Хүссэндээ хүрлээ, одоо хэлсэндээ хүрэх л үлдлээ дээ, Ерөнхий сайд аа
Эрх баригч намын дунд наадмын дараагаас эхэлсэн улстөрийн драм Засгийн газраа сольсноор одоо л нэг өндөрлөх бололтой. Үүний гол дүр гэгдэж байсан тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх сайн саараар хэлүүлэн, нам, бүлгээ талцуулан байж хүссэндээ хүрч Ерөнхий сайдын танхимаа байгууллаа. Эр хүн зорьсондоо, Браво.
Морин дээрээс улсыг эзлэх амархан, мориноос буугаад төрийг төвхнүүлэхийн зовлон жинхэнэ утгаараа одоо эхэлнэ. Түүнд өсч сэргэж байгаа эдийн засаг өвлөгдөж байгаа ч энэ бол асуудлын ердөө нэг л тал. Хэдийгээр “унаж буй” хүний хатуу үг ч гэлээ Ж.Мөнхбатын хэлсэнчлэн Ерөнхий сайдын зовлон эхэлж, биеийн бус, тархины бяраар хийх алба ийн ирж байна.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө бус харин ч эсрэг шийдвэр гаргасан, том том төслүүдээ хөдөлгөөгүй гэсэн шалтгаанаар огцруулсан.
У.Хүрэлсүхийн хувьд бяртай Засгийн газартай байхын тулд парламентаас Засгийн газраа бүрдүүлж байгаа. Бядтай, бяртай байхаасаа илүүтэй Засгаа тогтвортой байлгах нэг арга нь энэ байсан байх. Сонгуульт хугацаа дуустал Засгаа бөхөлж чадвал бас л нэг боломж. Гэхдээ 100 хувь давхар дээлтэй Засгийн газар байгуулснаар МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 4.1.3-т байгаа “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана” гэсэн заалтаа жинхэнэ утгаараа 100 хувь зөрчиж байгуулагдаж байгаа юм. Өөр аргам боломж байгаагүй байх гээд үүнийг орхъё.
Хамгийн гол нь хэрхэн яаж ажиллах. Тэрбээр намынхаа Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшээд “Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсэж байна” гээд гаргасан шийдвэр нь гагцхүү ард түмний төлөө байдаг Ардын Засаг байх болно гэдгээ илэрхийлсэн. Ардын засаг байх ухагдахууныг тэрбээр “Монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, айх аюулгүй амар амгалан, аз жаргалтай амьдрах учиртай” гэсэн санаагаараа илэрхийлж “Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн ТА байна” гэсэн үгээрээ нотлоод байгаа. Энэ үгэнд чинь мань мэтээс эхлээд итгэж яваа.
Эдийн засагт эерэг өөрчлөлт байгаа ч энэ бол үүлэн чөлөөний нар шиг богинохон, эмзэг байж мэднэ. Учир нь нүүрсний үнийн өсөлт, экспортын хэмжээ нэмэгдсэн ахархан үеийн өгөөж хишиг. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ сүүлийн гурван жилийн дээд түвшиндээ хүрч ирэх 11 дүгээр сард тонн нь 7000 ам доллар давсан үнээр зарагдахаар болж байна. Энэ бол шинэ Засгийн хувьд сайн мэдээ. Ийм бэлээхэн боломж, цаг хугацааны эерэг хандлагуудыг овсгоотой ашиглаж чадвал эдийн засгаа идэвхжүүлэх боломж бий.
Өрийн дарамтыг багасгах, хөнгөлж нимгэлэх нь эх орны эрх ашигт нийцнэ. Ээлж өнгөрөөхийн тулд их хэмжээний зээл авч, зээлээс зээлийн хооронд аргацааж байгаа энэ хандлагыг ор үндсээр нь өөрчилж, эдийн засгийн өөрөө өөрийгөө тэтгэх боломж тогтолцоог бүрдүүлэх нь Засгийн газрын хүлээх үүрэг болно. Үе үеийн эрх баригчдын ярьдаг Баялгийн сан хэмээх хоосон авдарныхаа ёроолд хэд гурван ногоон мөнгө хийж байвал сандарсан цагт аминд орох “шар тос” тэр болно. Газрын баялгийн хувьд Монголтой жишихээргүй хязгаарлагдмал Норвеги улс гэхэд Баялгийн сандаа нэг их наяд ам.долларын хуримтлал үүсгэсэн жишээ байна. Бусдын чадсаныг бид чадах л учиртай.
Ард түмний хүсэн хүлээгээд байгаа нийгмийн шударга ёсыг сэргээх нь энэ Засгийн газрын эн тэргүүний зорилт гэдгээ Ерөнхий сайд нэгэнтээ илэрхийлж байсан нь бий. Энэ шударга ёс л Монголыг Монгол шиг харагдуулж, эцсийн дүндээ эдийн засгаа, иргэдийнхээ амьжиргааг дэмжиж тэтгэх болно.
У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар нэр дэвшээд хэлсэн үгэндээ “Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол та бидэнд цаг алга” гэж хэлсэн үг нийгэмд эрс шинэчлэлт хийнэ гэсэн хүлээлт үүсгээд байгаа нь тодорхой. Харин ямар хүрээнд ямар шинэчлэлт хийх вэ. Энэ талаархи бодлого төлөвлөлт, зорьж зүтгэж байгаа нь юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа ч эерэг хүлээлт эхэлчихсэн явж байгаа.
Шинэ Ерөнхий сайдын авч хэрэгжүүлэх эхний алхам эдийн засгийн өнөө маргаашийн асуудлаас илүүтэй алсаа харсан, тухайлбал, газрын доорхи баялгийн тэгш хуваарилалт, иргэдээ бэлжүүлэх явдал байгаасай гэж харж байна. “Газрын доорхи баялгаа газрын дээрхи баялаг болгох”, Оюутолгойн гэрээ хэлцэлүүдийг Монголын талд ашигтай байдлаар зохицуулах, ерөөс энэ гадныхан орж ирээд ард түмний өмч гэгддэг газрын баялгийг ухаж аваад өврөө түнтийлгээд буцдаг энэ хандлагыг өөрчлөх, Монголын баялаг Монголдоо үлддэг ийм жишгийг тогтоох болов уу гэсэн ард түмний хүсэмжлэл бий.
Оюутолгойн дайтай нөөц бүхий орд гэж яригдаад байгаа Хармагтай, Баянталын ордын лиценз мөн л гадныхны гарт байна.
Эдийн засгийг солонгоруулах, баялгаа ард түмэн нь мэддэг байх, шударга ёсны хуваарилалт, байгаль экологийн доройтол, үндэсний үйлдвэрлэгчдээ дэлхийн зах зээлд гаргах, уул уурхайн бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд нийлүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, Засгийн залгамж чанар гэээд Таны шийдэх ажил мөн ч их байна.
Өнөөдөр Засгийн газар бүрэн бүрэлдэж амжвал Засгийн газрын өргөтөсөн хуралдаан болох тухай мэдээлэл байна. Аливаа ажил эхлэлээсээ. Эхний хуралдаан том өөрчлөлтийн эхлэл байгаасай.
М.Нэргүй
URL: