Сөрж биш СӨХӨРЧ ярина
Сонгууль дөхөхийн хэрээр улстөрийн намууд ярьж буй яриа, хэлж буй үг, амлаж буй амлалтандаа хатуу хяналт тавьж эхэллээ. Түүгээр ч зогсохгүй бусдыг АМЫГ үдэж “амьдрах”-ыг санаархаж буй.
Өчигдөрхөн улстөрийн халуун тогоонд нэгэн шинэ дүрэм батлагдсан нь зарим шударгаар амьдрахыг хүсэж байгаа нөхдүүдийн уур хилэнг хөдөлгөв бололтой. Юутай ч шинээр батлагдсан хууль дүрэм нь намынхаа гаргасан ямар ч бодлого хийгээд амлалтын эсрэг хэн ч юу ч гэж хэлж болохгүй хэмээх дүрэм юм.
Тодруулбал, намын бодлого зөв ч бай, буруу ч бай, амласан амлалт нь хэрэгжих боломжтой ч боломжгүй ч хэн ч юу гэж сөрөхгүй. Харин алгаа ташин дэмжиж ард түмний толгойд цаасан малгай өмсүүлнэ гэсэн үг.
Тэд намынхаа бодлогыг эсэргүүцэхгүй үг дуугүй хүлээн зөвшөөрч толгой дохино. Харин тэвчээрийн хүлээс алдарсан хэсэг бусаг нөхдүүд байвал тэд цөөнх болж болох сайн талтай. Гэсэн ч тэд гадагшаа хэлэх эрх үгүй. Өөрөөр хэлбэл намынхаа бодлогыг эсэргүүцэж буйгаа хэвлэл мэдээллээр дамжуулан ард түмэнд хүргэхгүй. Ёстой л олгой хагаравч тогоон дотроо гэдэг үзэл бариммтлалыг яс махандаа шингэтэл баримталж бүлх залгисан юм шиг дуугүй явах хэрэгтэй болж байгаа юм.
Энэ нь шинэ дүрэм төдийгүй бас ЁС ЗҮЙ гэсэн дагуултай. Бусдад ойлгогдсноор бол намынхаа гаргаж буй бодлого, мөрийн хөтөлбөр сэлтийг эсэргүүцвэл ЁС ЗҮЙ-гүй этгээд болно. Харин дараа нь намын гишүүн намын эсрэг тэрсэлсэн тэр үзэлтэн бас гэмт хэрэгтэн болж ад үзэгдэн шоовдорлогдох нь ээ дээ янз нь.
2008 оны сонгуулийн өмнөхөн эрх барьж буй намынхан эх орны хишиг түгээж иргэн бүрт бэлэн мөнгө өгнө хэмээн цээжээ дэлдэж байлаа. Бүгд л нэгэн зүгт харж, нэг үгийг нэг амьсгалаар хэлж байсан цаг. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан нөхдүүд цаанх болж бэлэн мөнгө тараахыг эсэргүүцэж байв. Тэд ард түмэнд бэлэн мөнгө тараана гэдэг нь хамгийн энгийнээр хэлэхэд эдийн засгийн мөхөл рүү явна гэсэн үг. Үүний дараа инпляци өснө, төрийн гарыг харж түлээ нүүрний мөнгөө олдог нөхдүүд хоолоо амандаа хийлгэхийг хүснэ. Тэр цагт төр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болохын үлгэрийн үзнэ хэмээж байсан билээ.
Гэвч хашир тулхтай улстөрчийн үг тэдний чихний хажуугаар өнгөрсний гайг биеэр мэдэрч өдгөө амласан амлалтаа биелүүлж ардын баатар болохоо харуулахаар хойт хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаа. Тийм ч учраас бэлэн мөнгө амлахгүй хэмээн гэдийцгээж, энэ тохироогоо эртхэн хийж үгсэж буй. Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар ард түмэнд бэлэн мөнгөний үнэр авахуулсан нэр дэвшигч нэхий дээлээ толгой дээгүүрээ нөмрөх хэрэг гарах нь.
Ийнхүү нэгнийхээ хэлсэн үгийг нийтэд тарааж байх үүрэг хүлээсэн намын гишүүд буюу зомби нар улстөрд газар авч сонгуулиар хэн нь хэрэгтэй үг унагах бол гэсэн хүлээлт үгүй болох бололтой. Нэгэнт тэд нэгнийхээ ярьсан үгийг дамжуулан ТОГЛОЖ байгаа учраас нэг намын нэг үгийг нэжгээд хүнээс л сонсоно гэсэн үг болж байгаа юм.
Ийнхүү нэр дэвших эрх хийгээд намын ёс зүйн дүрэм журам гэгч зүйлээр бусдыгаа боомилж, СӨРЖ биш СӨХӨРЧ ярихыг тушаасан намууд борооны дараах мөөг шиг болох нь.
Харин үг хэлэх эрх чөлөө, үнэнийг гүйцэх “мөрийн хөтөлбөр”-тэй иргэний хөдөлгөөнийхөн СӨХӨРЧ биш СӨРЖ хэлнэ гэдэгт найдахаас.
Ж.Хулан
URL: