Төр улсаа дэлхийд шившиглэсэн дипломатуудад хариуцлага тооцьё

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүссэний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ салбарын түүхэн замналаас харвал Монгол Улсын тусгаар тогтнол, гадаад бодлого, үндэсний аюулгүй байдалтай

шууд хамааралтай байснаас гадна жирийн иргэдийн гадаадад ажиллаж, амьдрах эрх чөлөөтэй салшгүй холбоотой байсаар иржээ. Мөн 100 гаруй оронтой дипломат харилцаатайгаас гадна хагас зуугаар тоологдох оронд өргөмжлөлт консултайгаар өргөжиж хөгжиж байна. Нэгэн үе энэ албанд томилогдож байсан дипломатууд харилцааны соёл, хэл ус гээд дипломат ёсонд гаргууд суралцсан хүмүүс байлаа. Тиймээс ч одоогийнх шиг ганцхан оронд биш хоёр, гурван орныг давхар хариуцаж, хавсран томилогддог байсан.

Монголын дипломат албаны ирээдүйг ийнхүү өнгөрсөн цагт бичих болсны гол буруутан нь хувийн шуналдаа хөтлөгдсөн дипломатанцарууд. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд өндөр нэр хүндтэй байсан дипломат албаны нэр хүндийг сүүлийн 20 жилд зарим хүмүүс шалан доогуур ортол навс унагалаа. Яагаад ингэж унасныг судлан үзвэл танил тал, ар өврийн хаалга харж дипломат албаны томилгоо явагддаг болсноос үүдэлтэй. Өмнө нь мэдлэг боловсрол, ажлын чадавхи, чадамж тэр ч байтугай гэр бүлийн байдлыг хүртэл харгалзан үзэж томилдог байсан. Гэтэл одоо аав, ах нарынх нь аль нэг нь том дарга уу гэдгийг харж, дипломат албанд томилдог болсон.

Тиймдээ ч дэлхийн улс орнуудад Монгол Улсын байр суурийг илэрхийлж байх ёстой дипломатууд ямар албан тушаал хашиж байгаагаа ухаарахаа больсон. Товчхон хэлэхэд дипломат гэсэн том нэрийн дор гэмт хэрэгтнүүд нуугдах болж. Тиймдээ ч хоёр улсын харилцааг хөгжүүлэх даалгавар авсан дипломат хүн харин ч эсрэгээрээ сэв суулгаж байна. Энэ бүхнийг өдөр бүр сонсож, харж суугаа Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд Т.Занданшатар нар дипломат ажилтныг томилохдоо айлын олон боловсролтой хүүхдүүдээс адгийн мууг нь сонгодгоо болих цаг болжээ.

Гадаадад суух элчин сайдаар томилогдох гээд Улсын их хурлын гишүүд эрээ цээргүй хэрэлдэж байгааг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах болсон. 2000 оноос хойших парламентын гишүүдэд суудлаасаа буусан л бол аль нэг оронд элчингээр очихсон гэх “өвчин” тусчээ. Түүнээс өмнөх парламентын гишүүд аймгийн Засаг дарга хүртэл хийгээд энгийн сайхан амьдарч болж л байна. Саяхан л гэхэд Кубын элчин сайдыг томиллоо. Энэ томилгоонд Монголын жирийн иргэд сэтгэл дундуур байна. Мэдлэг боловсролтой хүмүүс дор нь ажиллаж, муу бүхэнд барьдаг мод нь болж байхад, чадваргүй нэг нь дээр нь гарчихаад дэвсэлж суухад Монгол Улсын дипломат албаны нэр хүнд өндөрт байна гэж хэзээ ч байхгүй.

Сүүлийн хэдхэн жилд хар тамхины хэрэгт орооцолдож, гэмт хэрэгтэн болсон дипломатчинцаруудтай танилцья.
Ц.ЦОЛМОН- Гадаад хэргийн дэд сайд асан. 1998-2001 онд ОХУ-д Элчин сайдаар сууж байхдаа тамхины наймааг анх зохион байгуулалтад оруулсан хүний нэг гэгддэг. Одоо МҮАН-ын дэд даргын албыг хашдаг.
АЛТАНСАЙХАН- ГХЯ-нд дипломат ажилтнаар ажиллаж байхдаа ХБНГУ-д тамхины наймаа эрхэлж байгаад 2001 онд баригдсан. Ажлаасаа халагдсан, хувиараа бизнес эрхэлдэг.
С.ЭРДЭНЭЭ- Монгол Улсаас Австри улсад суугаа ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан. Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууны дотны анд. ХБНГУ-д тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр 2002 онд саатуулагдан, тус улсын хууль хяналтынхан нэг хэсэг хорьж байгаад сулласан. Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж буй.

БАЯЛАГ-ЭРДЭМ- Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд атташегаар 2002 онд ажиллаж байхдаа Английн хилээр их хэмжээний тамхи хууль бусаар оруулж байгаад баригдсан. Ажлаасаа халагдсан.
БАЯРХҮҮ- Бельги дэх Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Англид 2003 онд тамхины наймаа хийж явахад нь саатуулсан.
ЦЭРЭНСОДНОМ- Унгарт суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа тамхины наймааны хэргээр 2003 онд саатуулагдсан. Ажлаасаа халагдаж, хувиараа бизнес эрхэлж байгаа.
Д.ШАТАРБАЛ- БНБУ-д суугаа Монгол Улсын ЭСЯны зөвлөхөөр ажиллаж байхдаа их хэмжээний хар тамхийг дипломат дугаартай машинаараа тээвэрлэж явахад нь тус улсын тусгай албаныхан баривчилсан. Тамхины хууль бус наймаанд холбогдон шүүхээс ял шийтгүүлсэн ганц дипломатч. Шүүхээс түүнд найман жилийн хорих ял ногдуулсан, ял эдэлж байгаад гарсан.

“БОЛГАР” ХЭМЭЭХ ГАНБОЛД- Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын орлогч даргаар ажиллаж байсан. БНБУ-д суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байхаасаа эхлэн тамхины наймаа хийсэн гэдэг. ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд Элчин зөвлөх байхдаа эхнэр Сэлэнгийн хамт тамхины наймаа хийж яваад 2005 онд ХБНГУ-д баривчлагдсан. Одоо хувиараа аж ахуй эрхэлдэг.
Б.ДАВААДОРЖ- Тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр шалгагдаж байсан. “Монгол Улсын Элчин сайдын яамны дипломат дугаартай машинаа алдсан” гэж тухайн үед мэдүүлж байжээ. Хэрэгт холбогдуулан шалгах үед алдсан гээд байсан машин нь гэнэт олдсон. Албаны машинаа тамхины наймаачдад ашиглуулж байсан хэмээн түүнийг сэжиглэдэг. Одоо ХБНГУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд.
Х.БЭХБАТ – Женевт Элчин сайдаар сууж байхдаа тамхины хууль бус наймаанд оролцсон хэргээр нэг хэсэг шалгуулсан. Одоо Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд.

Д.ДАЛАЙЖАРГАЛ- Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууны хүн гэгддэг. Түүний туслахаар ажиллаж байгаад дипломат албанд шилжсэн. Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байхдаа их хэмжээний тамхийг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Одоо БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг.
Х.БОЛДБААТАР- Беларусийн Брестэд сууж байсан Монгол Улсын консул. Польшид тамхины хууль наймаа эрхлэгч Цэвэгмид гэдэг хүнийг шүүхээс батлан даалтаар авч, оргуулсан хэргээр тус улсад саатуулагдсан. Тус улсын Люблин мужийн хууль хяналтын байгууллагаас консул Х.Болдбаатарыг дээрх хууль бус наймаачинтай холбоотой хэмээн сэжиглэж, саатуулсан байна.
Б.САНЖМЯТАВ- Франц дахь ЭСЯ-ны Элчин зөвлөхийн алба хашиж байсан. Хууль бус наймаа хийсэн хэргээр 2006 онд Польшт (Шалгагдаж байсан. Одоо ажилгүй байгаа.
С.ЦОГГЭРЭЛ- Мэргэжлийн тагнуулч, ТЕГ-ын Гадаад тагнуулын газрын даргаар ажиллаж байгаад дипломат албанд шилжсэн. ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа тамхины хэрэгт сэжиглэгдэж байсан ч гэмгүй хоцорсон. Одоо Чех улсад Элчин сайд.

А.БААТАРЦОГТ- Хошууч генерал. ХХЕГ-т ажиллаж байгаад ОХУ-д суугаа ЭСЯ-нд хилийн төлөөлөгчөөр сууж байсан. Тамхины хэрэгт гардан оролцоогүй ч түүний албан өрөөнд байсан төмөр шүүгээнээс 250 гаруй мянган ам.доллар алдагдсаныг дээрх хууль бус наймааны мөнгө хэмээн сэжиглэж байсан. Одоо ОХУ-ын Эрхүү хотод консулаар суудаг.
ЭНХБАТ- ХБНГУ-д их хэмжээний тамхи авч яваад баригдсан. Дипломат албанд ажилладаггүй хэрнээ дипломат паспорттай явж байсан гэдэг. Эхнэр Нархажид нь тухайн үед Япон дахь ЭСЯ-нд ажиллаж байжээ.
Г.ДАШДАВАА- БНБУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Эхнэрийн хамт тамхины наймаа хийсэн хэрэгт сэжиглэгдэж байжээ. Дипломат апбанаасаа гарсан.
А.БАТСАЙХАН- ОХУ дахь Монголын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2003-2007 онд Монгол Улсаас Польшид суух Элчин сайдын яаманд түр хамаарагчаар ажиллаж байхдаа хууль бус тамхины наймаа хийж байсан шалтгаанаар одоо Польш улсад саатуулагдаад байгаа.

Монголын дипломат гэсэн нэрийг гутаасан 20 орчим хүн ийнхүү гадны орнуудын хар дансанд оржээ. Энэ жагсаалтыг харсан ямар ч хүнд эмзэглэх сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Бүр хайран сайхан эх орны минь нэр хүнд гэж халаглах ч багадна. Улсын хөрөнгө, дээр нь өндөр цалингаар гадны оронд тансаглачихаад тэр нь багадаж дэлхийн сүлжээний бизнестэй орооцолдсоныг нь шунал гэж тайлбарлахаас өөр яах ч билээ. Дэлхийн орнуудын гэмт хэрэгтнүүдийн жагсаалтанд орж, Монгол гэх нэрийг сэвтээсэн гарууд дипломат албанаас татгалзсан болов уу, гэтэл үгүй. Дипломат дугаартай машиныг тамхины наймаачдад ашиглуулж байсан Б.Даваадорж гэхэд ХБНГУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдаар өнөөдөр ч ажиллаж байна. Х.Бэхбат ч мөн ялгаагүй. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдыг албыг хашдаг бол С.Цоггэрэл Чех улсад Элчин сайд, А.Баатарцогт ОХУ-ын Эрхүү хотод консулаар суудаг.

Эднээс өөр дипломатч Монгол Улсад байдаггүй юм байх даа гэсэн бодол төрснийг нуух юун. Үнэхээр ч Монгол Улсын нэр хүндийг уландаа гишгэж, хувийн шуналдаа хөтлөгдсөн хүнээр дахин эх орныхоо нэрийн өмнөөс томилж байгааг аргаа барсан гэхээс ч өөр юу гэх билээ дээ. Энэ бүхнээс харахад Монголын дипломат алба хар тамхины сүлжээ шиг албан тушаалын сүлжээ болсон нь харагдаж байгаа юм. Хэн нэг хамаатан нь дарга бол ямар ч муу муухай зүйл хийсэн хэзээ ч албан тушаалаас мултардаггүй. Шуугиан нь намжиж амжаагүй байгаа А.Батсайхан л гэхэд Н.Багабандийн хүргэн. С.Эрдэнээ Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууны дотны анд гэнэ. Саяхан АНУ-ын Сан-Францискод томилогдсон консул Н.Анхбаяр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү юм байна. Яагаад заавал Н.Багабанди, Ц.Нямдоржийн хүү, хүргэн байх ёстой юм бэ. Жирийн нэг малчны хүүхэд дипломат ажилтан болж, Монгол Улсын 2.7 сая хүнийг төлөөлж сууж болдоггүй юм уу.

Европын холбооны мэргэжилтэн хүнд англи, франц, португал хэлтэй байх шаардлага тавьдаг. Зөвхөн мэргэжилтэн болохын тулд энэ шаардлагыг хангасан хүмүүс тэнд очдог. Гэтэл бүхэл бүтэн улсыг төлөөлж яваа дипломат хүнд наад захын хэл ус, харилцаа, мэддэг боловсролын шаардлага тавих нь зүйн хэрэг биз дээ. Унгар улсад Унгар хэлгүй хүнийг явуулж байгаа нь улсынхаа нэрийг гутаагчийг илгээлээ л гэсэн үг. Японд суух элчин сайддаа Солонгос, Япон, Англи хэл мэддэг байх ёстой гэсэн шаардлагыг тавья. Зөвхөн англи хэлтэй л бол ничего гэдэг тэнэг сэтгэлгээнээсээ салахгүй бол гадны орнуудад Монгол Улсын нэр хүнд хэзээ ч эргэж сэхэхгүйгээр унахыг ч үгүйсгэхгүй.

Хэн нэг дарга цэргийн хүүг биш жирийн нэг монгол аавын эрдэм мэдлэгтэй хүүгээр гадаад дахь эх орныхоо газар нутгийг хамгаалуулъя. Улс төрч эсвэл түүний үр хүүхэд, хамаатан садан нь л дипломат болж, эх орны нэр гутаадаг энэ цаг үеийг шинэчилье. Шуналаасаа болж эх орны минь нэр хүндийг гутаасан дипломат ажилтан гэх нэр зүүсэн гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцож, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цэвэрлэе.

В.Хэрлэн

ubtimes


URL:

Сэтгэгдэл бичих