерөнхийдөө монгол архийг нэрж гаргах арга технологитой адил боловч хамгийн гол нь хадгалалт хамгаалалтын горим нь чанартай архи болгоход ихээхэн нөлөөтэй гэнэ. Том агуулахад зургаан эгнээ болгож ухсан нүхэнд улаан буудай, эрдэнэ шишийг 3-10 хоногийн хугацаатай дарж исгэдэг. Дараа нь исгэсэн буудайндаа буурцаг нэмж хийгээд 80 орчим градустай архи гаргаж авна. Ингээд уураар нэрж гаргасан өндөр градустай буудайн архийг төмөр саванд хийж удаан хугацаагаар хадгалж, исгэнэ. Амт чанарын хувьд вааранд хадгалсан архи нь арай илүү гэнэ. Иймэрхүү маягаар өдөртөө 2000 тн архийг зах зээлд нийлүүлдэг аж. Зөвхөн энэ архины үйлдвэрт л гэхэд 8000 орчим хүн ажилладаг гэх боловч өдрийн цагт эзгүй гудамжууд, нам гүмхэн орчин үргэлжилнэ. Бор тохойн архины үйлдвэрээс холгүй Хэн Фэ гурилын үйлдвэр оршдог. Хамгийн их цавуулагтай сунадаг гурилыг энд үйлдвэрлэдэг. Энэ гурилаараа Ли Эн Хай гэдэг нөхөр 1 кг гурилыг хэрчсэн байдлаар нь хамгийн урт буюу 5200 км сунгаж чадсанаараас геннисийн номонд ч хүртэл орсон гэнэ. Энэ гурилаас Өмнөговийн Таван толгой, Оюу толгой компаниуд худалдан авч, ажилчдынхаа хүнсний хэрэгцээг хангадаг гэсэн. Энэ бүхэн бол Урад соёлын өнөө цагийн үргэлжлэл болой. Идээ ундааны соёлд нэмж байгаа нэг л төрлийн үйлдвэрлэлийн соёл юм даа. Хатан голын усаар ундаалсан улаан буудайн гурил нь урсдаггүй цавуулаг сайтайгаараа алдаршжээ. Бас амтат гуа их хэмжээгээр тариална. Шаргал өнгөтэй чихэрлэг амтат энэ гуа Баяннуурчуудын идээний соёлд өөрийн байр суурьтай. Урадын хойд хошууныхан тэмээ олонтой. Тэмээний сүүг ашиглах, олон төрлийн цагаан идээ хийж, тэр нь зах зээлд өндөр үнэтэй борлуулагддаг ажээ. Бас тэмээний уралдаан, тэмээн поло тоглохдоо гарамгай. Монгол улсын Өмнөговь аймагтай тэмээний уралдаан тэмээн пологоор уралдаан тэмцээн зохиож аваргалж байсан гээд л бахархацгаана. Хорвоод ховордоод байгаа хоёр бөхт тэмээгээ өсгөн үржүүлж, ашиг шимий нь бүрэн дүүрэн ашиглаж байгаа нь бахархууштай. Тэмээний өвөрмөц соёл нь урадчуудын соёлын нэгээхэн хэсэг мөн. Гадна дотнын жуулчдын нүд хужирлах нэг үзэмжийн газар нь тариалах соёл, Хатан голын суваг татах явцыг ханаар нь дүүрэн үйл явдлын дарааллаар нь зурсан байх юм билээ. Тариалах соёл ч бас энд ихээхэн дэлгэрчээ.
2017.10.25 Баяннуур-Хөххот
URL: