УЖИГ БОЛСОН УЛААНБААТАРЫН УТАА ЭХЭЛЛЭЭ

utaa-1Жил бүрийн намар, хүйтний эрч чангарахын өмнө Улаанбаатарт утааны асуудал хурцаар хөндөгддөг.  Утааны уршиг иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна, утаа ургийн гажиг үүсгэж эхэллээ гэсэн гашуун мэдээ цацагсаар … Ужиг болсон утаа сүүлдээ улс төр болон хувирч, популистууд жагсаал, цуглааны бамбай болгож эхэлсэн. Жил тутамд улсын төсвөөс олон тэрбумыг хийсгэн оддог ч утаа Улаанбаатарынхнаас мөддөө салж холдохгүй нь тодорхой харагдаж буй.

Энэ сарын 23-нд  Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдах гэж байна. Чуулганы зорилгыг зохион байгуулагч тал эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангах асуудлын хүрээнд нийслэлийн болон хүн ам ихээр төвлөрсөн төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнг дээшлүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрөөс хэрэгжүүлбэл зохих богино, дунд, урт хугацааны бодлого, үйл ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлох, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан иргэдийн “Амьдрах орчны аюулгүй байдал”-ыг хангах чиглэлд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд оршино хэмээн тодорхойлжээ.

Чуулганы хуралдаанаар:

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, төрөөс хэрэгжүүлбэл зохих богино, урт, дунд хугацааны бодлого, үйл ажиллагааг тодорхойлж

-Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд оролцох иргэд, олон нийтийн оролцоог тодорхойлж эцэст нь төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг үр дүнд хүрнэгэж зохион байгуулагчид онцолсон байна.

2000 оноос хойш Улаанбаатар хот утаатай “идэвхитэй” тэмцэж байгаа. Тиймдээ ч жил бүр улсын төсвөөс хөрөнгө гаргаж, хандивлагчдын хөрөнгийг утаанд зориулж ирсэн. Азийн хөгжлийн банкнаас эхлээд утааг судлаагүй байгууллага, бууруулах арга замыг тодорхойлоогүй газар, хөрөнгө хаяагүй хандивлагч гэж бараг үлдээгүй гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй л байх. Гэвч үр дүн гараагүй, харин ч утаа авлигыг дэмжигч, санхүүжүүлэх томоохон эх сурвалж болж ирлээ. Үүний нэг жишээ “Цэвэр агаар” сангийнхний нэр холбогдсон гэмт хэрэг юм. Үйл явдлыг сануулах үүднээс ойрын зургаан жилийн баримтыг сөхөн хөндөж байна. Зөвхөн 2011-2015 онд Улаанбаатарын утаанд 132.5 тэрбум төгрөг зарцуулжээ.

Баримт-1: 2011 онд нийслэлийн Засаг дарга гурван дүүргийн 12 хороонд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, нүүрсэн болон үртсэн шахмал түлшээр айл өрхүүдийг хангах санаачилга гаргажээ. Ингээд 2011-2012 онд “Утаагүй хороо” туршилтын хөтөлбөр хэсэгчлэн хэрэгжүүлж, агаарын бохирдлын голомттой бүсэд амьдардаг өрхүүдэд ийм түлш түгээсэн юм. Гэвч энэ санаачилга удаан үргэлжилээгүй бөгөөд амжилт ч олсонгүй.

Өрхийн хэрэгцээнд шаардлагатай түлшний ердөө 5-10 хувийг шахмал түлш үйлдвэрлэгчид дөнгөн данган нийлүүлж байсан учир уг хөтөлбөрийг бүрмөсөн зогсоосон. Агаарын бохирдлын гол эх үүсвэрүүдийн нэг түүхий нүүрсний хэрэглээг шахмал руу урвуулах чиглэлээр үүнээс хойш цөөнгүй ажил санаачилсан ч мөн л амжилт олсонгүй. Үүнд найман тэрбум төгрөг “хандивласан” байна.

Баримт-2. 2012 онд “Цэвэр агаар” сангаас “Утаагүй зуух” хөтөлбөр хэрэгжүүлж, утаа бага ялгаруулдаг, түлшинд хэмнэлттэй, дулаанаа удаан хадгалдаг гэх “Хас”, “Өлзий”, “Дөл” гэсэн гурван төрлийн зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнэ (29-36 мянган төгрөг)-ээр олгож эхлэв. Улмаар 2014 он гэхэд нийслэлийн гэр хорооллынхны 60 хувь нь, зарим томоохон аймагт үүнийг туршисан.

Өрхүүд сайжруулсан зуух хэрэглэдэг болсноор нийслэлийн агаарын бохирдол 20 хувиар буурсан гэж албаныхан зарласан ч иргэдийн урмыг хугалсан олон асуудал үүссэн билээ. “Дөл” зуухыг буруу галласнаас дэлбэрч гурван иргэн амиа алдсан, гэр бүлээрээ угаартсан тохиолдол гарав. Түүнчлэн хамгийн гол давуу тал болох утаа бага ялгаруулдаг, дулаанаа удаан хадгалдаг чанар нь тийм ч сайн байгаагүй нь иргэдийн урмыг хугалсан юм.

Хөтөлбөрийн нэр барьж, ашиг хонжоо олдог хүн ч олширсон. Энэ шалтгаануудаас үүдэн нийслэлийнхэн “Утаагүй зуух”-наас татгалзаж, хөтөлбөр ч замхрав. Хоёр жилийн настай энэ хөтөлбөрт 17 тэрбум төгрөг зарцуулжээ.

Баримт-3. 2014 онд Нийслэлийн Агаарын чанарын алба, нийслэлийн ЗДТГ-тай хамтран агаарын бохирдол бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж, энэ хүрээнд зургаан дүүргийн гэр хорооллын өрхүүдэд яндангийн утаа шүүгч тараав. Эхний ээлжинд Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандан орчмын 1090 өрх, Чингэлтэй дүүрэгт мөн тооны айлд өгчээ.

Утаатай хамт агаарт ялгардаг дэгдэмхий бодис, хөө тортог, тоосонцрыг 88 хувь шүүдэг гэж албаныхан танилцуулсан энэ төхөөрөмжийг айл бүрт суурилуулбал агаарын бохирдлоос бүрмөсөн ангижрахаар байв. Гэвч эл төсөл ойндоо хүрэлгүй зогссон. Шалтгаан нь, утаа шүүгч үүргээ тийм ч сайн гүйцэтгэдэггүй байж. Энэ бүтэлгүй туршилтад хоёр тэрбум төгрөг хийсгэжээ.

Баримт-4. БНСУ-д үйлдвэрлэсэн, нүүрс цэвэршүүлэгч бодисыг агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг 12 мянга гаруй өрхөд БОНХАЖЯ (хуучнаар)-ныхан 2015 онд туршилт нэрийдлээр бэлэглэв. Энэ нь нүүрсний хорыг шүүдэг учир агаар дахь хорт бодисыг 60 хувиар бууруулах боломжтой хэмээн нийлүүлэгч компанийнхан судалгаандаа дурджээ.

Гэвч эл бодисоор цэвэршүүлсэн нүүрс илчгүй, түргэн асдаг гэсэн гомдол цөөнгүй иргэнээс ирсний үндсэн дээр энэ санаачилга талаар болжээ. Гадаадынхан “Та нар үүнийг туршаад үз” гээд бидэнд цэвэршүүлэгч бодис үнэгүй өгөөгүй нь ойлгомжтой. Ингээд 12 мянган өрх туршсан эл бодист 50 сая төгрөг “идүүлжээ”.

Энэ оноос Улаанбаатарынханд халаадаг зуухыг танилцуулж эхлээд байна. Мэргэжилтнүүд цахилгаанаар ажилладаг 2.5 сая төгрөгийн өртөгтэй төхөөрөмжийг гэр хорооллын 189 мянган өрх хэрэглэдэг болчихвол агаарын бохирдлыг 90 хувиар бууруулах боломжтой гэж үзэж буй. Гэвч утааг бууруулах шидтэй, өндөр үнэтэй төхөөрөмжийг авах иргэд тун цөөхөн байгаа юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих