Өвөлгүй Монгол болох цаг ойртсон уу

Дэлхий дээр жилийн дөрвөн улиралтай, зундаа маш их халдаг, өвөлдөө огцом хүйтэрдэг орон манайхаас өөр байхгүй байх. Бүр тодруулбал зундаа +40 хүртэл халаад, өвөлдөө эргээд -40 хүртэл хөрдөг орон шүү дээ.

Гэтэл сүүлийн жилүүдэд уур амьсгал эрс тэс өөрчлөгдөж, температурын зөрөө улам багасаад байгаа билээ. Энэ нь өнөөх өвөлгүй Монгол болохын дохио юм болов уу. Одоогоос 20-иод жилийн өмнөөс эрдэмтэд 2030 он гэхэд Монголд өвлийн улирал байхгүй болно гэж яриад байсан. Ванга шиг зөгнөсөн юм биш л дээ.

Зүгээр л дэлхийн дулаарлын нөлөөгөөр манай улс ч гэсэн халуун орон болж хувирна гэдгийг тооцоолж, хэлсэн хэрэг. Тэр нь ч одооноос биеллээ олж эхэлж байгаа. Одоогоос 4-5 жилийн өмнө аравдугаар сарын эхээр давхар өмдгүй, хавар, намрын хүрэмтэй явж болдоггүй байлаа.

Болдоггүй юу байх вэ, хөлдөж үхэх шахдаг л байсан байхгүй юу. Гэтэл энэ жил арваннэгдүгээр сарын эхээр гадаа өдөртөө нэмэх градустай байгаа нь сүүлийн жилүүдэд тохиолдоогүй байгалийн үзэгдэл гэж хэлж болно. Мөн өнгөрсөн сарын дундуур бороо орсон нь ч дулаарал ямар төвшинд байгааг илтгэсэн хэрэг. Ойрын өдрүүдэд нийслэлд цас орж, халтиргаа гулгаа үүсгээд байгаа.

Гэтэл зарим хүмүүс, жолооч нар энэ жилийн цасны нойтон, гулгаа ихтэйг гайхаж байна. Гадаа тийм ч дулаангүй байхад хувцас норгомоор нойтон цас орж байгаа нь цаанаа л нэгийг хэлээд байгаа юм. Учрыг лавлахаар цаг уур, шинжлэх ухааны эрдэмтдээс асуухад нарийн учирсаад байх юм хэлсэнгүй. Дулаарлын л нөлөө бололтой юм.

Хэдхэн жилийн өмнө баргийн цастай үед өвлийн дугуйтай машинаар даваа, гүвээг давдаг л байсан тухай жолооч нар ярьсаар. Нийслэлд таксинд явж байгаа нөхдүүд ч гэсэн гадуур явахаасаа халшраад, халтиргаа гулгаа дээд цэгтээ хүрснийг ярьж, шагширч байна. Тэдний хэлж байгаагаар цас ийм их халтиргаатай байсныг үзээгүй гэх.

Энэ бас л дэлхийн дулааралтай холбоотой байлгүй. Хэрвээ энэ байдлаараа дулаараад байвал ирэх жилүүдээс замын хөдөлгөөнд оролцоно гэдэг там болж хувирах нь бололтой. Тэр үед орсон цас бүр ч илүү хайламтгай, гулгамтгай байж таарна. Тааж ядаад байх юм алга. Өдөртөө орсон цас хайлж урсаад, шөнөдөө мөстөж, жинхэнэ гулгаа гэдгийг үүсгэнэ биз дээ. Дээрээс нь цөлжилт гээд дулааралтай холбоотой асуудлууд ар араасаа цувна.

Дулаарах, өвөлгүй Монгол болох яах вэ. 2030 битгий хэл 2020 он гэхэд шинэ жилээ цасгүй тэмдэглэж, хавар, намрын хүрэмтэй гүйлдэж магадгүй. Гэхдээ тэр үед орох сонин цас, цөлжилт гээд асуудлуудтай одооноос л эхэлж тэмцэх хэрэгтэй байна шүү дээ. Ядаж л мод тарьж, цас арилгах машин худалдаж авмаар юм.

Шөнөдөө орсон цасыг үүрээр машинаар түрчихдэг бол дагтаршаад, гулгаа үүсгээд байхгүй шүү дээ. Огт цас ордоггүй болох үе иртэл халтиргаа, гулгаатай тэмцэх л хэрэгтэй. Өөр арга алга. Өнөөдөр ч гадаа сонин цас орохыг үгүйсгэхгүй.

Н.Пунцагболд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих