“Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ

12055

Төр өөрийн эзэмшилд байгаа компаниудаа зарах нь зөв. Төр хувийн хэвшилүүдтэйгээ зах зээлээ хуваагаад байвал эдийн засаг сайжрахгүй гэх нэгэн байхад төр ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдээ хувьд өгөх нь буруу. Алдагдал хүлээгээгүй л бол төр тэндээсээ ашгаа хүртээд өөрийн мэдэлдээ байлгах нь алсын хараатай бодлого болно гэж ярих хүмүүс ч байдаг. Өнгөрсөн хугацаанд хувьчлал нэрийн цаана ямар том булхай, луйвар явагддагийг олон жишээ харуулсан. Өмчийг нь үнэгүйдүүлж, үйлчилгээг нь сулруулж, ажилчдыг нь халж бүр цаашлаад үйл ажиллагааг нь тэс өөр болгосон тохиолдлууд ч бий.  Хэдхэн хоногийн өмнө Төрийн өмчийн хорооноос ”Оргил рашаан сувилал” дуудлага худалдаагаар хувьчлагдсаныг зарлав. Ингэхдээ зарлагдсан үнийг нь гурван тэрбум төгрөгөөр өсгөж худалдаж авсаныг тодотгожээ. Сувиллыг хувьчлах асуудлыг нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьж, улс төрчдийн халаасанд орох гэж байна хэмээн хардаж, ажилчид нь барилга, газар нь нэгээрээ ор танихгүй хүний мэдэлд орж байгааг сануулсаар өдийг хүрсэн. Тэгвэл хотын төвд байдаг тус сувилал Д.Ганбат гэж хүний мэдэлд оржээ. Ингээд хувьчлал хэрхэн явагдсан, хэн гэдэг хүний өмч болсон хийгээд “Оргил рашаан сувилал”-ыг тойрсон газрын асуудлыг хөндөж байна.

“Оргил рашаан сувилал” хэрхэн хувьчлагдав

“Оргил рашаан сувилал”-ыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын мэдэлд очих нь, “АПУ”-гийн Г.Батхүү тус сувиллыг мэдэлдээ авахаар улайрч байна. Хан-Уул дүүрэгт өөрийн гэсэн вант улсаа байгуулах мөрөөдөл нь “Оргил рашаан сувилал”-иар үргэлжлэх нь гээд л нэг хэсэг цуурсан. Гэхдээ энэ мэт мэдээллүүд хувьчлал хэр эртнээс эхэлсэнийг харуулах мэт. Газар болоод байршил, үйл ажиллагаа нь хэний ч шуналын шүлсийг асгаруулдаг тус газрыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нээлттэй дуудлагын худалдаагаар худалдаж, Д.Ганбат гэх эрхэмд 15 тэрбум төгрөгөөр өгч орхив. Өмнө нь УИХ-ын шийдвэрийн дагуу 2015 болон 2017 онуудад 2 удаа нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулж байсан ч ганц ч оролцогч ирээгүй тул ийнхүү 3 дахь удаагаа буюу 2017 оны 372 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийг 12.0 тэрбум төгрөгөөр нээлттэй дуудлагын худалдааг зарлахад “Гурван гол холдинг” ХХК, иргэн Д.Ганбат нар оролцож, иргэн Д.Ганбат 15,02 тэрбум төгрөг буюу 3.0 тэрбум төгрөгөөр үнийг өсгөж худалдаж авчээ.

Уг нь Төрийн өмчийн хороо 2015 онд тус сувиллын худалдах доод үнэ нь 15 тэрбум төгрөг хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэвч энэ удаагийн дуудлага худалдаагаар доод үнийг 12 тэрбумаас дууджээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар чухам ямар үндэслэлээр доод үнийг ийн бууруулсан нь тодорхойгүй ч  өмнөх зарласан үнэдээ арай хийн хүргэж зарсаныгаа иргэн Д.Ганбат анх зарласан үнийн дүнг гурван тэрбум төгрөгөөр өсгөж худалдаж авлаа хэмээн мэдэгдсэнээ тун удахгүй тайлбарлах биз ээ. Учир нь Оргил рашаан сувиллын үл хөдлөх хөрөнгө гэхэд л 15 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг тухай учир мэдэх хүмүүс ярьж байна.

Албан мэдээлэлд тус газар УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”, 2016 оны 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдааг явуулжээ. Улмаар иргэн Д.Ганбаттай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх, мэргэшсэн мэргэжлийн ажиллагсдын ажлын байрыг хадгалах, үйлчилгээ, үйл ажиллагааны түвшинг бууруулахгүй байх, үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, чанарыг сайжруулж ажиллах зэрэг нөхцлийг тодорхой тусгасан байна.

Мөн “Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийн нийт ажиллагсдын үр дүнгийн урамшуулалд 44 сая төгрөг, түлээ нүүрсний хөнгөлөлтөд 8 сая төгрөг,  тэтгэвэрт гарахад олгох 42 сая төгрөг,  компанийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлын 109 сая төгрөг, харилцагч нартай хийх төлбөр тооцооны 45 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

“Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ

Компанийнхаа нэрээр бус өөрийн нэрээр дуудлага худалдаанд оролцож, ялалт байгуулсан Д.Ганбат гэх иргэн олны сонирхолыг татаад буй. 15 тэрбум төгрөг зарж, улсын томоохон сувиллыг өөрийн болгосон түүний хөрөнгийн эх үүсвэр юу вэ. Тэр их мөнгийг ээж ааваасаа өвлөж аваагүй л бол түүнд нэг байтугай нэлээд хэдэн компани байх учиртай. Албан бус эх сурвалжийн мэдээгээр түүнийг стратегийн чухал орд газарт тооцогддог Төмөртэйн овооны цайрын ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг “Металлимпекс” ХХК -ийн ерөнхий захирал Д.Ганбат гэх. Д.Ганбат уул уурхай, зам, барилга зэрэг хэд хэдэн салбарт бизнес эрхэлдэг нэгэн. Тухайлбал Сүхбаатар аймаг дахь Монгол-Хятадын хамтарсан “Цайрт минерал” ХХК-ийг 100.0 мянган ам долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулж 1998 оноос хойш үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа. “Цайрт Минерал”-ын 51 хувийг хятадууд, 49 хувийг иргэн Д.Ганбат дангаараа эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Мөн тус компани жилдээ 350-400 мянган тонн хүдэр олборлож, 50 хувийн агуулга бүхий 70 мянга орчим тонн цайрын баяжмал үйлдвэрлэн экспортод гаргадаг гэнэ.

Д.Ганбатын “Цайрт Минерал” ХХК-ийн “но”

Д.Ганбатын эзэмшлийн “Цайрт Минериал” компани нь хорин жилийн өмнө Монгол улсын Засгийн газартай хамгийн анхны Тогтвортой байдлын гэрээг байгуулжээ. Энэ гэрээ нэлээд будилаантай болсоныг өнөө ч хэвлэлийнхэн онцолдог. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг, “Төмөртийн овоо” гэдэг газарт цайрын том орд бий. Аймгийнхаа төвөөс зүүн хойшоо 16 км-т орших энэ ордын нөөц нь 11,5 хувийн дундаж агуулга бүхий 885,3 мянган тонн металл цайраар тогтоогджээ. Нөөцийг нь анх 1980 онд баталсан бөгөөд эрэл, үнэлгээний ажилд тухайн үеийн ханшаар 203,0 мянган төгрөг, нарийвчилсан хайгуулд 10717,8 шилжих рубль зарцуулсан байжээ. Уг ордыг 1989 оноос ашиглах гэсэн боловч санхүүгийн эх үүсвэр хүрэлцээгүй, хамтран ашиглах гадаад түнш олдоогүй. Ингээд 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Монголын “Металлимпекс” ХХК энэ ордын ашиглалтын 723А лицензийг авч, удалгүй Хятадын иргэн Жан Ши Ли гэгчид өөрийн талбайгаас 38 га-г худалджээ. Дараа нь Жан Ши Ли 2005 онд Хятадын Цайрт минерал компаний нэр дээр нэмж дахиад “Металлимпекс”-ийн 9766 тоот лицензтэй 634 га газрыг шилжүүлэн авсан байна. Ингэхдээ лиценз нь зөвхөн хайгуулынх байж. Техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн, ордын нөөц нэгэнт тогтоогдчихсон байхад ийм лиценз олгосон нь гайхширал төрүүлдэг аж.

Ингээд Хятадын Өнгөт төмөрлөгийн гадаад барилга, зураг төслийн компани (NFC)-тай хамтран ашиглах гэрээг 1997 оны 11 дүгээр сард хийж, хоёр орны хамтарсан “Цайртминерал” ХХК-ийг 100,0 мянган ам.долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулж, тухайн үеийн Сангийн сайд Б.Батбаяртай “Тогтвортой байдлын гэрээ”-г хийжээ. Мөн Б.Батбаярын дараах Сангийн сайд Ч.Улаан 2000 онд Засгийн газрын хуралдаанаар Цайрт минерал компанид Хятадын талаас хөнгөлөлтэй зээлийг дамжуулан зээлдүүлэх гэрээ хийхээр болсон байна. Энэ цагаас хойш л асуудал үүссэн гэх.

Ч.Улаан анхнаасаа Засгийн газрын гишүүдэд буруу зөрүү ойлголт төрүүлэхүйц зүйл ярьж, хийж байсан гэж өдгөө Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн нотолдог байна. Тухайлбал “Энэхүү зээлтэй холбоотой зээлийн үндсэн өр, хүү болон аливаа төлбөрийг Монгол улсын Засгийн газар хариуцахгүй” гэсэн өгүүлбэр гэрээнд тусгагджээ. Тэгээд сэмхэн Хятадын “NFC” компанид зээлийг шууд хийх болсноор хамаг будлиан үүссэн бололтой. Дээрх “но”-той үг өгүүлбэрт дулдуйдан Сангийн яамнаас 02а /77 тоот бичгийг Хятадын Элчин сайдын яаманд илгээн Монгол улсын Засгийн газрын авсан хөнгөлөлттэй зээлийн 25 сая ам.долларыг Хятадын хувийн “NFC” компанид шууд, ямар ч гэрээгүйгээр өгсөн байна.

Нийт дүнг нь юанаар тооцвол гурван хувийн хүүтэй 200 сая юан ажээ. “NFC” компани нь Төмөртийн овооны цайрын ордын төслийг хэрэгжүүлж буй “Цайрт минерал” ХХК-д уг зээлийг Хятадын арилжааны банкны зээлийн хүүгээс өндөр хүүтэйгээр буцаан зээлдүүлсэнд хэргийн бас нэг учир шалтгаан байгаа аж. Ингээд 4 жилийн турш уг төслийг санхүүжүүлээгүй. Өөрөөр хэлбэл дээрх мөнгө хаа нэгтээ өөр зорилгоор ашиглагдаж байсан болж таарсан гэх. Нэгэнт гэрээт үүргийн дагуу “Цайрт минерал” нь 4 жил юу ч хийгээгүй тул “Тогтвортой байдлын гэрээ”-г цуцлах ёстой байлаа. Гэвч Ч.Улаан сайд суудлаа ашиглан энэ гэрээг цуцлаагүй төдийгүй монголын тал энэ хугацааны хохирлыг амсаад өнгөрчээ. Гэхдээ санхүүжилт бүрэн хийгдээгүй ч “Цайрт минерал” нь цайрын баяжмалыг Хятад руу гаргасаар байсан аж. Зөвхөн 2005 онд гэхэд үнийн дүнгээрээ 9 664 604 677 ам долларын борлуулалт хийсэн гэж тус компани мэдээлжээ. Харин гаалийн жагсаалтаас үзвэл 44 897 860 605 ам. долларын баяжмал хил давуулсан байна. Мөн эхний таван жилд  ямар ч татваргүй гарсан цайрын хүдэр 731,7 сая ам.долларт хүрсэн гэж Монголын хөрс хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Хатанмагсар мэдэгдэж байсан удаатай.

“Оргил” рашаан сувиллын газар хорогдсоор…

Сувилал орчмын газар нь сувиллын болон рашааны ундаргын бүст хуваагддаг. Эхний бүст сувиллын байрыг тойрсон нутаг дэвсгэр харьяалагддаг бол хоёр дахь бүст рашааны ундарга болон түүнд хамаарах эрүүл ахуй, хамгаалалтын бүс багтдаг байна. Өмнө нь дээрх газрууд тус бүртээ найман га буюу нийт 16 га талбайг хамарч байжээ. Гэвч 2004-2011 онуудад газраа алдсаар өдгөө найман га газартай үлдсэн байна. Гэтэл үүнийг цаг хугацааны явцад бас хороосоор, хумслагдсаар өдгөө дөрөвхөн га-тай л үлджээ. Тодруулбал нийслэлийн Засаг даргын захирамжаар 2004-2008 онд чийрэгжүүлэлтийн барилга, ажилчдын орон сууцны барилгын зориулалтаар нэр бүхий компаниудад сувиллын эзэмшлийн талбайгаас 3.9 га газрын олголт хийжээ. Ингэхдээ

Газар: 1 Нийслэлийн засаг даргын 2004 оны 226 тоот захирамжаар “Би си консалтинг” ХХК-д эзэмшил газрын зүүн хойд жигүүрээс 2200м2 газрыг ЭМЧИЛГЭЭ СУВИЛГААНЫ БАРИЛГЫН зориулалтаар,

Газар: 2 Нийслэлийн засаг даргын 2006 оны 295 тоот захирамжаар баруун урд жигүүрт “Хурд” ХХК-д 70900 м2 талбайг ОРОН СУУЦНЫ зориулалтаар,

Газар: 3 Нийслэлийн засаг даргын 2007 оны 248 тоот захирамжаар газрын баруун жигүүрээс “Өндөр буянт” ХХК-нд ОРОН СУУЦ, ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН ТӨВ-ийн барилгын зориулалтаар 9345 м2 талбай бүхий газар,

Газар: 4 Нийслэлийн засаг даргын 2008 оны 295 тоот захирамжаар зүүн урд жигүүрээс 5100 м2 газрыг “Вайт финикс” ХХК-д газар олгожээ.

Дээрх газруудад зөвшөөрөл өгч Засаг даргын захирамжийг гаргасан хүмүүс бол тухайн онуудад Улаанбаатар хотын захирагч байсан газрын наймаагаар хөлжсөн М.Энхболд, гэх Ц.Батбаяр нар аж.

Түүнчлэн 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор “Хан рашаан” ХХК-д Оргил рашаан сувиллын газраас 3112 квадрат газрыг олгожээ. Газрыг нь ийн олгосноос болж тус сувиллын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 338,7 метр квадрат бүхий рашаан савлах байр, түүний өргөтгөл болох 51,2  метр квадрат байр шууд тус компанийн мэдэлд шилжсэн байна.

Мөн Оргил рашаан сувилалд бүртгэлтэй байдаг Баянхошуун буюу Сонгино хайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Зүүн баян-Уулын 27 дугаар гудамжинд байрлах 2897 м газар мөн бусдын мэдэлд очжээ. Учир нь тус газар 2004 онд Рашаан судлал үндэсний төв гэсэн нэртэй байж байгаад 2006 оноос хойш Оргил рашаан сувилал ТӨХК болон өөрчлөгдсөн. Ингэхдээ тус газрыг өөрсдийн нэр дээр авахаар бүх бичиг баримтуудаа өгсөн боловч өнөөг хүртэл гэрчилгээг нь авч чадахгүй байгаа талаар тус сувиллын ажилчид ярьж байна.

Б.Ариун

Эх сурвалж: 24tsag.mn

http://www.24tsag.mn/content/156037.shtml


URL:

Сэтгэгдэл бичих