Су даргад уламжлах санал

mminfo-8-5-696x348Төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчихыг уриалсан сарын аян хэрэгжиж эхэлжээ. Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газар зэрэг албан байгууллагууд энэ аяныг хэрэгжүүлж, замын түгжрэлийг багасгахын тулд төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриалж байгаа аж. Бүр сарын аяны хүрээнд уриалга хүртэл гаргаж яам агентлагуудаар хүргүүлж, автобусны ач тусыг тайлбарлахаас л наагуур аашилж байгаа гэх.

Уг нь энэ бол уриалга гаргаж, аян зарлаад байх асуудал огтхон ч биш. Манайхаас өөр бүх улс оронд төрийн албан хаагч нь автобус, метрогоор ажилдаа ирж очих нь хэвийн үзэгдэл байдаг. Тэр ч байтугай Япон, Солонгос, БНХАУ зэрэг орнуудад төрийн албан хаагчид нь унадаг дугуй унаж ажилдаа ирж очдог юм билээ. Харин манайд төрийн албан хаагч унадаг дугуй унаж, эс бөгөөс автобусаар ажилдаа ирж очвол байгууллагаараа нийлж байгаад гадуурхаж мэднэ. Төрд ажиллаж байгаа нь нэр хүндтэй хэрэг гэж ойлгодог учраас заавал машин унах гэж, брэндийн хувцас, цүнхээр гангарахын тулд өрсөлддөг гажиг тогтолцоо амь бөхтэй оршсоор байх юм.

Төрийн байгууллагад мэдлэгээр биш өмссөн зүүсэн, унасан машинаараа өрсөлддөг буруу тогтолцооны уршгаар албан хаагч бүхэн хөл дүүжлэх унаатай болчихсон. Үүнээс үүдэж нийслэлийн төв хэсгийн зам байнгын ачаалалтай, Төрийн ордонг тойроод зогсоол нүдний гэм болжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сүр дуулиантай нээлтээ хийж байсан Д.Сүхбаатарын талбайн өмнөх автомашины зогсоол өглөөний 10.00 цаг гэхэд пиг дүүрдэг. Ерөөс Төрийн ордны ойр хавиар ажил хөөцөлдөх гэсэн хүн машинтай очих хэрэггүй. Өглөө 09.00 цаг өнгөрөөд л тэр хавийн бүх зогсоол дүүрчихнэ.

Ганцхан энэ жишээнээс харахад төрийн албан хаагчид бүгд машинтай юм байна гэсэн дүгнэлт хийхэд буруудахгүй. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд төрийн албан хаагчдад нэгдсэн автобус гаргаж өгье. Эгэл ардын дунд костюм зангиатай суух нь доромжлол юм шиг санагдаж байгаа бол яамны ажилчдын автобус гэж гаргадах болохгүй зүйл алга. Хэд хэдэн чиглэлд жижиг автобус явуулчихдаг, орой тарахад нь хүргээд өгчихдөг болчихвол автобус хүлээж ажлаа алдахгүй болно.

Үр хүүхдээ өглөө сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгнө. Хань ижлээ ажил руу нь оруулна. Машин шиг хэрэгтэй зүйл алга хэмээн өөрсдийгөө өмгөөлөх нь мэдээж. Гэвч энэ бол тун жижигхэн шалтгаан юм шүү. Нэг үеийг бодоход төрийн байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй болчихлоо. Нийслэлийн гайгүй сургуулиуд сурагчдаа автобусаар зөөчихдөг болсон.

Нийтийн тээврийн хүрэлцээ хангамж ч сайжирч, автобусны эргэлтийн хугацаа ч богиноссон. Нөгөөтэйгүүр, нийтийн тээврийн хурдыг сайжруулах үүднээс нэгдүгээр эгнээг чөлөөлж зөвхөн нийтийн тээврийн автобус зорчих боломжийг бүрдүүлчихлээ. Бүх талаар түгжрэлгүй ажилдаа ирж очих боломж таван жилийн өмнөхийг бодвол сайжирчээ.

Тиймээс төрийн албан хаагчид өглөө эртхэн автобусаар ажилдаа ирэхэд саад болоод байх зүйл алга. Хувь, хувьсгалын олон зуун ажилчид нийтийн тээврийг сонгож үйлчлүүлээд муудсан зүйл алга. Адилхан л үр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа явж байна. Зангиа зүүчихээр ард түмнээс тасарчихдаг, эс бөгөөс яаманд мэргэжилтэн хийчихээр ямбалдаг энэ буруу тогтолцоог арилгачихвал их л олон зүйлд хэмнэлт хийгдэх байх даа.

Үгүй ядахдаа л өөрийнх нь амьдралд хэмнэлт гарна. Цаашлаад, улсын эдийн засагт ч хэмнэлт бий болно. Машин багасахаар дагаад агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурна, замын ачаалал багасна. Нөгөөтэйгүүр, машин тэрэг, шатахуун гэх мэт түмэн асуудлаас ангижирч, гэрийн эдийн засагт ч хэмнэлт бий болох юм. Сайхан машин уначихаар түгжрэл багасчихгүй учраас хоёр, гуравдугаар эгнээнд хараал урсгаж явснаас л дээр болно.

Төрийн байгууллагын автобуснуудыг адилхан нийтийн тээвэр гэж үзээд нэгдүгээр эгнээгээр зорчуулах боломж ч бас бий. Ингэснээр ажлаасаа хоцрохгүй. Нийтийн нэгдсэн унаагаар үйлчлүүлдэг жишгийг Монголд цэргийн байгууллагаас эхлээд хувийн дунд сургуулиуд, томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд хэдийнэ хэрэгжүүлээд эхэлчихсэн. Хурган дарга нь хүртэл ажилдаа хоцрохгүйн тулд ажилчидтайгаа хамт автобусаар ирчихдэг юм билээ.

Тэглээ гээд дордсон зүйл алга. Харин ч ажлын бүтээмж нь нэмэгдэж, хамт олонтойгоо ойрхон байх боломжтой болсон хэмээн ярьж байх юм. Үүнийг ажил хэрэг болгоход зөвхөн сэтгэл байхад л болно. Төрийн албан хаагчдын шатахуунд гаргадаг мөнгөө хэмнээд хэд хэдэн жижиг автобус авчихад л болоод явчихна. Яамдын сайд нар энэ талаар анхаарч ажиллаасай. Хотын дарга дорвитойхон шийдвэр гаргачихвал ирэх гурван жилд хийсэн хамгийн том ажил нь ч болох юм бил үү.

Б.Пүрэвжав

http://dardas.mn/?p=1823


URL:

Сэтгэгдэл бичих