Хятадаас хараат Гашуунсухайт

10-23-2й1-550x300Хятадын талаас хилийн боомтоо чангатгаснаар Өмнөговь аймгийн “Гашуунсухайт” боомтоор гаргаж буй нүүрс тээвэрлэлтийн автомашины цуваа 90 орчим км үргэлжилсэн хэвээрээ байна. Хилээр гаргах нүүрсний хэмжээ багассантай холбогдуулан Засгийн газраас  нүүрсний гурван бүлэг орд болох “Энержи рессурс”, “Эрдэнэс таван толгой”, Орон нутгийн өмчит “Таван толгой”-д квот тогтоосон байна. Энэ нь 24 сая тонн нүүрс нийлүүлнэ гэсэн манай энэ оны төлөвлөгөө тасрахад хүрээд байгааг эх сурвалжууд хэлж байна.

Энэ зунаас хойш тус боомтод нүүрс тээвэр­лэлтийн авто­машины урт цуваа үүсч асуу­дал дагуулсаар байна. Энэхүү үүссэн асуу­дал өнөөдрийг хүртэл ү­р­­гэл­­жилсээр бай­гааг сэ­т­­гүүлчдийн баг газар дээ­рээс нь  энэ сарын 19-21 ны өдрүүдэд сурвал­жиллаа. Өмнийн говийн шаргал наран ман­дахтай зэрэгцээд шороон манан та­туул­сан тоосон дунд Өмнөговь аймгийн Гашуун­­­сухайтын боомтыг зорилоо.

 

ГАШУУНСУХАЙТЫН БООМТООР НҮҮРСЭЭ ГАРГАХ ГЭЖ  ЖОЛООЧ НАР 14 ХОНОЖ БАЙНА

-“Энержи рессурс”-ээс хөдөлсөн бид тоос, шороо босож үзэгдэх орчин муу их талын дун­дуур хатуу хучилттай зам, шороон замаас нэг гарч, нэг орж явсаар тэртээд харагдах нүүрс тээвэрлэлтийн авто­машины тэнгэр баганадан тоос татуулсан урт цуваанд дөхөж очив. Машины толгой хэсэг нь цагаан, хар, цэнхэр, шар  өнгөтэй. Урт тэвштэй эдгээр машинуудыг  толгойн өнгөөр нь аль уурхайн машин гэдгийг  төвөггүй танина. Боомт руу дөхөх тусам машинууд гэрлээ асаа­сан харагдана. Удалгүй эсрэг урсгалд нүүр­сээ буулгасан ганц нэг машины тоо нэмэгдэж зөрөн өнгөрсөөр хөл хөдөлгөөн их­сэж  Гашуунсухайтын боомт  дээр ирлээ. Биднийг Хил хамгаалах бай­гууллагын аюулгүй байдал шалган нэвтрүүлэх хяналт хариуцсан дарга Б.Мэндбаяр тосож авав. Тэрээр бидэнд боомтод үүсээд байгаа цаг үеийн байдлын талаар мэдээлэл өгөв. Тус боомт 1992 онд байгуулагдсан. 2009 оноос байнгын ажиллагаатай болж нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Зорчигчын гарах чиглэлд өглөө 08:00 цагаас орой 17:00 цаг хүртэл, нүүрс, эрдэс баялгийн чиглэлд 20:00 цаг хүртэл шалган нэвтрүүлж байна. “Хятадын талаас татан авалтыг багасгаснаар байдал хүндэрч дугаарлалт дээд тал нь 200 км хүрсэн. Өдөрт 350 орчим машин нэвтэрч байсан. Саяхан Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх ирж ажиллаад Хятадын талд татан авалтыг нэмэг­дүүлэх хүсэлт тавьснаар зөвхөн өнөөдөр л хамгийн их 831 машин хилээр гараад байна. Цаашид нэмэгдэх хандлагатай. Одоогоор 7090 орчим машин дугаарласан  байна. Эсрэг талын татан авалтаас шалтгаалан урс­галаа нэмэгдүүлэх боломжтой. Өнөөдөр дөр­вөн урсгалаар нэвтрүүлж байна. Хятад хоёрхон замаар хүлээж авдаг. Тиймээс манайх зургаа болгох шардлагагүй. Хоёр талдаа ачааллаа тэнцүүлж байна.  Өмнө нь манайх дөрвөн урсгалаар өдөрт 1700 машин нэвт­рүүлдэг байсан. Тэгэхэд ийм дараалал байгаагүй.  Нэг машиныг 25 метр гэж тооцоход 1700 машин 50 орчим км болдог. Өдөрт 50 км татаж байна гэхээр дараалал үүсэхгүй. Татан авалт нь багасахаар хойноос ачилт нь нэмэгдэж урт дараалал үүсдэг.Одоогоор 90 орчим км урт дараалал үүссэн” гэв. Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны дарга Ж.Мөнхбат “Өнөөдрийн байдлаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Боомтоор хамгийн олон машин нэвтрүүлсэн үе нь тав, зургадугаар сар. Өдөрт 1500-1600 автомашин нэвтэрч байсан бол  Хятадын талын хоригоос болж долдугаар сараас хойш 500-650 орчим машин нэвтэрч байна. Харин сүүлийн өдрүүдийн нэвтрэлтээс хамгийн их 831 авто ма­шин нөхцөл байдал үүс­сэнээс хойшхи хуга­цаанд буюу энэ сарын 20-нд нэвтэрлээ. Хилийн цэрэг, манайх, МХГ болон  бусад газруудад орон тоо нэмэгдэж бүтэц зохион байгуулалт нь сайжирсан. Ажлын ачааллыг даах чад­вартай. Хятадын талаас  татан авалтыг гүйцэд хийхгүй байгаагаас ийм бай­дал үүсч байна” гэлээ. Энд хилээр гарах гээд ду­гаар­лаж байгаа жо­лооч нартай уулзсан юм. Энержи Ресурсын жо­лооч С.Уранбаяр “ Би дугаарлаад зургаа хонож байна. Энэ зун 10 хонож байсан. Гэхдээ богино зайнд таталт хийдэг боло­хоор арай гайгүй. Хоолоо өөрсдөө зохицуулж байна. Заримдаа ар гэрээсээ хоол  авдаг” гэсэн юм. Мөн  наадмаас хойш гэртээ хариагүй энд дугаарлаад 14 хонож байна. Хоол ундаа машины бүхээгтээ хийж идэж байна. Газын пилетека зөв­шөөрдөггүй болохоор хүндрэлтэй. Одоо хүйтэрч эхэлбэл хүндрэл үүснэ. Хүйтнээс өмнө хэвийн үйл ажиллагаанд орох байх гэж найдаж байна гэж ярих  жолооч нар ч таарч байлаа.

 

ЦАГААН ХАДНЫ ГААЛИЙН БҮСИЙГ  НЭЭСЭН Ч УРТ ДАРААЛАЛ ХЭВЭЭРЭЭ

Манай нүүрс тэр дундаа орон нутгийн жи­­­­жиг Тавантолгойн нүүрсийг үнэ цэнэтэй байл­­гах гарц Цагаан хадны гаалийн бүс юм. Засгийн газ­раас Цагаан ­хадны гаалын хяналтын бүсийг хаах тухай шийдвэрийг өн­гөрсөн наймдугаар сарын 17-нд  гаргасан нь бас дайран дээр давс нэмсэн үйлдэл болсоныг хэлэхгүй өнгөрөх аргагүй. Учир нь Уул уурхайн компаниуд Цогтцэций суман дахь Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны Гаалийн хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийлгэн экспортолдог байсан юм. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүний гаалийг Цогт Цэцийд байгуулснаар нүүрсний тээвэр эрхлэх үйл ажиллагааны 50 хувийг БНХАУ-ын тал гүйцэтгэхээр “Эрдэнэс таван толгой” ХК нь Хятадын талтай то­хи­­­ролц­­сон байна. Ийм нөхцөл байдал үүс­сэнээр нүүрсний тээвэр эрх­лэх манай аж ахуйн нэг­жүүдийн үйл ажиллагаа үндсэндээ зогсох болно. Үн­дэсний аж ахуйн нэг­жүүдийн үйл ажиллагаа зогссоноор улсын төсвийн орлого, орон нутагт орох татаас болон тээвэр, нүүрсийг дагаж амьдралаа залгуулдаг олон мянган иргэн орлогогүй болно. Хэрэв шууд Таван толгойд байрлах Гүний гаалиас БНХАУ-ын Ганц мод боомтод нүүрс буулгавал тээвэрлэлтэд гарах бүх зардлыг Монголын тал х­ар­иу­цахаар болжээ. Ха­рин Засгийн газар энэхүү тогтоолоо эргэн харж өнгөрсөн есдүгээр  сард уг тогтоолоо түд­гэл­­зүүлж гаалийн бүсийг нээсэн ч дундын тээвэр­лэлт муу байгааг хэлж байсан. Уг нь Хятадын тал манайхаас харилцан тээвэрлэлт хийдэг  байсан бол манайх хараат байдалд орохгүй л байх байжээ.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.МЯГМАРБАЯР


URL:

Сэтгэгдэл бичих