БУРХАНТАЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАЗАР БАГАССААР БАЙНА
Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах Бурхантай хөшөөний баруун талд Будда Виста орон сууцны цогцолбор сүндэрлэж буй. Энэ газар нийслэлийнхний зорин очих дуртай байсан цэцэрлэгт хүрээлэнгийн газраас хумслан баригдсан юм.
Анх Солонгосын буддын шашны уран барималчид Бурхан багшийн дүрийг суурийн хамт 23 метр өндөртэйгээр бүтээжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнг бүтээх төслийг Монгол лам хэмээн алдаршсан Гүр Даваа Ренбүчи анх санаачилж амар амгаланг бэлгэдсэн хонх, тэнгэр газрын бурхдыг дуудаж хамгаалуулах хэнгэрэг зэргийг бүтээж байрлуулсан байна. Анх гурван га орчим газартай байсан аж. Гэвч уг газраас эрх мэдэл бүхийн эрхэм танил талаараа түрий барин гүйж уг цэцэрлэгт хүрээлэнгийн газраас хумсалсаар байна. Үүний нэг жишээ нь Будда виста хотхон. Гэхдээ энэ хотхоны анхны төлөвлөлт хэрэгжээгүй гэх яриа бий. Төлөвлөлт хийж барилгын ажлаа эхлүүлэхээр зэхэж байсан бизнесмэний бүхий л ажил бүтэлгүйтэн өнөөдрийг хүртэл улс төр хийгээд хувийн амьдралдаа ч бүтэлгүйтсээр яваа сурагтай.
Хамгийн сүүлийн эмгэнэлтэй гэмээр сонсогдох мэдээллээр унтаагаараа алдаршсан сайдын үүрэг гүйцэтгэгч нэгэн үлдсэн нэг га газраас нь дахиад л бусдад шилжүүлэх тушаал гаргасан гэх мэдээлэл байна. Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг булаацалдах нэгэн үүгээр ч зогсохгүй бололтой. Өмнө нь таван жилээр гэрээ байгуулсан “Нүүдлийн катаринг” ХХК-ийн гэрээ дууссан хэдий ч одоо хүртэл түргэн хоолны газар нь цэцэрлэгт хүрээлэнд байсаар байгаа нь хэзээ нэгэн цагт эзэн суух далд санаархал гэж харахаар байр байгааг эх сурвалжууд хэлж байна.
Нийслэлийнхний зорин очих дуртай газрын нэг болоод байсан Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн бохир гарт, шуналтнуудын шуналаас үүдэн эзэнгүйдсээр байна.
П.Гоо
olloo.mn
URL: