“Умард Солонгосын эсрэг чиглэсэн АНУ-ын бодлогыг дэмжихгүй байх”-ыг уриалсан захидал илгээжээ
Умард Солонгос Австралийн парлемантад “Умард Солонгосын эсрэг чиглэсэн АНУ-ын бодлогыг дэмжихгүй байх”-ыг тус улсын эрх баригчдад уриалсан утгатай захидлын хуулбарыг “Сидней Морнин Хэральд” сонины баасан гарагийн дугаарт нийтэлснийг “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Захидалд “Хэрэв Трамп БНАСАУ-ын цөмийн зэвсэг, хүчийг үгүй хийж, биднийг өвдөг сөхрүүлнэ гэж бодож байвал маш буруу тооцоолсон мунхаг хэрэг болно” гэж дурдсаныг Австралийн Гадаад хэргийн сайдын зөвшөөрөлтэй сонинд хэвлэжээ.
Австралийн Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэ захидлыг есдүгээр сарын 28-нд Индонезийн Жакарта дахь Умард Солонгосын Элчин сайдын яам “Өөр орнуудын парлемантад илгээх нээлттэй захидал” гэж хаяглан мөн тус улсад байрлах Австрали болон бусад улсын Элчин сайдын яамд руу илгээсэн” гэжээ. Мөн тэрбээр Олон улсын дипломат харилцаанд ийм явдал урд өмнө хэзээ ч болж байгаагүйг яриандаа онцолжээ.
Умард Солонгосын цөмийн зэвсгийн туршилтуудаас болж удирдагч Ким Жон Ун болон Ерөнхийлөгч Дональд Трампын хооронд үүссэн хурцадмал байдал улам нэмэгдсэн. Үүнээс гадна Трамп өнгөрсөн сард Нэгдсэн Үндэсний Байгууллагын индрээс хэлсэн үгэндээ “Хэрэв АНУ-ыг албадан хамгаалалтад оруулах, эсвэл холбоотон улсуудыг хамгаалахад хүргэвэл бид Умард Солонгосыг бүрмөсөн устгахаас өөр сонголт байхгүй” гэж мэдэгдсэн юм.
URL: