“Аравнайлсан шар тос”-ны эзэн Богдын музейн захирал болно гэв үү
Төрийн алба төрлийн алба байсан бол эцэстээ шахааны газар болсоор байна. Жирийн нэг жижиг албан хаагч биш төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчийг амбицтай сонгуульд явсан нэгнээр солих нь хэр зүйд нийцэх бол. Бурхан урлаач, Буддын гүн ухаан судлаач гэх Д.Ухаанзаяа гэх эрхэм өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын дарга М.Энхболдод ажиллахдаа Богд хааны музейн захиралын албан тушаалд томилогдох тохиролцоотойгоор оролцсон бололтой.
Нам доторхи фракц бүлэглэлүүд өөрсдийн хүнээ ийш тийш нь шургуулах ажил сонгуулийн дараа идвэхждэг гэдгийг хүмүүс андахаа больсон. Ялсан нам эрхээ эдэлж гэж бодоход нам дотрох фракцуудын наймаа дуусаагүй үргэлжилж байдаг нь энгийн нэгэн ажлаа хийж яваа төрийн албан хаагчдад үнэнхүү дарамт учруулсаар ирлээ. Байнгын халаа сэлгээ чадваргүй ажилтнуудыг мэргэшүүлэхэд ямархуу цаг хугацаа зарцуулдаг билээ. Тэр тусмаа удирдах албанд төрийн албанд ажиллаж байгаагүй хүнийг амбицийг нь харж томилно гэдэг илт хуудуутай томилгоо болж хохирол учруулахгүй гэсэн баталгаа хаа байна.
Залуу хүн гэхлээрээ муу байна гэсэн үг биш. Гагцхүү төрийн албанд мэдлэг, ур чадвартай хүмүүс ажиллах ёстой. Хувь хүний ашиг сонирхол нь давамгайлсан бус меррит буюу мэргэшсэн, тогтвортой байх нь чухал гэдгийг хаа хаана ярьж хэлж байгаа ч хэрэгждэг салбар гэж алга.
Төрийн албаны тухай хуулийг сөхөж хардаг хэрэгжүүлэх үүрэгтэй тодорхой албан тушаалтнууд үе үеийн засгийн газруудад үгүйлэгдсээр байна.
Төрийн яам, агентлаг, захиргааны байгууллагуудад ажлаа мэдэх нь байтугай албан бичиг төлөвлөж чадах хүн ховордсон үед ахин нэг мэргэшсэн хүнийг амбицтай нэгнээр солих МАН дах М.Энхбодын фракцийханд сонин биш болжээ.
Олны сүсэг бишрэлд дөрөөлөн зөв эсэх нь эргэлзээтэй цуврал лекцүүдыг хийж хүмүүст танигдсан тэрээр хувийн аж ахуй, албаа эрхлээд явах нь илүү амар баймаар санагдана. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэх нэгэн бий ч шуналын сэтгэлээр тэмүүлэгсэд өдөр ирэх бүр нүдэн дээр олширсоор байгаа. Бага залуугаасаа бүүр дороос нь эхэлсэн ажилтанууд улам бүр цөөрч гэнэт цойлон гарч ирэгсэд очсон салбар бүрдээ хорлонтойгоор ханддаг, хэл ам дагуулдаг нь жам болсоныг үйл явдлууд харуулсаар. Цалин хангамж багатай төрийн албыг сонирхогчдын цуваа өмнөх ажилтанг халахаасаа өмнө шалгаж, шалгуулж, дарамталж, дарамтлуулсны эцэст ямар тушаал гаргах бол гэдэг нь бас сонин.
Улс төрийнх биш, төрийн албаны тухай хуулиараа төрийн албан хаагчид болох мэргэшсэн хүмүүсээр оролдохгүй байх нь төр, түмэнд хэрэгтэй баймаар юм.
Хувийн компани үйлчлэгчээ хүртэл ажилд авахдаа нарийн шалгуур тавьдаг болсон цаг. Удирдах албанд бүүр ярилтгүй ах дүү, танил тал гэж үзэхээ болиод удаж байна. Ажилд тааруу хүнд цалин өгөөд зүгээр хараад сууна гэсэн ойлголт үгүй бүүр цалинг нь хасаж эсвэл огт цалин өгөхгүйгээр ажлаас халах нь хэвийн үзэгдэл болчихсон. Гэтэл хувийн байгууллагаас хэд дахин шалгуур өндөр байх ёстой төрийн алба “Төрийн албан хаагчийн шалгалт” гэх нэрээр халхавчлан танилын сүлжээ ажилласаар. Төрийн албыг сэтгэлгүй, чадваргүй, шуналтай хүмүүсээр танил тал харж томилсоор байгааг хэзээ зогсоох вэ? Энэ гажуудал олон уршиг дагуулж байгааг дахин хэлье.
“Сайн засаглалын нэг үндсэн шинж бол төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой байж, чанартай үйлчилгээг иргэддээ үзүүлэх явдал бөгөөд улс орны тогтвортой хөгжлийн нэгэн чухал хүчин зүйл билээ. Төрийн албаны тогтвортой байдал гэдэгт бодлогын, хууль тогтоомжийн, байгууллагын бүтэц, тогтолцооны, үйл ажиллагааны чиглэлийн, боловсон хүчний гээд олон зүйл багтана.” гэсэн нэгэн экс ерөнхий сайд асаны үг зүгээр лоозон болжээ. Лоозон болголгүй хэрэгжвэл олон түмэнд тустай төрийн залгамж халаа, төрөө дээдлэх сэтгэлд гүнзгий хүндэтгэлтэй болох ёстойсон.
Эцэст нь хэлэхэд “Төрийн албаны тухай хууль”-г удирдлага болгон, төрийн албан хаагчийг шалтгаангүй халсаныг шүүхээр тогтоосон ч ажилд нь эргүүлэн томилдоггүй тохиолдол нэг биш гарсан. Нөгөө талаар төрийн албан хаагчид ажлаасаа халагдлаа гэхэд шүүхэд хандахгүй орхих тохиолдол ч цөөнгүй байдаг нь танилын сүлжээ ашиглан төрийн албыг дараа төлбөрт үйлчилгээ болгож ашиглах нь багасгахгүй шинжтэй арга, технилоги нь улам бүр нарийсаж байна. Бусад тохиолдолд хөгжихийн хэрээр дэвждэг бол эсрэгээрээ хөгжих тусмаа уруудахад нэмэр болж байгаа нь харамсалтай.
Иймээс та бид Богдын музейг “хөө тортог бага гаргадаг авнайлсан шар тос”-ны эзнээр удирдуулахдаа арай л хүрэмгүй байна.
Х.Жанлав
Ugluu.mn
URL: