150 мянга гаруй оюутныг хотоос нүүлгэе!
Анх 500 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн Улаанбаатар хотод өнөөдөр Монгол Улсын гурван сая 370 мянган иргэний 50 орчим хувь нь амьдарч байна. Хүн амын нягтаршил их байх нь замын түгжрэл, агаарын бохирдол гэх мэт олон асуудал дагуулдаг. Түүнийг шийдэхийн тулд хотын удирдлагууд олон төсөл, хөтөлбөр санаачилдаг. Тэр дундаа их, дээд сургуулиудыг хотоос гаргах талаар олон жил ярьж байна. Учир нь манай улсын нийт оюутнуудын 44 хувь нь нийслэл хотод сурдаг. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төрийн болон хувийн хэвшлийн 96 их дээд сургууль, коллежид 150 мянган залуус суралцаж байна. Эдгээр сургуулиудыг хотоос нүүлгэж, суралцагч оюутнуудын нийгмийн хэрэгцээг хангасан дотуур байр, бусад дэд бүтцийг бий болгосон оюутны хотхоныг барихаар төлөвлөсөн ч үр дүнд хүрэлгүй явсаар сургуулиудын байрны ашиглалтын хугацаа дуусч эхлээд байсан. Засгийн газрын наймдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг ирэх 2018 оны төсөвт тусгахаар шийдвэрлэсэн.
Амгалан буюу Баянзүрх дүүргийн XII хороонд байрлалтай, 1500 оюутны дотуур байр, соёл, спортын төв бүхий цогцолбор ирэх онд ашиглалтад орно. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэх сургалтын чанар, орчин сайжирч, 12 мянган оюутан, 1000 гаруй багш, ажилчин хотын А зэрэглэлийн бүсээс шилжиж замын хөдөлгөөний түгжрэл буурна гэж үзээд байна. Энэ нь их дээд сургуулиудыг нүүлгэх ажлын эхний алхам гэж хэлж болно. Мөн хотын дарга С.Батболд санаачилга гаргаж БСШУСЯ-д хамтран ажиллах санал хүргүүлсэн. Хамтран ажиллах саналдаа төвлөрлийг сааруулах чиглэлээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон их, дээд сургуулиудыг мэргэжлийн чиглэлээр нь харгалзан, үе шаттайгаар дэд бүтэц, харилцаа холбоо, аж үйлдвэр хөгжсөн Дархан, Эрдэнэт хотууд болон газар тариалангийн бүс нутаг, Сэлэнгэ аймаг, алслагдсан дүүргүүдэд шилжүүлэн байршуулах арга хэмжээг авах, мөн Улаанбаатар хотод цаашид их, дээд сургууль байгуулахыг зогсоож, шаардлагатай тохиолдолд дээр дурдсан газруудад дээд боловсролын сургууль байгуулахыг зөвшөөрөх нь зүйтэй хэмээн тусгажээ. Нээрээ л яг хотын төвдөө АШУҮИС, МУБИС, МУИС, ШУТИС, ХИС, СУИС гэх улсын таван том сургууль хоорондоо 100-150 метрийн зайтай байрладаг. Тэгэхээр хотод суралцдаг 150 орчим мянган оюутны тэн хагас нь хотын төвийн сургуульд сурч байгаа юм. Энэ нь хотын замын түгжрээнд маш их ачаалал нэмэх нь тодорхой. Жишээ нь, МУБИС 15 мянга орчим оюутантай. Нэг ангид 30 орчим оюутан суралцдаг. Багаар бодоход ангид нэг машинтай оюутан байлаа гэж бодоход зөвхөн нэг сургуульд 50 машины зогсоол хэрэгтэй. Гэтэл манай төвийн дүүргүүдэд машины зогсоолыг хэрхэн шийдсэн байдаг билээ. Тус сургуулийн урд талын туслах зам нь нарийн, байнгын бөглөрч, түгжирдэг замд 50 машин багагүй ачаалал болно. Мөн оюутнуудаа дагаад цайны газар, баар, ресторан, PC тоглоомын газар, үсчин, гоо сайхан гээд үйлчилгээний төвүүд булан, тохойгүй шавж, түүнийгээ дагасан хөл хөдөлгөөн тасрахгүй. Хотын төв талбайг тойрсон сургуулиудын оюутнууд жил ирэх тусам нэмэгдэж, багтаж шингэх газаргүй төв талбай нь оюутны гудамж шиг болсоор олон жилийн нүүр үзэж байна. Төрийн ордны өмнөх талбайд учраа мэдэхгүй оюутан залуус тамхи татаж, нус шүлсээ хаяж зогсоно. Үнэхээр Засгийн газрын шийдвэр хурдан гарч сургуулиудыг хотын зах руу нүүлгэж чадвал давуу тал их бий.
Оюутны хотхон, хичээлийн байр, спорт заал зэргийг эхний ээлжинд бүтээн байгуулж оюутнуудаа хүлээж авбал түүнийгээ дагаад банк, эмнэлэг, дэлгүүр гээд хүнд хэрэгтэй бүх үйлчилгээ нээгдэнэ. Түүнийгээ дагаад ажлын байр бий болж, залуу хүмүүс суурьшсан газарт олон төрлийн бизнес, үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ. Хамгийн гол нь өглөө ажлын цаг, орой ажил тарах үеэр үүсдэг урт түгжрэл, гарцаар зөрөх зайгүй олон хүний дундаас оюутнууд хасагдах нь томоохон үр нөлөөтэй. Мөн нөгөө талаараа оюутнууд хотоос зайдуу, зөвхөн хичээл номондоо анхаарал хандуулж, элдэв зүйлд сатааралгүй сурах нь чанартай боловсрол эзэмшихэд ч дөхөм болох юм.
М.БААСАНДЭЛГЭР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: