Нийслэлд гэр нэмж бариулахыг зогсооё

Нийслэлд гэр нэмж бариулмааргүй байна. Яагаад гэхээр утаанаасаа салж чадахгүй байж утаа үйлдвэрлэдэг түүнийг улам цөөлөх хэрэгтэй болжээ. Сүүлийн жилүүдэд нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Утааг бууруулах гэж мөн ч их хөрөнгө мөнгө зарж байгаа нь тодорхой. Утаа яндангаас гардаг. Пийшинд гал түлж байсан тохиолдолд утаа гарч таараа. Тэгэхлээр хотын янданг цөөрүүлбэл утаа багасна гэсэн үг.
Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулахаар 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна. Өнөөдөр нүүдэлчин монголчуудын өргөө цагаан гэр хотын орчинд тохирохоо байсан нь илт, Нэг хашаанд олон жил барьчихсан гэр өнгө зүс, хэлбэр галбиргүй болчихдог. Хичнээн цагаан бүрээс солиод ч нэмэргүй. Хөдөөд малчны цагаан гэр ямар өнгөлөг холоос цайран харагддаг билээ дээ. Тиймээс нийслэлд гэр барьж амьдрах таатай биш болж таарч байна.
Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 50 хүнд гэр олголоо. Утаагаа бууруулах гэж байхад 50 яндан нэмж байгаа нь дүүрэг нь утаа бууруулахын эсрэг тэмцэж байгаатай адил санагдана. Сүүлийн үед иргэдэд гэр олгох нь хавтгайрсан. Утаа бууруулахын эсрэг олон үг хэлж харагддаг нийслэлээс сонгогдсон УИХ -ын гишүүд нь тойргийнхоо иргэдэд тусалж байгаа нэрээр хамгийн олноор гэр олгоод ирсэн байх юм.
Их хурлын гишүүд, дарга нар авдаг юм гээд гэр үйлдвэрлэдэг хэд хэдэн компаниуд бий болсон байна. Гэр олгогдсон хороодын дарга нар ярих нь “Яг үнэнийг хэлэхэд нэг их амьдрал ядуу гэж өргөдөл барьж гүйсэн хүмүүс гэр авчихаад ихэнх нь тэр гэрээ барьдаггүй юм шүү дээ.. Салгаад зарчихсан байдаг юм. Нэг ёсондоо мөнгө л олох арга. Боломжийн хүн гэр авчихсан л байдаг юм. Эсгий авч нэмэрлэх чадваргүй зарим нь дан бүрээстэй гэрийг яаж өвөл барих вэ дээ. Өдий болтлоо орон гэргүй амьдарч байна гэдэг залхуу, арчаагүйнх. Тийм хүмүүст гэр олгоод нэмэргүй л юм билээ дээ.
Газар дээр байдал ийм л байдаг юм” гэж ярьж байсныг санаж байна. Өвлийн энэ улиралд иргэдэд гэр олголоо гэхэд тэд пийшинд нүүрс түлж гэрээ халааж таараа. Тэгэхлээр утааг бууруулах биш улам нэмж байна гэж ойлгож болно. Манайхан нэг сэдсэн юмнаасаа салж чадахгүй түүнийгээ улиг болтол үргэлжлүүлсээр байдаг. Түүний нэг жишээ нь Их хуралд сонгогдсон гишүүд дүүргүүдэд ярайтал өрж байгаад гэр олгож хэвлэл мэдээллээр өөрийгөө сүрхий гэж сурталчилдаг.
Тэр нь нэг ч их ач холбогдолтой юм биш гэдгийг иргэд ухамсарлаад авчээ. Нэгэн үед хот, хөдөөд гэр шиг хэрэгтэй юм байгаагүй байж таараа. Харин манай хөдөөнийхөн гэрийн үнэ цэнэ, чанарыг нарийн мэддэг. Хэн хүний өгсөн гэрийг дугуйлаад барьчих хүмүүс биш гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Цаг үеийнхээ шаардлагаар нийслэлд гэр төдийлөн зохицохгүй болсон нь жил ирэх бүрд ажиглагдаж байна. Манай төрийн түшээд бие биенээ дуурайж гэр олгох моод дэлгэрүүлчихсэн.
Хөдөөгийн иргэдэд хэрэгтэй байх нь тодорхой. Тэр гэр нь дан бүрээстэй, мод нь муу, шалгүй авсан, өгсөн хоёртоо яг таарсан байдаг гэх. Гэрийн үнэ нь 700 мянган төгрөгт багтсан байдаг аж. 2008 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүрэгт 110, Баянголд 140, Чингэлтэйд 90, Хан-Уулд 120, Сонгинохайрханд 80, Баянзүрх дүүрэгт 160 гэр тус тус олгогдсон гэсэн мэдээ байна. Ирэх хаврын сонгуулийн өмнө нийслэлд гэр олноор нь олгож мэднэ. Авахгүй байгаасай билээ.
Нийслэлийн аль бүсэд, хэнд гэр олгохыг хотын холбогдох удирдлагуудаар зөвшөөрүүлдэг баймаар байна. Нүүдэллэгсэд хотын хаяанд гэрээ хатгадаг юм байж. Нэмж дарга нар гэр олгоод байдгаа зогсоох цаг болжээ. Нийслэлийнхнийг гамшигт хүргэсэн утаа гэрийн яндангаас үйлдвэрлэгдэж байгааг хаа хаанаа ухаармаар байна.

Н.Лхагвасүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих