Хагас жилийн дотор гадаад хэл сурах ДОЛООН арга
Та гадаад хэл сурахдаа их цаг зарцуулж байна уу? Эсвэл яаж сурах аргаа олохгүй байна уу?
Тэгвэл танд Крис Лонсдалийн бичсэн “Хагас жилийн дотор гадаад хэлийг сурах 7 арга” зөвлөмжийг танилцуулъя. Тэрээр хагас жилийн дотор Хятад хэлийг бүрэн эзэмшсэн юм.
Та доорх 7 аргыг мөрдөж чадвал хэл сурах явцаа өөрөө удирдаж чаддаг болох ба богинохон хугацаанд гадаад хэлийг бүрэн сурах боломжтой.
1. ТУХАЙН ХЭЛ ДЭЭРХ КИНО ҮЗЭХ, ЭСВЭЛ ДУУ, РАДИО СОНСОЖ ХЭВШЭЭРЭЙ
Та сурмаар байгаа хэлээ эхлээд зөв сонгоорой. Тухайн улсад очих суралцах мөрөөдөлтэй, эсвэл түүх соёл нь таалагддаг, дуудлага нь гоё сонсогддог гэх мэт ямар нэгэн шалтгаантайгаар сураарай. Тэгээд тухайн хэл дээрх кино үзэх, эсвэл дуу, радио сонсож хэвшээрэй. Тэгснээр та зөв дуудлагаар нь ярьж чаддаг болно. Хэрвээ та кино үзмээр байгаа бол losmovies.ws, playmoviez.co руу ороод үзэж болно.
2. ШИНЭ ҮГ ЦЭЭЖЛЭХ БИШ ЭХЛЭЭД УТГЫГ НЬ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
Аливаа шинэ үгийг сурахдаа шууд цээжлэх биш эхлээд утгыг нь ойлгоорой. Тэгээд сурсан үгээ өдөр тутамдаа ашиглаарай. Тэгвэл маш хурдан цээжлэгдэх болно. Эсвэл gamestolearnenglish.com руу ороод л тоглоом тоглонгоо цээжилж болно.
3. ШИНЭ ҮГЭЭ НЭР ҮГ, ҮЙЛ ҮГ, ТЭМДЭГ НЭР ГЭЖ ХУВААЖ ЦЭЭЖЛЭХ
Хэрвээ шинэ үгнүүдээ та нэр үг, үйл үг, тэмдэг нэр гээд ангилаад цээжилчихвэл дүрмээ сайн мэдэхгүй байсан ч хэлмээр байсан зүйлээ ойлгуулж чадна. Та learn-english-online.us/ сайтаар ороод өөрийгөө шалгаж, илүү их тэмдэг нэр, үйл үг сурах боломжтой.
4. ХАМГИЙН ИХ ХЭРЭГЛЭГДДЭГ ҮГСИЙГ ЦЭЭЖЛЭХ
Англи хэлэнд гэхэд өдөр тутам хэрэглэгддэг 1,000 үг байдаг. Хэрвээ та эдгээр үгийг хэрэглээд сурчихвал тухайн хэлээр ярьж буй хүмүүсийн өдөр тутмын харилцан ярианы 85 хувийг ойлгох боломжтой юм. Тиймээс шинэ хэлийг сурахаар шийдсэн бол эхлээд хамгийн их хэрэглэгддэг үгсийг сураарай. Тухайлбал, www.englishspeak.com сайтаас ороод шинэ үг сурч болно.
5. АДИЛ ЗОРИЛГОТОЙ ХАМТРАГЧТАЙ БОЛООРОЙ
Та гадаад хэл сурч байхдаа өөрийгөө хуурч эсвэл бусдаас ичээд ярихгүй байх үе байдаг уу?
Тэгвэл та адилхан зорилготой, сайн хамтрагчтай болоорой. Яагаад гэвэл таны хамтрагч таныг алдаж байвал бурууг нь зааж, зөвлөх учраас тэр.
6. ТУХАЙН ХЭЛЭЭР ЯРЬЖ БУЙ ХҮМҮҮСИЙН АМНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЬ ДУУРАЙГААРАЙ
Тухайн хэлээр ярьж буй хүмүүсийн амны хөдөлгөөн болон нүүрний хувирлыг нь сайтар ажиглаж, дуурайгаарай. Тэгж байж зөв дуудлагаар ярьж чадах болно. Мэдээж анх сурч байхад хэн ч гэсэн буруу дуудлагатай ярих үе байдаг. Энэ л үед та шантралгүй бага багаар урагшлах хэрэгтэй. Яагаад гэвэл хэн ч гэсэн анхнаасаа 100% шилдэг байдаггүй.
7. СУРЧ БАЙГАА ХЭЛЭЭРЭЭ БОДОЖ СУРАХ НЬ ЧУХАЛ
Хүн бүр гадаад хэлийг сурахдаа заавал унаган хэлээрээ орчуулаад, дараа нь сурч буй хэл рүүгээ хөрвүүлэн бодож байдаг. Гэтэл энэ арга нь маш их цаг шаарддаг. Тиймээс та тархи болон сэтгэл зүрхээ сурч байгаа гадаад хэл рүүгээ төвлөрүүлж, тухайн хэлээрээ сэтгэж, ярьж сурах нь хамгийн чухал. Хэрвээ та анхнаасаа энэ арга барилаар сурч чадвал ямар ч хэлийг төвөггүйхэн сурч чадах болно. Тиймээс сайн ойлгохгүй байсан ч тухайн хэлээр ярьж, бодох гэж хичээгээрэй.
URL: