САЛБАРЫН САЙДААР ДАМЖУУЛАН МИАТ-Д ХҮРГЭХ ГИШҮҮДИЙН ҮГ
Зам тээвэр дэд бүтцийн хөгжлөөс бусад салбарын хөгжил хамаардаг. Иймээс энэ салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахыг шинээр томилогдсон Зам тээвэр, хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнээс ангийн нөхөд нь хүсэж байв. Гишүүдийн зүгээс хамгийн их хөндсөн асуудал бол МИАТ-ийн эргэн тойронд өрнөж буй зайлшгүй шийдэх асуудлуудыг онцолж байв. МИАТ бол Төрийн гэсэн тодотголтой, бас ч гэж Монголын нүүрийг гадаадад тахалж байгаа ганц компани.
МИАТ компанийг тусгай объект гэж тооцдог. Иймээс онцгойлон анхаарах талаар гишүүд сануулав. Өнөөдрийн байдлаар “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг нүүлгэхтэй холбогдуулан хуучин газрыг авах сонирхолтой аж ахуйн нэгжийн санаархлыг зогсоохоос эхлээд шийдэх ажил их байгааг сануулж байв. Мөн агаарын тээврийн салбар чөлөөт өрсөлдөөнийг бий болгох чиглэл ажиллах шаардлагатай байна гэдгийг дуулгаж байв. Энэ мэт гишүүд салбарын сайдаар дамжуулан МИАТ-д үг дайв.
УИХ-ын гишүүн Л.Болд: Монгол далайд гарцгүй орон. Агаарын тээвэр Монголын ирээдүй. Гэтэл агаарын тээврийн билетийн үнэ асар өндөр байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: ”МИАТ”, “Корейн Эйр”-ийн үнийн дарамтаас чөлөөлж өгөөрэй. Монгол Улсаас хамгийн үнэтэй тасалбараар зорчдог, хамгийн үнэтэй жуулчин ирдэг. Энэ үнэ маш их хөгжлийг боомилж байна. Өрсөлддөг компаниудыг оруулж ирэх хэрэгтэй. Монополоор нь явуулаад байх тийм ч зохимжтой биш
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: МИАТ-ийг мэргэжлийн бус хүн удирдаад хөгжүүлж чадахгүй байна. Хоноцын сэтгэлээр хандаж байна гэх яриаг мэргэжлийнхэн ярих юм билээ. АН2 онгоц үйлдвэрлээд эхнийх нь унасан. Энэ албан ёсны зөвшөөрөлтэй юу? Олон улсын стандартад нийцсэн үү? Энэ асууудал дээр онцгой анхаараад үндэсний агаарын тээврийг хөгжүүлэх чиглэлд ажиллаарай. Үнэ бууруулах боломжтой юм билээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг түшиглээд Англи улстай хамтраад нисэхийн сургууль байгуулах боломж байгаа гэж хараад байна. Энэ талаар яригдаж байгаа асуудлыг судлаарай.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүүлэн: Монгол инженерүүд ОХУ-ын инженерүүдтэй хамтраад АН2 загварын онгоцыг Монголдоо угсарч байгаа гэх мэдээлэл гарсан Энэ зорилгын хувьд зөв зүйл. Хуучин онгоцны мотор хөдөлгүүрийг шинэчилж байгаа юм билээ. Одоогийн байдлаар хоёр онгоц бэлэн болж байгаа гэх мэдээлэл бий. Гэхдээ ямар нэг үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй угсрах бүтээх ажлын эрх аваагүй юм байна гэх мэдээлэл байна. Үүн дээр анхаарч ажиллаарай. Зохиогчийн эрх зөвшөөрлийг нь авах хэрэгтэй. Нэмж онгоц угсрахаас өмнө тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг анхаарч ажиллаарай.
Харин шинэхэн сайд “тийзийн үнийг бууруулахад онцгой анхаарч ажиллана. Үндэсний МИАТ гэдэг компанитай байх юм уу, эсвэл ард иргэд нь хямдралтай зорчих уу гэдгийн уялдаа холбоог нь эргэн харна” гэдгийг дуулгалаа.
Оллоо.мн
URL: