Б.Наранхүүгийн мэдлийн “Дүнжингарав” худалдааны төвийн эзэмшил газарт 4 хүүхэд амиа алджээ

12012

УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн эзэмшлийн “Дүнжингарав” худалдааны төв анх байгуулагдсан цагаасаа л хэл ам маргаан дагуулсаар ирсэн. Тэр хэзээнээс л нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний гадна дархан эрхтэй явж ирсний нэг баталгаа нь энэ Дүнжингарав худалдааны төв юм.  Учир нь энэ худалдааны төв нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр дээр хууль бусаар баригдсан төдийгүй үүний улмаас хэд хэдэн худгийг шилжүүлсэн гэх  яриа байдаг.

Хэл ам болж хэдэн жил жил нар салхинд онгож гандан байж арайхийж ашиглалтад орсон тус худалдааны төв үүд хаалгаа нээгээд тав дахь намартайгаа золгож байна.  Харамсалтай нь  тус худалдааны төв  энэ хугацаанд дөрвөн хүүхдийн амийг авч одсон тухай аймшигтай мэдээлэл байна. Тодруулбал, “Дүнжингарав” худалдааны төвийн эзэмшиж буй газарт их хэмжээний ус тогтоод 4-5 жил болжээ. Энэ хугацаанд тус худалдааны төвийнхөн тэрхүү газартаа хамгаалалт, хашаа ч бариагүй, аль эсвэл шороо асгаж тэгшлээгүйн улмаас гурван удаагийн тохиолдлоор бага насны дөрвөн хүүхэд тэр усанд эндсэн байна. Хамгийн сүүлийн харамсалтай хэрэг  өнгөрсөн зургадугаар сард гарсан гэдгийг тэр хавийн оршин суугчид хэллээ. Түүнчлэн амиа алдсан дөрвөн хүүхдийн хоёр нь төрсөн ах дүүс байжээ.

Гэвч уг хэргүүдийг золгүй байдал хэмээн хааж, хүүхдүүд амиа алдсан хэрэгт  хэн ч буруугүй болж хувирчээ. Эзэмшил газарт нь ингэж эрдэнэт хүний амь, тэр дундаа гэнэн цагаан бага насны хүүхдүүдийн амь насаа алдаж байгааг мэдсээр байсан хэрнээ хамгаалах, аюулгүй болгох талаар тэрбээр ямар ч арга хэмжээ авсангүй. Зүй нь энэ бүхний хариуцах эзэн нь Б.Наранхүү. Уг нь эхний ийм золгүй тохиолдлоос сануулга сургамж авч энэ асуудалд хариуцлагатай хандах учиртай байв.  Харамсалтай нь тэр ингэсэнгүй, мөнгөтэй хүний бардамналаар бүхнийг аргалж болдог гэсэн итгэл үнэмшлээрээ асуудалд хайнга хандсан нь хүүхдийн амь нас дахин эндэх шалтгаан болжээ.  Ёстой нөгөө ирж л байдаг, явж л байдаг гэдэг шиг байдлаар ханддаг бололтой.  Юмандаа эзэн байх чадвар гэдэг арай л өөр байлтай сан.  Ядаж л орчин тойрныхоо аюулгүй байдлыг хангаж байх учиртай биш үү.

Үүнийг хянадаг шалгадаг, шийддэг байгууллага ч хүний амь нас ингэж эндээд байгаад хариуцлагатай хандаж чадсангүй.

 Талийгаач ах дүүсийн аав Т хүүхдүүдээ усанд живж амиа алдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, мөн тус газрыг харуул хамгаалалт, хашаа бариулахад анхаарах талаар дүүрэгтээ өргөдөл гаргаж байсан ч үр дүнд хүрээгүй юм байна. Харин хүүхдүүд нь амиа алдсан хэргийг золгүй байдал хэмээн хааж, энэ хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүйд ихэд гомдолтой байгаагаа илэрхийллээ.

 “Дүнжингарав” худалдааны төв нийт 155 га газартай 260 мянган м2 талбай бүхий бүх төрлийн хүнс, барааны бөөний болон жижиглэнгийн худалдаа, гаалийн баталгаат агуулах терминалын байгууламж, нийт 35 мянган авто машины зогсоол, 5000 хүнд нэгэн зэрэг үйлчлэх хүчин чадалтай олон үндэстний хоолны ресторан, конференц заал, үзвэр үйлчилгээний газартай.

 Гэвч хууль зөрчин усны ундарга дээр барьсан “Дүнжингарав” худалдааны төвийг барьсан Б.Наранхүүд хэн, хэзээ, ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуултад хариулах хүн Монголд алга. Магадгүй Б.Наранхүү гишүүн ч Монголд алга бололтой. Тэр төрөлх аймгийнхаа иргэдийн итгэлийг авч  сонгогдсон ч одоо үндсэн үүрэгт ажлаа хийхгүй, сонгогчид нь “Хаана яваа бол доо, тэр минь” гэж асуух үлдээд байна. УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон хэрнээ эрхэм гишүүний чуулганы хуралдаа суусан хугацааг тоолж үзвэл гарын арван хуруунд багтах байх. Тиймээс эхний ээлжинд хууль тогтоох ажлаа хий. Хоёрдугаарт, асуудал дагуулсан “Дүнжингарав”-ынхаа хууль зөрчсөн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болоод байна.

  Жирийн нэгэн иргэн хашааны газрын зөвшөөрлөө авч чадахгүй байхад усны ундарга дээр барилга байгууламж барьж нийслэлийн нийт  хүн амын эрх ашгийг хохироогоод явж байна. Үүнийх нь төлөө бид дуугүй байх, тэр тийм дархан эрхтэй хүн үү.

 Түүгээр ч үл барам дөрвөн ч хүүхдийн амийг авч одчихоод байхад эдгээр асуудлуудыг нам дарж өөрт хамаагүй мэтээр харж суугаа нь ариун явдал мөн үү, Б.Наранхүү гишүүн ээ.


URL:

Сэтгэгдэл бичих