МАН-ынхан дөрвөн гишүүнээ “шонд дүүжлэх” нь
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Бага хурал дээр тавих намын даргын илтгэлийн төслийг ярилцахаар зар тараасан ч үнэн хэрэгтээ намын даргын эсрэг босоод байгаа дөрвөн гишүүнийг хатуу донгодохоор цугласан аж. Намын бага хурлын өмнө намын гишүүдийн баримтлах дүрмийг ч үүнтэй холбогдуулан баталсан байна.
Энэ дүрмээр намын бодлогын ямар ч асуудлыг намын гишүүн сөрж ярих эрхгүй болж байгаа юм байна. Бүр цөөнх болсон ч үүнийгээ хэвлэл мэдээллээр илэрхийлэх эрхийг нь энэхүү ёсзүйн дүрмээрээ хязгаарлав. Өөрөөр хэлбэл, намын дарга болон бусад удирдах албан тушаалтнуудаа, намын зөв буруу үйл ажиллагааг энэ намын нэг ч гишүүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр муулж болохгүйг хатуу үүрэгдэж зөрчвөл намын эсрэг гэмт хэрэгтэн болох нь. Удирдах зөвлөлийн хурлаар яригдсан бас нэг асуудал нь МАН-ын дэргэдэх сургалт судалгааны “Прогноз” төвийн захирлыг сольсон.
Өмнө нь “Монголын мэдээ” сонин “Прогноз” төвийнхөн намуудын рейтингийн судалгааг “ориг” хувилбараар нь хулгайд алдаж, тэр нь сонинд нийтлэгдсэн. Ингэснээр МАН-ын генсек “Прогноз”-ын ажилтнуудыг цуглуулж, “хулгайч, урвагчийг олохдоо л олно” хэмээн заналхийлж, тус төвийн зарим нэг ажилтнаа ч халсан талаар бичиж байсан. Гэвч МАН-ынхан өөрсдийн гар хөл болдог хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Ёстой тийм юм болоогүй, яагаа ч үгүй. Хүн ажлаас халаагүй” гэж ярьж, мэдэгдэж байсан.
Халагдсан хүн нь өөрөө ирээд ярьж байхад МАН-ынхан үгүй гэж гүрийгээд л байсан. Гэтэл юу болов. “Прогноз”-д асуудал гарснаар барахгүй тус төвийн захирал Б.Одхүүгийн оронд судлаач М.Мөнхбатыг өчигдрийн Удирдах зөвлөлийн хурлаараа томилсон байна.
Удирдах зөвлөлийн хамгийн эмзэг сэдэв нь Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдыг огцруулах тухай ярьж эсэргүүн болцгоогоод байгаа Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр нарыг намын нэр нөлөөгөөр УИХ-ын гишүүн болсчихоод намын эсрэг юм ярьж явдгаа болих хэрэгтэй. Үгүй бол “шонд дүүжлэх” болно гэдгийг У.Хүрэлсүх, Ц.Нямдорж тэргүүтэй луугарууд хатуу сануулав. У.Хүрэлсүх “Болохгүй байгаа нөхдийг Ардын намын Ёс зүйн хороогоор оруулна” гэж айлгав. Хэрэндээ л айлгав. Харин өнөөх эсэргүүн дөрөв айсан болов уу. Айх байтлаа фракцид нэгдэн намын даргаа шүүмжилнэ гэж үү.
С.Хэрлэн MMINFO
URL: