Боловсролын салбарынхан сурагчдаар бизнес хийж байна

5efepfbd09cf25muvv75u6lalmТэд сурагчдаар ингэж бизнес хийдэг

Саяхныг хүртэл ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд улсын чанартай хэдхэн олимпиад зохион байгуулдаг байв. Энэ олимпиад нь чанар чансаа одоогийнхтой харьцуулах юм биш. Гэвч сүүлийн жилүүдэд олимпиадууд борооны дараах мөөг шиг л олширсон. Хаа сайгүй хэн нэгэн таних танихгүй эрдэмтийн нэрэмжит олимпиадыг сургууль бүр дээр зохиогдож байна. Үүний нэг нь өнгөрсөн амралтын өдөр  эцэг эхчүүдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн “Номч” сургуууль дээр зохион байгуулагдсан олимпиад байв. Энэ олимпиадын талаар фэйсбүүк орчинд “Олимпиад эхлэх цагийг тултал бүртгэл хийснээс хүүхдийн тоо хэтрэн ачааллаа дийлэхгүй болж, хажуугийн сургууль руу нэг хэсгийг нь шилжүүлж, хаа сайгүй төөрсөн хүүхэд, бухимдсан эцэг эхчүүд. Цагдаа цэрэг дээрээ тулав. Хаана юу болж байгаа нь мэдэгдэхгүй. “Өглөө 09.00 цаг өнгөрөөд оруулсан хүүхэд алга болчихлоо гарч ирэхгүй байна” гэж зарим нь орох гэж зүтгэнэ. Зарим эцэг эхчүүд хаалгаар дайрч, нэг хэсэг орилолдож хэрүүл уруулдаа тулцгаана. Хүлээж хүлээж олимпиад цуцлагдаж, 2 цаг анги дотор зүгээр суусан хүүхдүүд гарч ирж, тарах болов. Амралтын өдөр төлөвлөсөн бүх юм орвонгоороо эргэж, бороо шавар шавхай дундуур олимпиад ч үгүй өлссөн хүүхдүүдээ аваад харьцгаав. Сургууль сургуулийнх нь шугамаар 5000 төгрөг буцааж олгоно гэнэ. Хагас өдрийн үнэ цэнэ, холоос зорьж очсон хүмүүсийн зардал чирэгдэл ингээд л болоо юу?” хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Яг энэ мэт хүүхдүүдээс 5000 мянган төгрөгний хураамж авч олимпиад нэрээр бизнес хийгчид боловсролын салбарт бугшчихав. Тэд хүүхэд бүрээс мандатны мөнгө нэрээр 5000-10000 төгрөг хурааж, олимпиад нэрийн доорх бизнестээ хөлөө олчхоод байна. Ингэхдээ нэг сургуулийн нэг ангиас 1-5 сурагч хамруулдаг. Бүр нэг анги бүхэлдээ мандатны мөнгө төлөөд олимпиадад хамрагдах нь ч байна. Яг энэ байдлаар боловсролын салбарынхан сурагчдаараа бизнес хийх үйл явц газар авлаа.
Тэд зөвшөөрөлгүй бизнес эрхлэгчид 
БСШУ-ы сайдын тушаалаар  14 төрлийн хичээлээр улсын чанартай олимпиад нэг удаа л зохион байгуулах ёстой байдаг. Сум, аймгаас шалгарсан хүүхдүүд нийслэлд жилд нэг удаа олимпиадад оролцоно. Энэ нь мэдээж хэрэг ямар ч үнэ төлбөргүй байдаг тухай албаныхан мэдээлж байна. Тэгвэл сурагчдаар бизнес хийгчид хэний зөвшөөрлөөр энэ олимпиадуудыг зохион байгуулж байна вэ?

Харамсалтай нь тэдэнд хэн ч зөвшөөрөл өгдөггүй. Нэг үгээр хэн нэгний хараа хяналтаас ангид сурагчдаар бизнес хийж байна. Хаана ямар олимпиад зохиогдож байгаад одоогоор яам болоод нийслэлийн боловсролын газрынхан хяналт тавьдаггүй. Иймээс тэд дур зоргоороо аашилж сурагчдаар бизнес хийж байна. Эцэг эх бүр үр хүүхдийнхээ мэдлэг чадвар,  оюун ухааныг хөгжүүлж хүсэлтэй. Гэтэл энэ хүслийг ашиглан боловсролын салбарт бугшсан шуналтнууд бизнес хийсээр багагүй хугацаа өнгөрч байна. Иймээс салбарын яам энэ асуудалд анхаарч, шийдвэр гаргахгүй бол хүүхдээр бизнес хийгчид салбараар чинь наадаж байна.

Зохицуулалт хүссэн бичиг
“Номч” сургуульд дээр өрнөсөн үйл явцтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч  М.Тулгат нийслэлийн Боловсролын газарт  саналаа  илгээжээ.

Тэрбээр “Цаашид Нийслэл хотод зохион байгуулагдах олимпиадуудын тухайд тусгайлсан журам гаргах зэргээр ямар нэгэн зохицуулалт хийх шаардлагатай байна. Үүнд, дараах САНАЛУУДЫГ хүргүүлье:

1. “Олимпиад” гэдэг нэршлийг ашиглах тухайд
Дутуу дулимаг зохион байгуулалттай, төлбөр төлсөн болгон нь шагнуулдаг хавтгайрсан олимпиадуудаас болж олон жилийн уламжлал бүхий чанартай олимпиадуудын нэр хүндэд нөлөөлж, математикийн багш нар, салбарын зүтгэлтнүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Иймд, “олимпиад” гэдэг нэрийг ашиглах тохиолдолд дор хаяж 10 сургууль, сургалтын байгууллагын хамтарсан зохион байгуулалтаар тухайн олимпиадыг хүчин төгөлдөрт тооцдог болох, оролцогчдод тодорхой шалгуур тогтоодог, нэг сургуулиас тодорхой хувь, процентоор хүүхэд оролцдог болгон чанаржуулах зэргээр “олимпиад” гэдэг оюуны уралдаан тэмцээний нэр хүнд, чанарыг хамгаалах хэрэгтэй байна.
2. Зохион байгуулалтыг журамлах тухайд
Тухайн олимпиадыг зохион байгуулагчдын зүгээс олимпиад зохион байгуулах төлөвлөгөө, удирдамжийг Нийслэлийн боловсролын газар урьдчилан хүргүүлдэг болох. Энэхүү удирдамжид хариуцлага хүлээх хүмүүс буюу олимпиадыг зохион байгуулах хорооны дарга болон баг бүрэлдэхүүнийг тодорхой болгож, ямар дотоод зохион байгуулалттай ажиллах, олимпиадын бүртгэл, шалгалтын материал бэлдэх ажиллагаа, түүний нууц хадгалалт, гадна орчны аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөн зохицуулалт, тухайн өдрийн ангийн хуваарилалт, хүүхдүүдийг хүлээж авах, хүлээлгэн өгөх ажиллагаа, дүгнэх, дүнг мэдээлэх, дүнг танилцуулан шагнал гардуулах зэрэг бүх процесуудад ямар зохион байгуулалт, төлөвлөгөөтэй ажиллахыг урьдчилан бэлтгүүлсэн байхыг шаардах.
Эцэст нь ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ нүдэн дээр замбараагүй байдал үзүүлж буруу үлгэр дууриал болохгүй байх, тэднийхээ сурах эрмэлзлийг нь унтраахгүй байх, тэднийхээ аюулгүй орчинд сурах, хөгжих нөхцлийг бүрдүүлэхийн тулд эцэг эхчүүд, Нийслэлийн иргэд бид хамтран ажиллах, зөв гарц шийдлийг олох хэрэгтэй байна. Дээрх саналуудтай танилцаад, цаашид авах арга хэмжээний талаар тодорхой хариу ирүүлнэ үү” гэжээ.

Иймээс одоо хариуцсан яам, газар, албадууд сурагчдаар бизнес хийж байгаа үйл явцад ямар зохицуулалтыг хийхийг харах үлдэж байна.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих