Монголчуудын 30 хувь нь ядууралд өртжээ
Өнөөдөр Олон улсын ядуурлыг бууруулах өдөр тохиож буйтай холбогдуулан Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банктай хамтран “Ядуурлын дүр төрх-2016” ядуурлын тооцооны үр дүнг танилцуулсан юм. Энэ тооцоог өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны судалгаанд үндэслэн хийжээ.
Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин буюу ядуурлын хамралтын хүрээ 29.6 хувь болсон бөгөөд 907.5 мянга орчим хүн ядууралд өртсөн байна. Өөрөөр хэлбэл, 100 хүн тутмын 30 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй байна гэсэн үг юм.
Улаанбаатар хот болон төвийн бүсэд ядуурал хамгийн бага буюу нийт хүн амынх нь 24.8-26.8 хувь нь ядуу байна. Харин баруун, хангай болон зүүн бүсэд ядуурлын хамралтын хүрээ хамгийн өндөр буюу нийт хүн амынх нь 33.6-43.9 хувь нь ядуу байгааг тооцоолжээ.
Улаанбаатар хотод нийт хүн амын 45.2 хувь нь, ядуучуудын 37.8 хувь нь амьдарч буй. Хэдийгээр Улаанбаатар хотод ядуурлын хамралтын хүрээ хамгийн бага буюу 24.8 хувь байгаа ч бусад бүсүүдтэй харьцуулахад хамгийн их ядуучууд буюу 343.1 мянган хүн ядуу амьдарч байна.
“Ядуурлын дүр төрх-2016” судалгааг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: